Ирээдүйг өөрчлөх гайхамшигт технологиуд

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Ирээдүйг өөрчлөх гайхамшигт технологиуд

Техник технологи асар хурдацтай хөгжиж буй энэ үед анагаах ухааны салбарт ч олон гайхалтай нээлтүүд хийгдэж байна. Хүн төрөлхтөн хэд хэдэн аюулт өвчнийг үндсээр нь устгаж, хүчтэй эм бэлдмэл хийж, өмнө нь эмчилгээгүй гэж үзэж байсан элдэв өвчнийг эмчлэх аргыг нээж, хиймэл эд эрхтэн бүтээж байна.

Эдгээрээс хамгийн гайхалтай хэмээн нэрлэгдээд буй 10 технологийг хүргэж байна.

ХИЙМЛЭЭР ЦУС ҮЙЛДВЭРЛЭХ


Цусны донорууд ирээдүйд хэрэггүй болох нь. Их цус алдах нь үхэлд хүргэдэг, харин цус сэлбэх нь амьдрал бэлэглэх эмчилгээний чухал арга билээ.

Цус сэлбэхтэй холбоотой хоёр гол хүндрэл байдаг байна. Нэгдүгээрт, цусыг бусад амьд хүнээс авч байгаа учраас цусны нөөц үргэлж хүрэлцээгүй, хомсдолтой байдаг. Хоёрдугаарт, хүн бүрийн дархлааны тогтолцооноос хамаарч хэдий ижил бүлгийн цус сэлбэсэн ч ноцтой хүндрэлүүд гарах нь элбэг байдаг байна.

Эрдэмтэд бүх хүнд хийхэд таардаг 0 бүлгийн цусны улаан бөөмийг бүтээснээр дээрх хоёр асуудлыг шийдэж чаджээ. Ирээдүйд энэ нээлт нь донорын цус авахыг эцэс болгож, цусыг хиймлээр үйлдвэрлэхэд шилжихэд хүргэнэ.

ЛАБОРАТОРИД УРГУУЛСАН ЭРХТНҮҮД


Шинжлэх ухааны зөгнөлт зохиолын зарим зүйл бидэнд ойлгомжгүй санагддаг. Шахмал эм хэлбэрийн хоол хүнс, гариг хоорондын аялал хэдийнэ бидэнд хачирхалтай санагдахаа больсон. Харин лабораторийн нөхцөлд биеийн эд эрхтнүүдийг ургуулах нь арай хэтрүүлэг мэт санагддаг байлаа.

Тэгвэл энэ нь бидэнд хачирхалтай юм шиг санагдах ч, эрдэмтэд хэзээний ийм технологид нэгэнт тулж очоод байна. Лабораторийн нөхцөлд үтрээ болон хамар нэгэнт ургуулаад байгаа бөгөөд үүнийг хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ.

Хиймэл үтрээ шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эхний эмэгтэйчүүдийг (төрөлхийн эмгэгийн үед ийм мэс засал хийхээс аргагүй байдаг байна)эрдэмтэд хэдийнэ найман жил ажиглаж байгаа бөгөөд тэдний бие сайн байгаа ажээ. Энэ нь арьсны хорт хавдраас болоод хамрынх нь нэг хэсэг байхгүй болж, оронд нь шинэ хамар суулгуулсан өвчтөнүүдэд мөн хамаарна.

УУЦ НУРУУНЫ САА ӨВЧНИЙГ ЭМЧЛЭНЭ


Нурууны гэмтэл бол хамгийн хүнд өвчний нэг мөнөөс мөн. Биеийн бүх хэсгийн мэдрэл нурууны нугасаар холбогддог, тиймээс түүний гэмтэл нь нурууг хөдөлгөөнгүй болгодог юм. Тийм бэртэл гэмтэл авсан хүмүүсийн хувьд урьд нь тун бага зүйлийг хийж чаддаг байжээ.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэрт шилжиж, бүхий л амьдралынхаа туршид өвдөлтөд шаналсаар байсан юм. Ууц нуруунд өгдөг цахилгаан цочролын гүйцэтгэх үүргийн талаархи шинэлэг судалгаа урьд нь хөдлөх аргагүй болсон хүмүүс одоо дахин бие даан явж чадна гэж бодох боломж олгож байна.

Өмнө нь огт хөдлөж чаддаггүй байсан сайн дурынхан туршилтын явцад тэдний нугасанд цахилгаанаар цочрол өгсний дараа биеийнхээ бусад хэсгийг мэдэрч эхлэжээ. Цахилгаан цочролыг уламжлалт эмчилгээний гимнастиктай хослуулсан нь илүү сайн үр дүн өгсөн байна. Энэ нь дэлхийн олон зуун мянган хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар төрүүлж байгаа юм.

ЗАЛУУ НАСЫГ ХАДГАЛНА


Эрдэмтэд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын мэргэжилтнүүдийн араас замнахдаа, хөгшрөлтийн үйл явцад чухал нөлөө үзүүлдэг химийн бодисыг залуу хүмүүсийн цуснаас олжээ. Шинжээчдийн гурван бие даасан хэсэг туршилтыг зэрэг хийсэн байна. Ой санамж, сэтгэцийн үйл ажиллагаа, булчингийн хүч, тэсвэр хатуужлыг сайжруулахад уг бодис нөлөөлдгийг судалгааны явцад тогтоожээ.

Хөгшрөлтийг буцаахад тусладаг тодорхой бодисыг гаргаж авсан гэж хоёр хэсгийнхэн нотлож байна.Одоогоор хулгана дээр туршилт хийсэн ч, ойрын жилүүдэд хүмүүс дээр клиникийн туршилт хийж эхлэх ёстой.

БИЕ МАХБОДИЙГ ХЯНАГЧ


Техникийн дэвшлээс үл хамааран хүмүүс ямагт мартамхай, залхуу байх болно. Бие махбодид эм бэлдмэл хэрхэн орж байгааг ажиглах систем хэрэгтэй. Та эмээ уулгүй өнжчихсөн эсэхийг өчүүхэн жижиг мэдрэгча жиглах болно.

Хэрвээ та нэг их сүрхий нямбай биш бол, ийм мониторинг нь таны хувьд жинхэнэ аврал болж мэднэ. Уг систем нь таны биеийн байдлын тухай шаардлагатай мэдээллийг танд болон эмчид тань өгч байх болно.

АМЬТНЫ ЗҮРХИЙГ ХҮНД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ


Зүрх болон түүний байдал нь урт наслахын эх сурвалж мөн. АНУ-д хорт хавдар юмуу ДОХ-оор биш, харин чухамхүү зүрхний элдэв өвчнөөр илүүтэй нас бардаг. Нэг сая гаруй америк хүн жил бүр зүрхний өвчнөөр нас бардаг ажээ. Харин үхлийн энэ шалтгаан Их Британи болон Австралид ч хамгийн их бүртгэгддэг аж.

Саяхан эрдэмтэд гахайн хувиргаж өөрчилсөн зүрхийг бабуин сармагчинд шилжүүлэн суулгаж чаджээ. Сармагчны бие жилийн турш сайн байгаа гэнэ. Тийнхүү нэгэнтээ эмч нар хүмүүст хүний биш, харин амьтны зүрх шилжүүлэн суулгаж, улмаар наслалтыг уртасгана гэдэгт итгэх итгэлийг энэ туршилт өгч байна.

ЦУС ХАРВАЛТЫГ ЭМЧЛЭХ


Цус харвах нь аймшигтай өвчин бөгөөд байнга шахуу үхэлд хүргэдэг. Харин цус харвасан хүн амьд гарсан бол, өвчтөн хөдөлмөрийн чадвараа алдаж болох бөгөөд түүний амьдралын чанар машид мууддаг. Хүмүүс өөрийн биеийг зарим талаар юмуу бүр мөсөн хянахаа больдог. Өмнө нь тэдгээр хүмүүст туслах боломж маш бага байсан юм.

Өнөөдөр эрдэмтэд эмчилгээний хувьсгалт шинжтэй арга олсон бөгөөд тодруулвал өвчтөний тархинд эрүүл эс суулгаж өгөх явдал юм. Хяналтын бүлгийн өвчтөнүүд дөрвөн мөчөө дахин хөдөлгөж чадсан бөгөөд энэ нь цус харвасан олон сая хүний хувьд итгэл найдвар төрүүлж болох юм.

ХИЙМЭЛ ЗҮРХ


Дээр дурдсанаар эрхтэн шилжүүлэн суулгах нь хүмүүсийн насыг уртасгахад чухал үүрэгтэй юм. Донорын эрхтнүүд хомс байгаа асуудлыг шийдвэрлэж болох арга замын нэг нь 3D-хэвлэл мөн.

3D-принтерээр хүний зүрхний яг нарийн хувийг гаргаж авахад өөрсдөд нь арван жил шаардагдана гэж америкийн Луизианий их сургуулийн эрдэмтэдүзэж байна. Өнөөдрийн байдлаар коллаген болон өөхний эсийг принтерийн материал болгон хэрэглэж байгаа ажээ.

БИОНИК ГАР


Шинжлэх ухааны зөгнөлт зохиолчид киборгийг бодож зохиосон үеэс хойш эрдэмтэд хиймэл мөч бүтээх аргыг эрж хайж эхэлжээ. Энэ нь гар, хөлөө тайруулсан хүмүүсийн амьдралыг сайжруулна. Өнөөдөр хүн төрөлхтөн энэ салбарт чухал дэвшилд хүрсэн бололтой.

Бионикийн DEKA arm протез нь пальтогоо өмсөж, хаалгыг түлхүүрээр онгойлгох юмуу өндгийг бяцлачихалгүйгээр гартаа барих боломж олгож байна. Өнөөдөр ийм протез нь гараа мөр юмуу бугуйгаараа тайруулсан хүмүүс хэрэглэх боломжтой бөгөөд харин гар нь шуугаараа байхгүй хүмүүст энэ нь тус болохгүй.

ХӨЛДӨӨХ, АМИЛУУЛАХ


Эрдэмтэд үүнийг анабиоз буюу амилуулах гэж нэрлэх дургүй байдаг, энэ үг хэтэрхий улиг болсон гэх. Өмнө нь цусыг давсны уусмалаар орлуулж, сүүлд нь биеийг дахин амилуулахын тулд түүнийг хөргөдөг крионика гэгч аргыг академийн эрдэмтэд шинжлэх ухааны биш гэж үзэж байжээ. Гэвч 2000 онд Питер Ри гэдэг хүн гахайн дээр ийм туршилт амжилттай хийж чадсан байна.

Их хэмжээгээр цус алдсан гахайг анабиозад оруулж, дараа нь эрдэмтэд түүнийг “дахин амилуулжээ”. Олонхи тохиолдолд гахайнуудын зүрх онцын асуудалгүйгээр ажилласаар байсан байна. Одоо судлаачдын багийнхан хүн дээр ийм туршилт хийх боломжийг харзнан хүлээж байна

Н.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж