Бамбайн хавдар эмэгтэйчүүдэд илүү тохиолддог

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Бамбайн хавдар эмэгтэйчүүдэд илүү тохиолддог

News.mn сайтаас долоо хоногийн баасан гариг бүрт уншигчдэдээ хүргэж байгаа "Одноо эмчийн булан" өнөөдрийн зөвлөгөөгөө хүргэж байна.

Хавдар хамгийн аюултай өвчин. Огт эмчлэгддэггүй, бас мэдэгдэхгүй байж байгаад хүндэрдэг гэж бид ойлгодог. Гэвч хавдар ч бусад өвчнүүдийн адил эдгэрэх найдлагатай төдийгүй их эртнээс дохио санамж өгсөөр байдаг ажээ. Гагцхүү анзааргагүй, хэнэггүйгээсээ болж монголчууд хавдрыг хүндрүүлдэг байна. Тэгвэл хавдраас хэрхэн “зугтаж” болох вэ. Энэ талаар та бүхэн “Одноо эмчийн булан”-гаас лавлаарай. ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг энэ удаагийн булнагаар та бүхэнд “Бамбай булчирхайн хавдар”-ын талаар зөвлөгөө бэлтгэн илгээжээ. Энэхүү эрүүл мэндийн мэдлэг олгох булангаа бид та бүхэнд долоо хоног бүрийн баасан гаригт хүргэх болно. Та бүхэн ямар өвчний талаар илүү мэдлэг, мэдээлэлтэй болмоор байгаагаа, мэргэжлийн эмчээс асуух тодруулах зүйлээ info@news.mn хаягаар илгээгээрэй.

 

Бамбай булчирхайн зангилаа, хорт хавдар

Бамбай булчирхай нь хүзүүний урд доод хэсэгт, төвөнхийн доор байрладаг дотоод шүүрлийн эрхтэн. Бамбай булчирхай нь даавар ялгаруулдаг бөгөөд энэ нь цусаар дамжин бүх эрхтэний үйл ажиллагаа бодисын солилцоонд нөлөөлдөг. Ямар нэгэн шалтгаанаар бамбайн даавар ихээр ялгарахад бодисын солилцоо хэт хурдсан эрчимжиж хөлрөх, чичрэх, турах, санаа сэтгэл тогтворгүй болох, зүрх дэлсэх зэрэг шинжүүд илэрч яваандаа яс сийрэгжих, нүд урагш бүлтийх шинжүүд гардаг. Үүнийг бид бамбайн хордлого гэдэг. Харин энэ дааврын хэмжээ багасахад жин нэмэгдэх, даарах, хавагнах, арьс хуурайших, ой тогтоолт муудах гэх мэт шинжүүд илэрч бодисын солилцоо удааширдаг.

Бамбай булчирхайн зангилаа гэж юу вэ?

Бамбай булчирхайн эсүүд хэвийн бусаар булдруу болон өсөж ургахыг зангилаа гэж анагаахын хэлэнд нэрлэдэг. Зангилаа нь насанд хүрсэн эмэгтэйн 4-8 хувь, эрэгтэйн 1-2 хувьд үзлэгээр илэрдэг байна. Зангилаа үүсэх нь нас ахих хэрээр нэмэгдэж 60 насанд энэ насны хүмүүсийн бараг талаас илүү хувьд нь бамбайд ядаж нэг зангилаа үүссэн байдаг гэж үздэг. Гэхдээ зангилаа болгон хорт хавдарт шилждэггүй. Ихэнх зангилаа хоргүй байдаг. Зангилаатай нь нотлогдсон бол дараах зүйлсийг шалгаж үзнэ:

  •  Зангилаа нь хорт хавдарт шилжсэн эсэх
  •  Хүзүүний бусад эрхтэнийг дарж шахаж, амьсгалах залгих үйл ажиллагааг доголдуулж буй эсэх
  •  Зангилаа хэт их даавар ялгаруулж буй эсэх

 Дээрх шинжүүд байхгүй бол 6-12 сар тутамд дотоод шүүрлийн мэргэжлийн эмч, толгой хүзүүний мэс заслын эмчид хянуулж үзүүлээд явах ба заавал мэс заслаар авах шаардлагагүй.

Бамбай булчирхайн хорт хавдар

Бамбайн булчирхайн хорт хавдар нь эмэгтэй хүнд илүү их тохиолддог бөгөөд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдар дотор зургадугаар байрт жагсдаг. Манай улсад ч дэлхий нийтэд ч бамбай булчирхайн хорт хавдрын тохиолдол ихсэж байгаа ба энэ нь нэг талаар бидний хавдар үүсгэдэг эрсдэл хүчин зүйлстэй нөгөө талаар оношлогоо сайжирсантай холбоотой. Бамбай булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс одоогоор тодорхой болсон байдаг:

  • Удамшил: Зарим төрлийн бамбайн хорт хавдарт удамшил нөлөөтэй байдаг. Ойрын хамаатан удамд нь бамбайн хорт хавдраар өвдсөн хүн байгаа бол тэр хүн бамбайн хорт хавдраар өвдөх эрсдэл арай илүү байна. Энэ нь тодорхой гентэй холбоотой.
  • Туяанд нэрвэгдэх: Ямаг нэгэн эмгэгийн улмаас толгой хүзүүний барлалд туяа шарлага эмчилгээ хийлгэх, атомын бөмбөг болон атомын цахилган станцын ослын улмаас туяанд нэрвэгдэх. Ж: Чернобылийн АТС-н ослын дараа хүүхдүүд ихээр бамбайн хорт хавдраар өвчилсөн ба тухайн үед насанд хүрсэн байсан хүмүүс ч хожим хижээл, өтөл насандаа бамбайн хорт хавдраар өвдөх нь нэмэгдсэн байна.
  • Хоол хүнс: йод дутагдах
  • Нас: Ямар ч насанд тохиолдож болох ч ихэвчлэн 20-55 насанд тохиолддог. Харин их залуу буюу хүүхдэд эсвэл 60-с дээш насныханд бамбайд үүсвэр байх нь уг үүсвэр хортой байх магадлал өндөр гэдгийг анхаарч шалгуулж байх нь зүйтэй.
  • Хүйс: эмэгтэйд илүү тохиолддог ба эрэгтэйд ховор тохиолддог ч эрэгтэй хүнд хэрэв үүсвэр оношлогдвол хоргүй гэхээсээ илүү хортой гэж сэжиглэн мэргэжлийн эмчид хандана.
  • Арьс өнгө: цагаан ба шар арьстануудад илүү тохиолддог.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бамбай булчирхайн хортой хоргүй аль ч зангилааны үед ялангуяа жижиг үед шинж тэмдэг мэдэгдэхгүй. Тиймээс санамсаргүй оношлогдох нь элбэг. Тухайлбал өөр эрхтэний эмгэгийн улмаас ЭХО, компьютер томографийн шинжилгээ хийлгэж мэдэх эсвэл туранхай хүнд ойр тойрныхон нь хүзүүнд овгор зүйл гарсныг нь анзаарч хэлэх, өөрсдөө санамсаргүй толинд эсвэл тэмтрээд мэдэх гэх мэт. Ялангуяа богино хүзүүтэй махлаг хүмүүст хавдар хожуу үедээ ортол мэдэгдэхгүй явах тохиолдол байна. Гэхдээ дараах шинжүүд илэрч болно:

  • Залгихад болон амьсгалахад саадтай хүндрэлтэй болох
  • Хүзүүний урд овгор үүсвэр харагдах, тэмтрэгдэх
  • Хоолой сөөх, дууны өнгө өөрчлөгдөх
  • Хүзүү хоолойгоор өвчтэй болох
  • Ханиад хүрээгүй ч ханиагаад зүгээр болохгүй, намдахгүй байх

Дээрх шинжүүд зөвхөн бамбайн хорт хавдрын үед гардаг шинж биш өөр эрхтэнүүдийн эмгэгүүдийн үед мөн гардаг. Гэхдээ удаан хугацаанд эмчилгээнд засал авахгүй үргэлжилбэл хавдар гэж сэжиглэн нарийн мэргэжлийн эмчид шалгуулах хэрэгтэй.

Ямар шинжилгээгээр яаж шалгуулах вэ?

Хараад тэмтрээд болон цусанд дааврын хэмжээ үзээд хортой хоргүйг тогоох боломжгүй. Тиймээс бамбай булчирхайг ЭХО-д харж хортой байх сэжиг бүхий шинж, үзүүлэлттэй зангилааг шприцээр хатгаж эсийн шинжилгээ авч эмгэг судлаач эмч хортой хоргүйг ялгаж өгдөг. Шинжилгээний хариунаас хамааран цаашид хянах эсвэл ямар эмчилгээ хийхийг шийддэг. Дашрамд дурдахад манайхан урьдчилан сэргийлэх үзлэгт орохдоо зөвхөн хэвлийн эрхтэнүүдээ ЭХО-д шалгуулаад бамбай булчирхайг орхигдуулдаг. Хүн болгон жил бүр биш ч ялангуяа дээр дурдсан эрсдэл хүчин зүйлс байгаа хүмүүс бамбай булчирхайгаа ЭХО- шалгуулж үзлэгт хамрагдаж байх нь зүйтэй.

Эмчилгээ

Хэдий наснаас болон хавдар ургасан эсийнхээ төрлөөс хамаараад эдгэрэлийн хувь, цаашдын тавилан өөр өөр байдаг ч бамбайн хавдрын ихэнх тохиолдол ялгарал сайтай хавдар гэдэг ангилалд ордог ба ийм хавдрууд эмчилгээ сайн авдаг, эдгэрэх боломж өндөртэй байдаг. Гэхдээ энэ нь мөн өвчний үе шатаас хамаарна. Бамбайн хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал бөгөөд хортой хоргүй хавдрын шинж чанар өөр учир мэс заслын эмчилгээний арга ч өөр байдаг. Тиймээс аливаа эмч эмнэлэгт үзүүлж мэс заслын эмчилгээ хийлгэх болсон бол эхлээд хортой хоргүйгээ шинжилгээгээр тогтоож байж хаана ямар эмнэлэгт ямар хүрээний эмчилгээ хийлгэхээ шийдэх нь зүйтэй. Эсийн шижилгээгээр зуун хувь хортой хоргүй нь батлагдахгүй эргэлзээтэй хариу гарах, шинжилгээний материал онош тогтооход хангалтгүй байх тохиолдол гарч болдог бөгөөд яг ямар хариу гарснаас хамааран шинжилгээг давтах, үе шаттай хагалгаа хийх, эсвэл мэс засал эмчилгээнийхээ хүрээг тогтоодог. Мэс заслаар бамбай булчирхайг бүтэн авах тохиолдолд хажууд нь ойрхон наалдаж байрладаг иж бамбай булчирхай хүний биеийн кальцийн солилцоог зохицуулдаг, булчингийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангадаг эрхтэн болон дууны хөвчийг мэдрэлжүүлдэг мэдрэлийг гэмтээлгүй ингэснээр дуу хоолой хэвийн гарах, хэвийн амьсгалах нөхцөл бүрддэг хагалгааг нарийн нямбай хийдэг. Дотоод шүүрлийн эрхтэн тул бүх эрхтэний бодисын солилцоо үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бамбай тайрагдсан авагдсан өвчтөнүүд дараа нь эмчийн хяналтанд бамбай булчирхайн дааврыг орлуулан ууж байх ёстой байдаг. Энэ нь дутагдаж буй дааврыг нөхөхийн хажуугаар бамбайн хорт хавдрын эс дахин ургахыг дарангуйлдаг ач холбогдолтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж