Ажаа гэгээн Ц.Батчулуунд хандив өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Ажаа гэгээн Ц.Батчулуунд хандив өгчээ

Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, ардын жүжигчин Цэндийн Батчулууны гадаад улсад элэг шилжүүлэх эмчилгээний зардалд зориулсан хандивын аян үргэлжилж байгаа. Энэхүү аянд хилийн чинадад ажиллаж амьдарч байгаа монголчууд олноор нэгджээ. 

Тухайлбал АНУ-д амьдарч байгаа монголчууд нэгдэн маргааш буюу аравдугаар сарын 25-ны бямба гарагт “Сэтгэлийн дэм” хандивын тоглолтыг Оакланд дахь Ажаа гэгээний байранд зохион байгуулахаар болсон байна. Ажаа гэгээнтэн хандивын тоглолтод гүн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд зориулан мөнгөн хандив өргөсөн байна. 

Энэхүү хандивын арга хэмжээг АНУ-д ажиллаж, амьдарч буй Ш.Баатар, Б.Алтанзаяа нар санаачлан зохион байгуулж, Бэй Аэригиагийн Монголчуудын Холбоо, Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, Гэр хүүхдийн төвийн “Би Монгол” сургууль ивээн тэтгэж дэмжин оролцож байгаа ажээ. 

Ажаа гэгээний өргөөнд болох хандивын тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжимчин, МУСТА Ц.Төмөрчөдөр ажиллаж байгаа гэнэ. МУСТА Г.Уртнасан, Ч.Оргилсайхан, Г.Буянт, морин хуурын ангийн сурагчид хуурдах бөгөөд  МУСТА Ц.Бат-Өлзий, Д.Оюунцэцэг, Д.Дархижав, З.Сугармаа, бүжигчин Б.Болдхүү, бүжигчин Д.Оюунгэрэл нар бүжиглэж, “Нюанс” хамтлагийн дуучин МУСТА Г.Өнөрбаатар, дуурийн дуучин МУСТА Ц.Батхуяг, хөгжимчин МУСТА П.Туул, Уран нугараач Б.Болормаагийн шавь Энх-Эрдэнэ Маленда, Тунамал Шүр-Од нарын нугараачид оролцохоор болжээ. 

Мөн хөөмийч, эвэр бүрээч МУСТА Л.Өлзийсайхан Чикаго хотноо 10 дугаар сарын 24-нд хандивын тоглолт, 10 дугаар сарын 26-нд Г.Алтанхуяг Лос Анжелoс хотноо хандивын тоглолт зохион байгуулахаар тус тус бэлтгэж байгаа ажээ.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж