Нью-Йоркийн эмч Эболагийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн эмч Эболагийн халдвар авчээ

АНУ-ын Нью-Йорк хотын эмнэлгийн эмч Крэйг Спенсер Гвиней улсад ажиллаж байхдаа Эбола вирусын халдвар авчээ. Крэйг Спенсерт халуурах, суулгах шинж тэмдэг илэрснээр өчигдөр /Х.23/ Нью-Йоркийн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн нь Эбола вирусын халдвар гэж гарсан аж. Түүнийг Нью-Йоркийн “Bellevue” эмнэлэгт хөл хорин эмчилж эхэлжээ. Тэрээр “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын шугамаар Баруун Африкт ажиллаж байгаад эргэж ирсэн аж. Ийнхүү тэрээр Нью-Йорк хотод Эбола вирусын халдвар илэрсэн анхны, АНУ-ын дөрөв дэх хүн болж бүртгэгдлээ. АНУ-д анх Либери гаралтай Даллас хотын оршин суугч Томас Эрик Данканд Эбола вирусын халдвар илэрч байсан юм. Тэрээр Либерид эгчтэйгээ уулзаад эргэж ирснийхээ дараа Эбола вирусын халдвараар өвдөж, энэ аравдугаар сарын 8-нд нас барсан билээ. Түүнийг асарч байсан хоёр сувилагч Эболагийн халдвар авч, хөл хорионд эмчлүүлж байна. Эбола вирус хүн, амьтны биеийн бүх шингэнээр дамждаг тул өвчтөнүүдтэй шууд харилцаж буй эмч, сувилагчид халдвар авах магадлан өндөр байгаа юм. Халдварын голомт Баруун Африкт 300 гаруй эмч Эболагаар өвдөж, 200 гаруй нь нас баржээ.

 

 

Үүний зэрэгцээ Мали улсад хоёр настай охин Эбола вирусын халдвараар өвдсөн анхны тохиолдол бүртгэгджээ. Охины ээж Гвиней улсад Эбола вирусээр нас барсан аж. Харин хамаатнууд нь охиныг Малид эргүүлэн авчирсны дараа Эбола вирусээр өвджээ. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж