М.Нандинцэцэг. БНСУ-ын Инчён хотод болсон Азийн зуны спортын XVII наадмын боксын 51 кг-ын жингийн хүрэл медальт, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний долоон удаагийн аварга, ОУХМ, Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин. МУБИС-ийн БТС-ийн спорт, аялал жуулчлалын ангийг төгссөн. Эдүгээ мэргэжлээрээ магистрт сурч байгаа. Бэлтгэл сургуулилалтаа хийхийн зэрэгцээ багшилдаг. Айлын том охин, хоёр эрэгтэй дүүтэй.
Боксын спортоор багаасаа хичээллэсэн. Аав, ээж нь дэмжиж ирсэн хэдий ч насанд хүрэх үед нь нэг өдөр “Эмэгтэй хүн толгойдоо юмтай байвал зүгээр. Арай өөр мэргэжилтэй болно шүү, охин минь” гэсэн лүндэнг буулгахад Нандиа нэг хэсэг нууцаар хичээллэж байв. Л.Энхбаатар багшийнхаа удирдлага дор амжилтаа ахиулсаар УАШТ-д түрүүлээд орж ирэхэд баяр хүргэж угтсан эцэг, эх нь охиноо дахин дэмжиж, урмаар тэтгэх болов. Одоо бол аав нь түүний улаан фэн.
Нандиа хоёр УАШТ дараалан “Алдар”-ын М.Бямбацэцэгт ялагдсан түүхтэй. Хүүхэд байхдаа мөн л түүнд дандаа ялагддаг байсан болохоор Бямбаа эгчийг л хожчихоод боксыг орхино гэж бодож байсан удаатай. Гэсэн ч дурлаж, бүр “орчихсон” боксын спортоос хөндийрөх амаргүй байв. Тамирчин хүний жаргал, зовлон, баяр гуниг уулын согоо шиг турьхан ч, урдах өрсөлдөгчөөсөө төдийлөн айхаа байсан Нандиаг уруудуулах биш, харин ч урагш хөтөлж байв.
Тэрбээр 2011 онд гялалзаж байлаа. Дэлхийн цомын тэмцээнд ялах бүрэн боломж байсан ч гуравдугаар үед эрхий хуруугаа хугалснаас болоод дараагийн үед өрсөлдөгчдөө таван оноогоор ялагдсан. Хугархай хуруутай байж дахин рингэд гарч ирдэг нь тамирчин хүний л эр зориг биз ээ.
Энэ мэт хор шар гозолзуулсан олон тохиолдол ард хоцорсон ч хэзээний дайчин бүсгүй арагшаа биш, урагш харан амжилтын оргил өөд тэмүүлж явна. Түүний өмнө олимп, ДАШТ байна, алинд нь ч хамгийн өндөр амжилт гаргахын төлөө урсах хөлсөө шавхаж, ухаан бодлоо дайчилж явна. Эдүгээ аав, ээж нь охин үрээ хайрлахдаа өөрийн эрхгүй амнаасаа унагаж байсан “Эмэгтэй хүн толгойдоо юмтай байвал зүгээр. Арай өөр мэргэжилтэй болно шүү, охин минь” гэж хэлж байснаа лав мартсан байх. Тэгээд ч хэн толгой сайтай нь спортод амжилт гаргадаг.
Нандиа боксчин, бас бүсгүй хүн. Тэрбээр айлын эзэгтэй болж, хүүхэд төрүүлсэн ч боксоо орхихгүй, спортын замналаасаа хазайхгүй гэдгээ хэлдэг.
Р.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: “СПОРТЫН ӨНГӨ” сонин