Урьд жилүүдийнхээс дулаан өвөл болно гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Урьд жилүүдийнхээс дулаан өвөл болно гэв

Нийт нутгаар энэ сарын сүүлчээс цас орж, шуурах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 25-наас Зүүн аймгуудаар, 27, 28-нд Баруун болон Төвийн нутгуудаар цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Ингэхдээ цасан болон шороон шуурга шуурах тул энэ үеэр холын замд гарахгүй байхыг албаныхан анхааруулсан юм. Түүнчлэн ирэх өвлийн хувьд олон жилийн дунджаас дулаан байх сураг сонсдсон. Энэ талаар  Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулсан бөгөөд өвлийн хүйтний саруудаар авч үзвэл,

Арваннэгдүгээр сард агаарын температурын сарын дундаж нь  Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатарын баруун, Завхан, Дундговын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн хэмжээнд байна. Энэ сард Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Говь-Алтайн баруун хойд, Увс, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сэлэнгийн өмнөд болон зүүн, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа ажээ.

Арванхоёрдугаар сард агаарын температурын сарын дундаж нь Увс, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна гэв. Мөн Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй аж.

Нэгдүгээр сард агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байхаар төлөв харагдаж байна гэв. Энэ сард Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгорын ихэнх нутаг, Завхан, Говь-Алтайн зүүн хойд, Булган, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Өмнөговийн баруун, Дорноговийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн хэмжээнд, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөв ажиглагджээ.

Ийнхүү ирэх өвөл нийт нутгаар урьд жилүүдийнхээс цас ахиу орох ч дулаан байх таамгыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өгч байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж