Азербайжан улсын Габала хотод болж байгаа буудлагын "Дэлхийн цом"-ын финалын өчигдөр /10.23/ болсон 25 метрийн спорт гар бууны дасгалд Гавьяат тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.
Дэлхийн шилдэг 11 мэргэн буудагч энэ дасгалд өрсөлдсөнөөс тэрээр 583 оноогоор 3-р байраар финалд шалгарч, улмаар хагас финалд 21 оноо авснаар аваргын төлөө буудах эрхтэй болсон юм. Алтан медалийн төлөөх буудлагад Германы буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Моника Каршч 7:3-аар түрүүлж, Хятадын буудагч, Дэлхийн аварга, Азийн наадмын аварга Зиан Жинзин хүрэл медаль хүртсэн байна.
Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өмнө нь "Дэлхийн цом"-ын финалын тэмцээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртэж байсан бол ийнхүү анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо.
Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн хувьд 2014 он гарснаар буудлагын Дэлхийн аварга, Дэлхийн цомын финал, Дэлхийн цомын тэмцээн, Азийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл, нийт 6 медаль баг болон хувийн төрөлд хүртээд байна.
Б.БАЯСАХ