22:00 цаг. Төрийн ордон. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.
10 дугаар сарын 24-ний оройн 22 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийлээ.
10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна.
Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна.
Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байна.
Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгалаа.
Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байна. Ийм учраас иргэд та бүхэнд очих аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.
18.00 цаг. Төрийн ордон.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр / 2014.10.24 / УИХ-ын гишүүдийн утаснаас мессеж ирүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг "Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр тойргийн сонгогчдод болон нийтэд тараасан үйлдэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ. Иймд Улсын Их Хурлын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохоо мэдэгдлээ.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Энэ бүхнийг ямар нэг захиалгат үйлдэл гэж үзвэл УИХ, Засгийн газар аюулгүй байдалд байж чадаж байгаа юу гэдэг асуудлыг сөхөж байх шиг байна. УИХ энэ асуудалд хэр хурдан хандаж, эзэн холбогдогчийг илрүүлж чадах вэ?
-Энэ үйлдэл гарсны дараа УИх-ын дарга З.Энхболд ТЕГ-т үүрэг өгч, энэ асуудлыг шалгахыг даалгасан. Мөн өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар үүрэг өгчихсөн байгаа. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж, асуудлыг шалгаж тогтооно. Зөвхөн УИХ-ын гишүүний биш жирийн иргэний утасны дугаарыг ашиглаад ийм асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Өнөөдөр "Мобиком"-оос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гадны нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна.
-Энэ асуудалд хэн нэгэн буруутан тогтоогдсон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
-Энэ асуудал энэ талаасаа хууль тогтоох байгууллагад шууд халдаж байна, нөгөө талаасаа үндэсний аюулгүй байдалд бас халдаж байгаа хэрэг болж байна. Хууль хяналтын байгууллагууд эзэн холбогдогчийг нь тогтоосны дараа ямар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн болон бусад хууль тогтоомжоор шийдэгдээд явна.
С.ОТГОН
16.00 цаг. Тагнуулын ерөнхий газар:
Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ж.Буяндалай.
УИХ-ын гишүүдийн утасны дугаараас мессеж явуулсан үйлдэл гарсан тухай мэдээлэл өнөөдөр олон нийтэд цацагдаж, энэ талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.
Тухайлбал, Тагнуулын ерөнхий газар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, улс төрийн зохион байгуулалттай байж болзошгүй энэхүү үйлдлийг нарийвчлан шалгахаа мэдэгдэв.
Видео мэдээллийг үзэх:
14:30 цаг: Мобиком групп.
УИХ-ын чуулганы хуралдаан дээр яригдаж, өнөөдрийн хамгийн дуулиант сэдэв болоод байгаа энэ асуудлаар Мобиком групп дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, “Мобиком” группийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
……….1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү…" гэх мессеж УИХ-ын гишүүдийн дугаараас иргэдийн утсанд ирсэн асуудал шуугиан тариад байна.
Гишүүдийн зүшээс ийм мессеж бичээгүй гэдгээ илэрхийлж, гишүүний бүрэн эрхэд халдсан ноцтой асуудал гэж үзэж буйгаа мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ асуудлаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өгсөн мэдээллээр бол, тус компанийн инженер техникийн ажилтнууд хаанаас дээрх мессежийг илгээсэн болохыг тогтоосон бөгөөд Румын улсын "Водафон" үүрэн операторын сүлжээнээс ирсэн нь тогтоогдсон байна. Мөн UNITEL-ийн хэрэглэгчийн дугаараас ирсэн мессежийг "Мальта" улсаас илгээсэн гэв. Тиймээс дээрх хоёр улсаас манай үүрэн операторуудад руу илгээх бүх хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж.
"Улс төрийн зохион байгуулалттай гэж харж болох энэхүү хууль бус ажиллагааг Румын болон Мальта улс дахь хэн нэгэн хэрэглэгч зарим гар утас үйлдвэрлэгчдийн сул талыг ашиглан, компьютерийн ямар нэг программаар дамжуулан, өөр дугаараас илгээж байгаа мэтээр харагдуулсан байх магадлалтай" талаар "Мобиком" корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэллээ. "Дугаараа нууцлан, мессеж илгээх олон үйлчилгээ байдгийг Монгол Улсад хэн нэгэн зориудаар ашиглаж байна" гэж тус компани үзэж байгаа аж.
"Мобиком" корпорациас хийсэн мэдээлэл /Видео үзэх/
Одоогийн байдлаар Монгол Улсын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглан, мессеж илгээснийг тогтоогоод байгаа ч хэдэн хүнд уг мессеж хүрснийг тодруулаагүй байна. Тиймээс Румын улсын "Водафон" үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Энэ үйл явдалд "Мобиком" корпораци өөрсдийгөө буруутгахгүй байгаа бөгөөд "Хэн нэгний нэрийг ашиглаж, залилан хийсэнтэй адилхан зүйл боллоо" гэж тайлбарлаж байна.
С.ОТГОН
УИХ өнөөдөр Төмөр замын талаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэж, 84 хувийн саналаар баталлаа. Олон сар жил яригдсан Төмөр замын асуудал ийн нэг тийш шийдэгдэх нь тодорхой болов.
Гэхдээ улс төр, сошиал ертөнц, хэвлэл мэдээллийнхэн яг одоогоор Төмөр зам, өргөн-нарийн царигийн сонирхлоо түр орхиж, УИХ-ын гишүүдэд өөрийнх нь дугаараас өөрт нь мессеж ирсэн, гишүүдийн утасны дугаараас тойргийнх нь сонгогчдод SMS “ниссэн” гэх дуулиан руу шилжлээ. Гишүүдийн өмнөөс мессеж бичлээ гэх энэ дуулиан Төмөр замын асуудал хэлэлцэж байх үетэй давхацсан юм.
Үдээс өмнөх чуулганы хуралдааны дундуур УИХ-ын гишүүн А.Бакей утсан харилцаанд асуудал гарч, өөрийнх нь өмнөөс бусад руу мессеж ирсэн талаар ярьснаар энэ асуудал сөхөгдсөн юм. Тэрээр “Миний утсаар, миний тойргийн гишүүдэд зүй бус бүдүүлэг мессеж илгээсэн байна. Мобикомын утасны дугаартай, нэр бүхий хэдэн гишүүний өмнөөс мессеж илгээсэн байна. Энэ бол хүний эрхэд, хууль тогтоогч гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. УИХ-ын гишүүний утаснаас хүртэл өмнөөс нь мессеж бичиж болж байгаа юм бол жирийн иргэдийн утсан харилцаа юу болж байх билээ. Мобикомын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж байна уу. УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхтэй. Би ч өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Иймд энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, “Миний утаснаас над руу мессеж ирсэн. Би Тагнуулын Ерөнхий газрын Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн. Хүний утаснаас мессеж бичдэг зүйл байгаа бол том асуудал байна. Үүнийг олж тогтоо гэх үүрэг өгсөн” гэж мэдэгдээд байна.
УИХ-ын гишүүн А.Бакей үйл явдлаар талаар ингэж ярив /Видео үзэх/.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессеж бичин, олон нийтэд тарааж буй үзэгдэл Төрийн ордонд дуулиан дэгдээж, эзэнгүй SMS-т УИХ-ын даргаас эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо анхаарал тавьж эхэллээ. Нэгэнт сөхөгдсөн асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн нилээд нь өөрсдөд нь ийм зүйл тохиолдож байсан талаар ярьж, хэлж, жиргэж эхлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын утсанд өөрийнх нь дугаараас хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбоотой худал мессежийг илгээсэн байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Таны өмнөөс ямар ч хувийн зорилгоор хэн ч мессеж бичиж болох нь” гэж бичжээ.
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “76 гишүүний өмнөөс мессеж бичсэн байна. Мобиком яагаад миний эрхэнд халдаад байна вэ” хэмээн жиргэжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Бусдын утасны дугаараас бусдад мэссэж бичээд байгаа энэ зүйл хавар намайг хар тамхины хэрэгтэй холбох гэсэнтэй адил технолог харагдаад байна" гэж жиргээд байна.
Ямартай ч энэ асуудалд "хардагдаж" эхлээд байгаа “Мобиком” компани ч дөнгөж сая олон нийтэд мэдээлэл хийхээр хэвлэлийн хурал зарлалаа.
Үнэхээр бусдын утасны дугаар руу ийм байдлаар мессеж /SMS/ илгээх боломж бий юу?
Энэ талаар цахим сайтуудтай холбоотой товч мэдээлэл хүргэе.
Интернэтэд суурилсан үнэгүй дуудлага хийх, мэссэж бичих үйлчилгээнүүд цөөнгүй байдаг. Тухайлбал, эдгээр үйлчилгээний нэг болох http://www.sendanonymoussms.com/ сайтыг ашиглан илгээх дугаар, хүлээн авах дугаараа оруулаад 145 тэмдэгтэд багтсан мэссэжийг интернэт ашиглан илгээх боломжтой байдаг аж.
Гэхдээ уг үйлчилгээг ашиглагчдад хандсан мэдэгдэл уг сайтын буланд тавигдсан байх ёстой бөгөөд энэ үйлчилгээг хууль бус зорилгоор ашигласан тохиолдолд таны ipхаягийг ил болгон нийтэлж, блоклоно гэж анхааруулсан байдаг ажээ.Тиймээс хэрвээ УИХ-ын гишүүд рүү мэссэж илгээсэн явдал үүрэн холбооны компанийн оролцоогүйгээр буюу интернэт үйлчилгээ ашигласан байвал уг этгээдийн ipхаягийг олох бүрэн боломжтой юм байна.
Б.БАЯСАХ