П.Цагаан: Тэр хувцсыг нь хурааж ав гэсэн

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

П.Цагаан: Тэр хувцсыг нь хурааж ав гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаантай цаг үеийн зарим асуудлаар товч ярилцав.

-Засагт өөрчлөлт орох гээд ид бужигнаж байна. Засгийн газар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй гэсэн яриа саарал ордноор явж байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Н.Батцэрэг гишүүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч уулзаагүй, зөвшилцөөгүй.

-Сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч дэмжихгүй байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож бүрэн болно.

-Өөр нэг асуулт байна. Хэвлэл, сошиал медиагаар цагдаагийн дарга, комиссаруудын шинэ  дүрэмт хувцас армийн генерал, маршалынх шиг болчихож гэсэн яриа огт тасрахгүй байна…

-Мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэр хувцсыг нь хурааж ав гэсэн. Х.Тэмүүжин сайд цагдаагийн шинэчлэл хийх талаар анх танилцуулж байхдаа иргэндээ үйлчилдэг цагдаатай болно, дарга нар нь энгийн хүмүүс байна гэж ярьж байсан. Гэтэл одоо сайд өөрөө комиссар гэдэг цол олгоод генерал шиг хувцастай дарга нарыг төрүүлээд эхэллээ. Энэ нь шинэчлэлийнх нь агуулга, бас манай улсын хөгжил, олон улсын чиг хандлагатай авцалдахгүй байна. Хэрэв комиссар нь  цэргийн дээд цолтой дүйх юм бол түүнийг Ерөнхийлөгч л олгодог хуультай явж ирсэн.

-Хувцсаа хураалгачихвал комиссарууд юу өмсөх вэ?

-Энгийн хувцастай байж болно, цагдаагийн хурандаагийн хувцсаа өмсч болно. Зайлшгүй шаардлагатай гэвэл хувцасныхаа загварыг боловсруулж, Ерөнхийлөгчөөр батлуулж хэрэглэж бас болно.

-Уг нь сурагчид л дүрэмт хувцастай баймаар байталцэрэг, цагдаагаас гадна онцгой байдал, мэргэжлийн хяналт, тахар, татвар, гааль гээд төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагчид янз бүрийн дүрэмт хувцас хэрэглэж байна. Иргэн хүн үйлчилгээ авахаар очоод тэдний хувцаснаас сүрдээд буцдаг ч болов уу гэмээр заримдаа санагддаг боллоо…

-Үнэхээр Монголд дүрэмт хувцас хэрэглэдэг байгууллагын тоо ч, албан хаагчид нь ч олширсон нь яав ч эрүүл үзэгдэл биш. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч,судлуулж байгаа. Заавал цэргийнх мэт дүрэмт хувцас хэрэглэлгүйгээр байгууллагынхаа онцлогийг харуулсан энгийн жигд харагдах хувцас, эсвэл энгэрийн тэмдэг, зүүлт, малгай зэрэг хямд төсөр зүйл хэрэглэж болох юм. Энэ талаархи саналаа манай иргэд Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлбэл бид дуртайяа хүлээж авна. Үнэхээр энэ хавтгайрсан дүрэмт хувцсыг халах, цэгцлэх шаардлага байгаа. Цэгцлэнэ ч гэж бодож байгаа.

-Сүүлийн үед хурандаа, генерал цолтон олширсон. Цэргийн дээд цолтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ шаардлага тавьж байгаа гэж сонссон.  Энэ ямар агуулгатай шаардлага вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн ахлах, дээд цолтонд  шинэ шаардлага тавьсан. Цэргийн хүн бол цэргийн эрдэм, боловсролоос гадна бие бялдраараа жавхаатай, энгийн хүнээс ялгарч байх ёстой. Бусад орнуудад ч цэргийн хүн ямар өндөртэй, ямар жинтэй, ямар бэлхүүстэй байхыг тогтоосон стандартууд байдаг. Манайд ч ийм жишиг тогтоохыг Ерөнхийлөгчийн зүгээс БХЯ, Жанжин штабт хагас жилийн хугацаатай үүрэг өгөөд ажиллаж байгаа. Гүзээтэй генералгүй болно гэсэн үг. Түүнээс гадна цэргийн ахлах болон дээд офицер цолтонд захирагдах хүний тоог тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхгүй бол цэргийн дээд цолтны тоо өсч, зарим нь хэрэг түвэгт орох хүртэл зохисгүй байдал гарч байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж