Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Волунтийр – Казино

Би волунтийр ажил
хийх болсоор хэдэн сар өнгөрч байна. Дөнгөж гучин хэдэн настайдаа зүрх
нь зогсох шахаж, үхэхийн даваан дээр амь мултарсан найзыгаа бодон
Зүрхний Санд волунтийр хийх өргөдлөө өгсөн боловч тэд хариу өгөхөөс өмнө
өөр газар намайг дуудах болов. Энэ нь орлого багатай айлуудад янз
бүрийн хэлбэрээр тусалдаг, ашгийн бус байгууллага юм. Энэ байгууллагын
үйл ажиллагаанаас танилцуулбал: үнэгүй цэцэрлэг, тогоочийн дамжаа
ажиллуулах, ажил олоход туслах, гэр бүл, эцэг эх, үр хүүхдийн хоорондох
зөрчилдөөнийг зөвлөлгөө өгөх журмаар зохицуулах, вакцинжүүлэлт, үнэгүй
байранд амьдрах эсвэл улсаас тэтгэлэг авахад хэрэгтэй бичиг баримтыг
бүрдүүлэхэд туслах, татвар бодох, үйл ажиллаагаагаа явуулах хөрөнгийн
сан бүрдүүлэх зэрэг болно.

Миний
хийдэг ажил бол орлого багатай иргэдийн татвар, нөхөн олголтыг үнэгүй
бодож өгөх ажил юм. Канад, татварын систем маш хүчтэй хөгжсөн улс бөгөөд
улсын нийт орлогын жар гаруй хувийг зөвхөн хүн амын орлогын татвараас
олдог. Эндхийн оршин суугч бүр орлогын татвар төлөхөөс гадна бараа,
үйлчилгээний татвар мөн төлдөг.

Энэ
байгууллагад хандаж буй хүмүүс бага орлоготой тул ихэнх нь орлогын
татвар төлдөггүй, эсвэл тэд ажиллах хугацаандаа албан байгууллагаараа
дамжуулан улсад татвар төлсөн бол жилийн эцэст түүнийхээ тодорхой хувийг
буцаан авдаг. Мөн элдэв бараа, үйлчилгээнд төлсөн татварыг нь жилийн
эцэст төр буцаан олгодог болно. Миний хийх ажил бол иргэдийн материалыг
хүлээн авч, шалган, татварын зохих програм ашиглан Үндэсний Орлогын Төвд
“илгээх” болно. Татварыг нь бодсоны дараа, үйлчлүүлэгч бүр хэдэн доллар
улсаас авахаа тэсэн ядан асууна. Зарим нь ихэд баярлаж, бараг л би тэр
мөнгийг өөрийн карманаас гаргаж өгч байгаа юм шиг сүйд болдогсон. Ажил,
сургуулийн заваараа долоо хоногт 3-8 цаг би тэр байгууллагад үнэгүй
ажилладаг. Нэгэн өдөр Сомалийн уугуул гэр бүлийн хоёр ирж үйлчлүүлсэн
юм. Төрсөн он сарыг нь харвал хоёулаа нэг сарын нэгэнд төрсөн байх юм.
“Ямар ховор тохиолдол вэ” хэмээн би уулга алдвал “Бид төрсөн он сараа
мэдэхгүй тул ийм өдөр сонгосон юм” гэж билээ. Дайны хөлөөс дайжиж, урваж
дүрвэж, цагаачилж ирсэн гадныхан бас улсын хэдэн төгрөг “тогшчихоод”
амарлингуй суудаг, цагаан гартай “цагаанууд” хүртэл үйлчлүүлнэ. Миний
хийдэг ажил уг нь их амархан, тэр тусмаа орлого багатай хүмүүсийн хувьд
олон янзын бүрдүүлээд байх бичиг баримт цөөхөн тул хэдэн дугаар
компьютерт хийхэд л бараг болчихдог юм.

Өнгөрсөн
амралтын өдөр, нөгөө байгууллага маань казинод болох мөнгөн сан
бүрдүүлэх үйл ажиллагаанд туслаач гэж хүсэв. Би ч дуртай гэгч нь
зөвшөөрлөө. “Банк барих уу?” гэж асуухад нь би “За” л гэлээ. Ямар
байдлаар мөнгөн хуримтлал бий болгох гэж буйг нь мэдэхгүй байсан тул
бодвол хүмүүсийн хандивласан мөнгийг нь би тоолох, хянах юм шиг
бодолтойгоор заасан казинод явж очлоо. Ер нь анх удаад казинод хөлөө
тавьж байгаа минь тэр. Нүд эрээлжлэм олон янзын тоглоом, ширээ,
үйчлүүлэгч, үйлчлэгчдийн дундуур харгалзагчийн хамт явж, давхар хаалга
бүхий өрөөнд явж орлоо. Тэр хэсгийн дарга бололтой нэгэн хүүхэн надад
миний нэр бас баар код бүхий дугаар өглөө. Тэгснээ “Танай кассчин чинь
ирэхээс өмнө урьд шөнийн мөнгөө тоолъёо” хэмээн боодолтой мөнгө сейфнээс
гаргаж ирэв. Би ер нь ямар ажил хийх гэж ирснээ мэдэхгүй байсан тул
тийм их мөнгө хараад гайхаж орхив. Миний үүрэг бол өөрийн кодоо
компьютерт уншуулж, машинаар тоолсон мөнгөний нийт дүнг компьютерт
оруулах бололтой. Дараа нь байгаа бүх жетоны тоолж, компьютерт оруулав.
Удалгүй хоёр кассчин ирэв. Тэр хоёр ч бас өөр өөрийн баар кодтой болов.
Би яахав дээ банк барьж байгаа хүн тул кассчин тус бүрд гуч гаруй мянган
доллар тоолоод, кодоороо уншуулаад л өгчихөв.

Тун удалгүй
компьютер “Дүн дүн дүн” хэмээн орилов. “Захиалга ирж байна, энэ бол
чиний хоёр дахь ажил” гэж нөгөө дарга хүүхэн хэлэв. Зааланд байгаа
ширээнүүдээс жетоны захиалга ирж байгаа нь тэр гэнэ. Жетон чинь бас л
доллар тул захиалгын дагуу намайг дуудаж хэлэхэд, хоёр дахь хүүхэн миний
хэлсний дагуу жетон бэлдэн, жетон зөөгчид /бас л волунтийр ажилчид/
дамжуулав. Жетон зөөгчид, захиалсан ширээнд очиж, бүгдийг нь хүлээлгэн
өгөх цаг, мөч компьютерт гарч байв.

Үдийн
дунд казино тоглогчдын тоо ихэсч, зарим нэг нь хожлын мөнгөө авч
эхэллээ. Хоёр кассчин маань жетоны дагуу мөнгийг нь өгөх юм, хэрэв
мянгаас дээш доллар төлөх бол би “Монитор” өрөө үрүү утасдаж, кассчны
дугаарыг мөнгөн дүнгийн хамт хэлнэ. Монитор өрөөнийхөн камераа кассчин
дээр шилжүүлдэг бололтой.

За, миний
ажил нэг иймэрхүү бололтой – кассчины мөнгө багасах үед дахин нэмж өгөх,
жетоны захиалга ирвэл, захиалгыг гүйцэтгэж, ширээндээ очиж буйг хянах,
монитор өрөө үрүү үе үе утасдах гэх мэт.

Би
яагаад ч юм, өөр ажил, өөрөөр хэлбэл, орлогo багатай өрхүүдэд тусалдаг
байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, казинод тоглохоор ирэгсдээс
мөнгө “гуйх” ажил хийх юм байна гэж бодож байсан тул үнэнгээсээ банк
бариад байгаа ч юм шиг ажил хийж байгаадаа их гайхширсан. Бас мань
мэтийн волунтийр ажилчид казинод орж гарч буй мөнгийг хараад зогсож
байгаа нь сонин байлаа. Казиногийн мөнгө их эргэлддэг хэсгийг байнгын
тогтмол бус явуулын волунтийр ажилчдаар хийлгэдэг нь бодлогын чанартай
юм байна гэдгийг ойлгов. Волунтийр ажилчдаа казино өөрөө шалгаруулж
авахгүйн үүднээс казиногоос хандив гуйгч байгууллагуудыг сүйхээтэй
ашигладаг юм байна. Бид тэнд ажиллана, бидэнд өгөх цалинг казино, манай
тусламжийн байгууллагад “төлнө”. Бид волунтийр ажилчид тул цалин маань
манай байгууллагын хувьд ч, казиногийн хувьд ч хандив болж хувирна. Ямар
ч байсан манай тусламжийн байгууллагад 70 мянга орчим доллар бидний
хоёр өдрийн ажлаас ирэх болсон. Урамтай байна аа.

http://effort-destiny.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж