Хонгконгийн жагсагчид Ерөнхийлөн захирагч Люн Чун Иний гэрийн гадна
Сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй Хонгконгийн жагсагчид Ерөнхийлөн захирагч Люн Чун Иний гэрийг бүсэлсэн байна. Хонгконгчууд Люн Чун Иний Хятадаас хэт хараат байдал болон ардчилалд хойрго хандаж буйг нь эсэргүүцжээ. Үүний зэрэгцээ Люн Чун Ин Хятадыг өмгөөлж, жагсагчдыг буруутгасан мэдэгдэл хийсэн нь хонгконгчуудын дургүйцлийг төрүүлжээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт /Х.20/ “Бүрэн ардчилсан сонгууль популист улс төрийг бий болгож, улс төрд ядуучуудын санал бодол давамгайлна” гэж мэдэгдсэн аж. Ажиглагчдын мэдээлснээр 200 орчим жагсагч Люн Чун Иний сууц болон захиргааны ордоныг бүслээд буй гэнэ.
Ардчилалын төлөөх жагсаал эхэлснээс хойш анх удаа Хонгконгийн удирдлагууд өнгөрсөн мягмар гаригт /Х.21/ оюутны төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийсэн билээ. Тэдний уулзалт өнгөрсөн долоо хоногт хоёр удаа цуцлагдсаны эцэст өчигдөр /Х.21/ болсон юм. Уулзалтын дараа Хонгконгийн албаныхан эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэгчидтэй хэлэлцээ хийх найдлага тавьж буйгаа мэдэгджээ. Харин оюутнууд Хонгконгийн удирдлагуултай уулзаад ирэх 2017 оны сонгуульд Бээжингийн тавьсан болзлыг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлсэн байна.
Хонгконгийн жагсагчид удирдлагаа өөрсдөө сонгохын төлөө Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсож байна. Түүнчлэн Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин Бээжингийн эрх баригчид болзолоо яасан ч өөрчлөхгүй гэж мэдэгдсэн билээ.
Оюутан залуусын эхлүүлсэн ардчилалын төлөөх эсэргүүцлийн жагсаал олон хоног үргэлжилж байна. Гэхдээ жагсаал эхэлснээ бодвол оролцогчдын тоо багассан ч Хонгконгийн зарим дүүргийг хаасан хэвээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Хонгконгийн цагдаа нар болон жагсагчдын хооронд хоёр удаа мөргөлдөөн гарснаас 70 орчим хүн баривчлагдаж, олон хүн гэмтэж бэртжээ. Үүний зэрэгцээ Бээжингийн хэвлэлүүд Хонгконгийн нөхцөл байдлын талаар “Санал асуулгаар оршин суугчдын 38 хувь нь ардчилалын төлөө жагсагчдыг дэмжиж буй бол 36 хувь нь эсэргүүцэж байна” хэмээн мэдээлжээ.
Б.АНХТУЯА
Хонгконгийн удирдлагууд өнгөрсөн мягмар гаригт /Х.21/ оюутны төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийжээ
Хонгконгийн захиргааны ордоны гадна
Жагсаал эхэлснээ бодвол оролцогчдын тоо багассан ч Хонгконгийн зарим дүүргийг хаасан хэвээр байна.