Н.Удвал, Ж.Амарсанаа хоёрын хэнд нь итгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Н.Удвал, Ж.Амарсанаа хоёрын хэнд нь итгэх вэ?

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч лхагва гаригт /10.22/ болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо ноцтой гэмээр нэгэн тайлбар хэлсэн.

Тодруулбал, элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг санаачилсан дэд сайд Ж.Амарсанаа 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.долларын өртгөөр авах болсон тухай ярьсан юм. Эрүүл мэндийн сайдын хэлснээр  элэгний С вирустэй хүмүүсийг дэд сайд Ж.Амарсанаа  өөрийн өрөөндөө бүртгэж, хувийн эмнэлэгтээ ажиллаж байгаа мэтээр аашилж байгаад дургүйцэж байгаа аж.

 

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улсын  дөрвөн хүн тутмын нэг нь С вирустэй. 2012 онд энэ өвчнөөр 1612, 2013 онд 1890 хүн нас  барсан тоо байна. Нас баралтын гол шалтгаан болж байгаа энэ өвчнийг эмчлэх эм нь гарчихсан. Монгол Улсад оруулж ирэе гээд хэдэн залуус өнгөрсөн тавдугаар сараас  хойш хөөцөлдөж байгаа.  Өнөөдрийг хүртэл яагаад энэ эмийг бүртгэж авахгүй, зөвшөөрлийг нь өгөхгүй байгаа юм бэ” гэж лавласан.

Гишүүний  дээрх асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Бид тооцоо судалгаа хийсэн. Жилдээ 15 мянган хүнийг хамруулахад улсын төсвөөс  160 тэрбум төгрөг зарцуулах юм билээ. Эмийг бүртгэх эсэхийг яам  хэлэлцээд  сайн судлах шаардлагатай гэж үзэн буцаасан байгаа. Эмийг 900 доллараар оруулна гэснийг дэд сайд Ж.Амарсанаа 1800 доллараар оруулж ирнэ гэсэн. Үүнээс болоод  энэ ажилд хамтран  оролцож байгаа “Оном” сан, дэд сайд Ж.Амарсанаа хоёрын хооронд маргаан үүссэн. Энэ асуудлыг одоо хууль хяналтын  байгууллага шалгаж байгаа . Дэд сайд Ж.Амарсанаа элэгний С вирустай хүмүүсийг  өрөөндөө бүртгээд суудаг болсон. Би энэ асуудлаарх  дэлгэрэнгүй тайланг ҮАБЗ, ТЕГ-т хүргүүлсэн” гэх хариулт өгсөн юм. Харин дэд сайд Ж.Амарсанаагаас тодруулах гэсэн боловч хөдөө орон нутагт ажлаар яваа учир ажил дээрээ байсангүй. Дэд сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “900 доллар гэдэг бол  гурван сарын курс эмчилгээний эмийн үнийг хэлж байгаа. Харин  зургаан  сарын курс эмчилгээний өртөг нь үндсэн үнээсээ 44 дахин хямд буюу 1800 доллар болж байгаа. Хэрэв Монгол  Улс энэ эмийг  бүртгээд оруулж ирвэл иргэдэд эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хувийг хөнгөлүүлэхээр саналаа өгөөд байгаа. Эмийг оруулж ирэх эрхээ аваад  эмийн бүртгэлийн хурлаар ороод нэг удаа буцсан. Одоо дахин хурлаар ороод баталгаажуулах  асуудлыг шийднэ” гэлээ. 1800 доллар гэдэг  одоогийн ханшаар 3 сая 500 мянган төгрөг. Бага мөнгө биш ч гэлээ элэгний өвчнөөр шаналж байгаа иргэдэд хүсэн хүлээсэн зүйл нь болчихоод байгаа.

 

 

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Оном” сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөгөөс  тодруулсан юм.

-Элэгний С вирусыг бүрэн эмчлэх боломжтой эмийг 900  доллараар оруулж ирэх гэснийг дэд сайд Ж.Амарсанаа 1800 доллар болгосон талаар Н.Удвал сайд мэдээлсэн. Үүнээс   болоод танай сан дэд сайд хоёрын хооронд маргаан үүссэн юм уу?

-“Оном” сан бол энэ эмийг Монгол Улсад оруулаад ирсэн тохиолдолд үйл ажиллагааг нь зохион байгуулах үүрэгтэй ажиллаж байгаа.  Харин энэ эмийг зарж худалдаалах ажлыг тусдаа компани гүйцэтгэнэ.  Анхнаасаа энэ эмийг  900 ам.доллараар оруулж ирэхээр ярьсан. Дэд сайд Ж.Амарсанаа санаатай  юм уу, санамсаргүй юмуу 1800 доллар гэж ярьсан нь яах аргагүй буруу мэдээлэл. 900 ам.доллараар гурван сарын курс эмчилгээ хийнэ. ДЭМБ-аас 3 сарын курс эмчилгээгээр  элэгний С вирусыг бүрэн эмчлэх боломжтой гэж  үзсэн.  Гэхдээ өөр эмэнд дасал болчихсон өвчтөнд хавсарч хэрэглэвэл зургаан сарын курс эмчилгээ шаардагдана. Энэ өвчнөөр өвчилсөн хүн бүрт  зургаан сарын  курс эмчилгээ шаардлагагүй.  Тэгэхээр 900 ам.доллар гэдгээрээ явах нь зөв. Үүнээс  болоод маргаан үүссэн зүйл байхгүй. Бидний хувьд иймэрхүү хэрүүл, маргаанд оролцох сонирхол алга. Энэ эмийг  хэзээ орж ирэхийг хүлээсэн олон хүний хүлээлт байгаа нь үнэн.

-Хууль хяналтын  байгууллага ямар асуудлаар та бүхнийг шалгаж байгаа юм бэ?

-Манай сан 151103 гэсэн тусгай дугаараар элэгний В, С вирустай хүмүүсийг бүртгэж, мэдээллийн бааз бий болгож байгаа юм. Харин Facebook-ээр хэн нэгэн хүн манай зараас үндэслэн “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг 151103 тусгай дугаараар бүртгэж байна” гэх утгатай зар байршуулсан юм билээ. Хэн тийм зүйл бичсэнийг тогтоож чадаагүй байна. Ямар ч гэсэн бид тийм пост бичээгүй. Гэтэл Ж.Амарсанаа сайдаас  өгсөн бичгийн дагуу УМБГ-ын  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэг удаа тайлбар авсан.  Цагдаагийнхан 151103 тусгай дугаараар хүмүүсийг бүртгэх нэрээр  ашиг олж байна, ард түмнийг төөрөгдүүлж байна  гэж үзээд шалгаж байгаа юм билээ. Шалгаж өгөөч гэдэг зүйлийг Ж.Амарсанаа дэд сайд УМБГ-т тавьсан юм байна гэж ойлгосон. Бидний зүгээс үйл ажиллагаагаа танилцуулаад тийм пост бичээгүй гэдгээ мэдүүлсэн байгаа. Дахиж  цагдаагийн байгууллагаас  дуудаагүй.

Монгол Улсын хүн амын 15 орчим хувь нь элэгний С вирусын халдвартай болох нь тогтоогджээ. Дэлхий дээр  зургаан төрлийн элэгний вирус байдгийн нэг төрлөөр манай улсын иргэд өвчилдөг юм байна. Ямартаа ч  дэд сайдын санаачилсан ажил элдэв асуудалтай тулгарч, Эрүүл мэндийн сайд Н.Удвалтайгаа ойлголцож чадахаа больсон  бололтой. Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эм, эмнэлгийн  хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг элэгний С вирусын эсрэг шинэ эмийг Монголд бүртгэх асуудал хүндрэлтэй байгааг өмнө нь ярьсан  удаатай.  Тэрбээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ДЭМБ-ын зөвлөмж, Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомжийн дагуу шинэ эмийг улсын бүртгэлд бүртгэдэг. АНУ-ын “Gilead Sciences” компанийн элэгний С вирусыг эмчлэх “Sovaldi” (софосбувир) 400 мг шахмал эмийг Канад улсын “Patheon Inc” үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор 2014 оны долоодугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг яаманд ирүүлсэн. Харин “Sovaldi” эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах, сайтар судалж үзэх хэрэгтэй байгаа гэдгээр хойшлуулсан” гэх тайлбар өгч байжээ. “Sofosbuvir” эмийн АНУ-ын зах зээлд зарагдаж байгаа үнэ 84 мянган доллар  байдаг аж.

Элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компаний төлөөлөгч нар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар Монгол Улсад ирж “Sofosbuvir” эм, түүний эмчилгээг манай улсад хямд үнээр нийлүүлэх давамгай эрхийг олгосон гэх. Гэхдээ “Гилеад сайнс” компани уг эмийн төлбөрийг тусгай программын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах нөхцөл тавьсан  нь олон асуудал урган гарах үндэс болсон бололтой.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж