Манай оронд сагсан бөмбөгийн спорт хөгжөөд олон жил болж байгаа ч сүүлийн жилүүдэд шинэ түвшинд хүрээд байгаа. Үүнийг бид сагсан бөмбөгийн лигийн тэмцээнүүдийн өрсөлдөөн, олон улсад үзүүлж байгаа шигшээ багийн амжилт, тоглогчдын ур чадвар зэргээс харж байгаа. Хамгийн сүүлийн бахархууштай жишээ нь Азийн наадамд Монгол улсын шигшээ баг шилдэг 8-д үлдсэн явдал юм.
Энэхүү хөгжлийн сааруулахгүй байх, хадгалах гол шалтгаануудын нэг нь клубын системийг улам бүр хөгжүүлэх. Дээд болон сонирхогчдын олон лигийн тэмцээн байгаа, тэр хэрээр багуудын тоо нэмэгдсэн бөгөөд зарим нь албан ёсны, тогтмол үйл ажиллагаа явуулж, жинхэнэ утгаараа клубын системд шилжээд байгаа. Клубын систем нь дан ганц тамирчдыг бэлтгэл хийлгүүлж, тэмцээн уралдаанд оролцуулахаас хальж, тэднийг тогтмол цалин, урамшууллаар хангах, өсвөр үеийг бэлтгэх дугуйлан секц хичээллүүлэх, гадны улс орнуудад бүх насны баг тамирчдаа туршлага судлуулах, өөрийн гэсэн зал танхимтай болох зэргээр үйл ажиллагаа явуулах боломжтой, явуулж ч байгааг байгааг бид харж байна.
Одоогийн байдлаар Монголын сагсан бөмбөгт 2 холбоо зэрэг үйл ажиллагаа явуулж, хоорондоо өрсөлдөж байгаа. Уг өрсөлдөөн хэдийгээр олон сайн үр дүн дагуулж байгаа ч зарим талаараа сөрөг хандлагууд ихтэй, баг тамирчдын эрх ашгийг хөндсөн, тэмцээн уралдааны хуваарь, систем болон дүрэм журам нь боловсронгуй бус байдгаас болж нэлээдгүй зөрчил үүсдэг бөгөөд үүнийг илүү мэргэжлийн, шударга, ёс зүйтэй болгох шаардлага бий болжээ. Эдгээр сөрөг талууд нь баг тамирчдаас эхлээд клуб, түүнд хөрөнгө оруулж буй спортод элэгтэй хөрөнгө оруулагч нарт ч хүндрэл үүсгэдэг.
Тэгвэл сагсан бөмбөгийн Дээд лигийн клуб, багууд болох Их Өргөө Аравт, Эрдэнэдрийллинг Ригс, Альяанс Тех ШУТИС-н Харцагууд, SBL Хасын Хүлэгүүд болон Танан Гарьд багуудын эзэд, удирдлагууд Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичгийг үйлдсэн байна. Уг санамж бичгийг үйлдэх болсон гол зорилго нь баг, клубууд үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангахад чиглэжээ. Тэд сагсан бөмбөгийн холбоодтой дангаараа бие дааж харьцахгүй, нэгдсэн зохион байгуулалтанд орж харилцах бөгөөд ингэснээрээ Дээд лигийн тэмцээн хамгийн сайн багуудын, хамгийн сайн тамирчдын тоглолтууд, хамгийн үзүүштэй шударга өрсөлдөөнүүд байх боломжийг хадгална гэж үзэж байгаа юм байна. Энэхүү шийдвэрийг нийт сагсан бөмбөгчид, тухай клубуудэд харьяалагддаг тамирчид бүрэн дэмжиж байгаагаа саяхан болсон багийн эзэд болон тамирчдын уулзалтаар илэрхийлсэн байна. Улмаар Дээд лигийн багууд хамтран гаргаж буй уг санамж бичгийг 2 холбоонд биет төлөөлөгчөөрөө дамжуулан зэрэг хүргүүлсэн бөгөөд МСБХ-н зүгээс хамтран ажиллахаа илэрхийлж, харин МҮСБХ-н зүгээс уг санамж бичгийг хүлээж аваагүй юм байна.
Ямартай ч Сагсан бөмбөгийн Дээд лигийн багуудын удирдлагууд болон тэдгээр багуудад харьяалагддаг сагсан бөмбөгчид хамтран нийтлэг эрх ашгаа хамгаалан ажиллахаар болсон байна.