Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Чуулганы тойм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тогтоолын төсөл,  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл гэсэн хоёр чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ хуралдааны талаарх албан мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

НЭГ: Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы  үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм.

Дамжин өнгөрөх тээврийн урт хугацааны хөнгөлөлттэй нөхцлийг тохиролцох, түүнчлэн “Шинэ төмөр зам” төсөл болон түүнтэй уялдаатай хэрэгжих “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдэд БНХАУ-ын санхүүжилтийн хөнгөлөлттэй эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг хэлэлцээ үр дүнд хүрсэн тохиолдолд уг боловсруулах үйлдвэрүүдээс БНХАУ-ыг чиглэсэн төмөр замын шугамын царигийн өргөн зэрэг асуудлыг цогцоор харж шийдвэрлэх боломжтой хэмээн Засгийн газрын зүгээс үзэж тогтоолын төсөлд тусгасан байна. Мөн Хятадын талтай хийж байгаа хэлэлцээ эерэг үр дүнд хүрсэн тохиолдолд боловсруулах үйлдвэрээс БНХАУ руу чиглэсэн шинээр барих төмөр замын зарим шугамын царигийн өргөний хэмжээ 1435 мм байх боломжтой. Хэрэв Хятадын талтай төмөр замын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар хийж байгаа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар тогтоолын төслийг боловсруулсан байна.

Үүний дараагаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлснийг товчлон хүргэе.

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга:

Хэрвээ аймаг болгоноор хилээ сэтлээд нарийн цариг оруулж ирэх юм бол боловсруулах үйлдвэрийн тухай мартах хэрэгтэй. Өнөөдөр манай улс далайд гарцгүй улсын хувьд төмөр замын асуудлыг дотооддоо боловсруулах үйлдвэр, экспортлох бүтээгдэхүүн гэсэн эдийн засагтайгаа уялдуулж явуулах ёстой. Түүнээс бус компаниудын лоббигоор хилээ сэтлээд нарийн цариг тавих асуудлыг шийдэж болохгүй. Сая Тээврийн яамыг татан буулгасан. Одоо эзэнгүй байна. Иймд сайд нь, төрийн нарийн бичиг нь , ажлаа мэддэг олон жил явсан хүмүүс нь байхгүй байхад Их Хурлаар яаруу сандруу шийдэж болохгүй. Иймд яам нь байгуулагдаж сайд нь тавигдсаны дараа энэ асуудлыг ярья гэсэн горимын саналтай байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга:

Эхлээд зарчим барья, асуудлыг дэс дараатай явуулья. Иймд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ эхэлж өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Х.Баттулга гишүүний тавьсан саналыг дэмжиж байна. Төр ядаж хэлбэрийн хувьд төр шиг байж асуудлаа хэлэлцдэг байх ёстой. Сангийн сайд нь байснаар төсөвөө хэлэлцдэг, Зам тээврийн сайд байснаар төмөр замын бодлого, төмөр замтай холбоотой асуудлаа хэлэлцдэг байх хэрэгтэй байна. Эхлээд бодлогын бичиг баримтаа оруулж ирье. Дараа нь МАК-ын асуудлаа оруулж ирэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

 

Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг:

Монголын эдийн засгийн хөгжилтэй холбоотой том асуудлуудыг талцаж тойрч ярьсаар байгаад ямар ч асуудал шийдэхгүй улс орныхоо эдийн засгийг хэтэрхий олон жил хойш татаж байна. Дээр нь монголын төрд гадаад бодлого, төрийн бодлого гэж байдаг бол түүндээ үнэнч байх хэрэгтэй. Өнөөдөр төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгээ утга учиргүйгээр гацаах нь өөрсдөө эдийн засгаа хойш нь татаад зогсохгүй хоёр хөрш оронтойгоо ч цаашид юм ярих эрхгүй хүнд байдалд орно. Тийм учраас төрийн бодлого бол жинхэнэ бодлого болж явах ёстой. Гишүүдийн шүүмжлээд байгаа бидний ажлаа зохион байгуулж байгаа арга хэлбэрт үнэхээр асуудал байна гэдэгтэй санал нэг байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Энэ бол нэлээд дуншсан асуудал. Урагшаа зөвхөн Хятад руу нүүрс гаргах гээд байгаа юм биш. Харин Хятадын нутгаар дамжаад далайн боомтууд руу гаргах, ингэхдээ боломжийн хэмжээний хямдралтай тарифийг Засгийн газрын хооронд тохирч чадсан. Тиймээс энэ асуудлыг дэмжээд шийдээд явья. Одоо маргаад байх зүйлгүй. Далан босчихсон. Иймд нарийн уу, өргөн үү гэдгийг хүлээж байгаа. Үүнийг шууд шийдэх ёстой. Мөн Хөөт гэдэг нь Чойбалсангийн хажуу талаас урагшаа Бичигт рүү явж байгаа чиглэл. Нөгөөх нь Сайншандаас Замын-Үүд. Гэтэл хоёр улсын Ерөнхийлөгч, дарга нарын айлчлалын үеэр бид үндсэн төмөр замдаа модернизаци хийх тухай асуудал хөндөгдсөн учир Сайншанд-Замын-Үүд гэсэн чиглэлийг больё гэж үзсэн. Гурван улсын хэмжээнд энэ асуудлыг ярьж шийдэх учир Засгийн газрын өргөн барьсан төслөөс Сайншанд-Замын-Үүдийн чиглэл хасагдаж, Тавантолгой- Гашуун сухайт, Хөөт-Бичигт гэсэн маршрутаар барья гэсэн. Харин Байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналаар хоёр асуудал нэмэгдсэн байна. Нэгд, Сайншанд-Ханги гэж орж ирсэн. Үүнийг заавал оруулж ирэх шаардлага байна уу. Засгийн газраас оруулж ирсэн асуудлаас зөрүүтэй байгаад болгоомжилж байна. Хоёр дахь нь Нарийн сухайт-Шивээ хүрэн. Энэ бол ойрхон 40 гаруй км. Үүнийг бас заавал өнөөдөр оруулах хэрэг байна уу. Саяхан том зам бариад дууссан байгаа. Иймд Засгийн газраас оруулж ирснээс өөр асуудал явж байгаад та бүхэн бодолтой хандаарай. Ялангуяа Сайншанд-Ханги чиглэлд боломж муутай. Иймд та бүхэн анхаарал хандуулаарай.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

 


 

ХОЁР: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

 

УИХ-ын чуулганы өчигдрийн /2014.10.23/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, дунд, урт хугацаанд эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой өсөх орчныг бүрдүүлэхэд чиглэнэ гэж Монголбанк үзжээ.

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2015 оны эцэс гэхэд долоон хувьд, 2016-2017 онд энэ түвшинд тогтворжуулсны үндсэн дээр иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн ирэх оны мөнгөний бодлогын баримт бичигт тусгаад байгаа талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал гишүүдэд мэдээлсэн. Гишүүд ирэх оны мөнгөний бодлоготой холбогдуулан асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, ирэх оны төсөвтэй мөнгөний бодлого уялдсан эсэх, ирэх жил ам.долларын ханшийг 1750 төгрөг байхаар тооцож байгаа Засгийн газрын бодлого боломжтой эсэх, иргэдийн хадгаламж нэмэгдэж байгаа эсэх, банкны хүү ямар байх талаар Монголбанкны ерөнхийлөгчөөс тодруулж байлаа.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын хариулснаар, валютын ханш эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг хэдий ч ханшийн төсөөлөл дээр тооцоод 1750 төгрөг гэдэг байж болох тоо гэж үзэж байгаа аж. Тэрбээр хадгаламжийн хүү бодлогын хүүгээ дагадаг хэмээгээд хадгаламж эзэмшигчдийн тоо 2014 онд өссөн гэж мэдээлсэн. 2014 оны тоогоор хадгалуулагчийн тоо 30 хувиар өссөн дүнтэй байгаа юм байна.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөр болон бусад хөтөлбөрийн үр дүн, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс шалтгаалан зарим нэг сөрөг үр дагавар гарсан тул Монголбанк энэ хөтөлбөрөөс үе шаттай гарах ёстой гэсэн байр суурьтай гишүүн байсан. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тайлбар

 

ласнаар, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дундаж давхрагын хуримтлалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн хүндрэлээс шалтгаалж өрхийн төсөвт учрах нэмэлт ачааллыг нь зөөлрүүлсэн аж. Түүнчлэн өрхийн зардлын бүтцийг зохистой болгох, дунд, урт хугацаанд инфляци буурах, эдийн засаг тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлэх бүтцийн шинэчлэлийг эхлүүлсэн гэлээ. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 13 сарын хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 2492 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 13 хувьтай тэнцэх хэмжээнд, зээлдэгчдийн тоо 59.756 болсон юм байна.

Гадаад валютын орох урсгал 2014 он гарсаар нэмэгдээгүй тул төлбөрийн нийт тэнцэл сайжраагүй, түүнчлэн төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан нь суурь инфляцийн өсөлтөөр дамжин хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг өсгөх эрсдлийг бий болгосон юм байна. Иймд гадаад валютын орох урсгал, гадаад цэвэр актив тасралтгүй буурч, төлбөрийн тэнцэл сайжрахгүй байгаа өнөөгийн нөхцөлд Монголбанк Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн зээлийг бууруулах замаар тэдгээр хөтөлбөрөөс үе шаттай гарах зарим баримталж байгааг Монголбанкны ерөнхийлөгч мөн онцолсон.

Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Эх сурвалж: open.parliament.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж