Хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуулийг хэлэлцэж байна

Чуулганы хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэгдсэн бүртгэл байхгүйгээс нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашиг зөрчигдөх тохиолдлууд нэлээд гарч байгааг уг хуулийн төслөөр шийдэж буй аж.

Хуулийн төслийг боловсруулахдаа гэрээний талуудын чөлөөт байдлыг хүндэтгэх, барьцааны эрх үүсэх, бүртгүүлэх, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад нийтэд ил тод, тодорхой байдлыг хангах зарчимд үндэслэсэн бөгөөд уг харилцаанд иргэн, хуулийн этгээд оролцож болохоор заажээ.

Зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдүүд зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаанд ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаагаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй иргэд, хуулийн этгээд зээл, санхүүгийн аливаа үйлчилгээнд хамрагдаж, хэрэгцээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж авч чадахгүй байгаа аж.

Тодруулбал, 1997 оноос хойш Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлд 262754 барьцааг бүртгүүлснээс хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлсэн тохиолдол тун цөөхөн байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэнэ.

Иргэний хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлж болохоор заасан хэдий ч ийнхүү бүртгүүлэх болон бүртгүүлснээс үүсэх үр дагаврын талаар тодорхой заагаагүй тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбогдсон хуулийн зохицуулалт төдийлөн хэрэгжихгүй байгаа юм.

Улсын бүртгэлийн газар 2002-2014 оны хооронд Улаанбаатар хотын хэмжээнд хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл нийтдээ 37 удаа хийсэнээс харвал хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй, их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй байлгах, зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон ашиглах боломж олгохгүй байна. Ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, өндөр үнэ бүхий тоног төхөөрөмж ихээр ашиглах болсон өнөө үед хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгэж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага гарч байгаа аж.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж