Төмөр замын бодлого эцсийн хэлэлцүүлэгт шилжинэ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлого эцсийн хэлэлцүүлэгт шилжинэ

Чуулганы хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болов.

Уг төсөлд буй өөрчлөлт нь төмөр замын талаарх бодлоготой зөрчилдөж байгаа тул бодлогоо өөрчлөх тухай санал, байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналаар орж ирсэн 2 шинэ чиглэл, салбарыг хариуцсан сайд томилогдоогүй байгаа зэрэг нь шүүмж өрнөх үндэс болж байв.

Гишүүн М.Батчимэг  “Засаглалын хямрал нүүрлэж гүйцлээ.  Хэдий хүртэл энэ чухал бодлогыг хэлэлцэж байхад сайдгүй яамд байх билээ”  гэсэн бол М.Зоригт “Х.Баттулга гишүүн нүүрсийг л түүхийгээр нь зөөчихнө гээд байх юм. Аливаа түүхий эдийг алс холоос тээвэрлэхээ больчихсон. Амсар дээрээс нь аваад үйлдвэрлэл эрхлэдэг болчихсон шүү дээ. Дорнодоос сонгогдсон Х.Болорчулуун төмөр зам тавихыг эсэргүүцээд байгааг ойлгохгүй байна” 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бид зөвхөн нүүрс гаргах гээд байгаа юм биш. Хятадын нутгаар дамжин гуравдагч зах зээлд гарах гээд байгаа бодлого. Далан чинь босчихсон байна, одоо нарийн зүүнээ л шийдэх үлдлээ. Засгийн газрын оруулж ирсэн төсөл дээр зарим өөрчлөлт орж.  Сайншанд Ханги гээд ороод ирж. Ингээд ороод ирэхээр дахиад Орос улстай яриа хийхэд маргаан үүсгэх зүйл болчих вий”  хэмээсэн юм.

Төсөл эцсийн байдлаар чуулганд орж ирэхдээ Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар болж буй аж.

Дээр Ерөнхий сайдын хэлсэнчлэн шинэ маршрутаас болж Ж.Энхбаяр “Байнгын хороон дээрээс шинээр оруулж ирсэн хоёр маршрутыг тусад нь гаргаад санал хураалт явуулчихья. Үнэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягын яриад буй болгоомжлолтой санал нэг байна” гэсэн бол С.Баярцогт “Байнгын хороо ийм заваан юм оруулж ирэх ямар хэрэг байгаа юм бэ. Бид бодлогын асуудлаа олон жил ярьсан, гэтэл гэнэт байнгын хороон дээр шинээр маршрут оруулж ирж будлиан тариад байхдаа яадаг юм” хэмээн шүүмжилсэн юм.

Гэвч гишүүд шинээр орж ирсэн маршрутаас болж дээрх чиглэл, царигийг заасан заалтыг бүхэлд нь унагахаас өөр арга байхгүй хэмээн үзсэн тул санал хураалтын үеэр тус заалтад эсрэг санал өгөв. Гэвч ингэж буй нь дээрх цариг чиглэлүүдийг эсэргүүцэж буй хэрэг биш бөгөөд Сайншанд-Ханги гэх  замын дундаас орж ирсэн 2 нэмэлт маршрутыг асуудлыг цэгцэлж, тусад нь хэлэлцэх өөр боломж байхгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл эцсийн хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын өргөн барьсан хувилбараар буюу чамгүй урт хугацааг зарцуулан байж шийдэлд хүрсэн хувилбараа дэмжих нь зүйтэй хэмээн гишүүд үзсэн байна.


ЧУУЛГАНЫ ӨМНӨ ХУРАЛДСАН БАЙНГЫН ХОРООНЫ МЭДЭЭЛЭЛ:

10:45 цаг

Өнөөдөр өглөө хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн хэрэгжилтийг хангах бодлогын арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийн хамгийн гол заалт нь мэдээж ямар чиглэлийг ямар царигаар холбох тухай. Ингээд уг тогтоолыг хэлэлцээд Бүгд Найрамдах Хятад Ард Улстай Засгийн газар хоорондын дээрх хэлэлцээр байгуулсан нөхцөлд Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих саналыг олонхийн саналаар дэмжсэн юм. Энэ чиглэл, цариг нь зарим талаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой зөрчилдөж буй тул уг бодлогод зарим өөрчлөлт хийх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзэж буй аж.

Төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүн С.Дэмбэрэл “Төмөр замын бодлого нь транзит тээврийн асуудлыг цогц шийдэх бодлого байх ёстой. Сайд нь томилогдоогүй яамны асуудлыг хэлэлцэж болж байгаа юм уу” гэсэн бөгөөд Х.Баттулга мөн “Төмөр замын асуудлыг хэлэлцэж байхад хариуцсан сайд, ажлын хэсгийнхэн, мэргэжлийн хүмүүс нь алга. Баялагтай газраасаа нарийн цариг гаргаад түүхий эдээ түүхийгээр нь гаргаад байвал бид хөгжихгүй. Бүх чиглэлд нарийн цариг ороод ирвэл боловсруулах үйлдвэр огт хөгжихгүй. Яг ийм асуудал Казакстанд, Тажекистанд боллоо. Ийм нарийн асуудлыг ядаж сайдыг нь тавиад, ойлголт авсны дараа хэлэлцвэл ямар вэ” гэсэн юм.

Харин ажлын хэсгийг төлөөлж сайд С.Эрдэнэ “Хоёр хөрш улсын манай улсад хийх айлчлалтай холбоотойгоор төмөр замын асуудлаа шийдэх шаардлагатай байгаа. Хятадтай хамтарсан ган төмөрлөгийн үйлдвэр байгуулахтай холбоотойгоор зарим маршрутад нарийн царигтай төмөр зам оруулж ирэх шаардлага байгаа юм” гэв.

Өмнөх хэлэлцүүлгийн үеэр шинээр чиглэл нэмэгдсэнд зарим гишүүд болгоомжилж буйгаа хэлж байсан бөгөөд Х.Болорчулуун гишүүн “Төмөр замын бодлого дээрээ өргөн төмөр замтай байна гэж заасан байдаг. Гэтэл Сайншанд-Ханги гээд нарийн замууд ороод ирлээ. Урагшаа баахан нарийн цариг тавиад байх нь хэдэн хүний лобби гэж бодож байна. Хөөт гэдэг газраас Бичигт рүү нарийн төмөр зам гарах нь. Мөн Хөөтөөс Нөмрөг рүү өргөн царигтай төмөр зам гарах нь. Хөөт гэдэг чинь ус ч байхгүй газар. Ийм газарт гол зангилаа хийдэг нь яаж байгаа юм” гэв.

Шинээр гэнэт чиглэл нэмэгдэж, нарийн судалгаагүйгээр дэмжигдэн орж ирсэн гэдгийг ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар ч мөн хүлээн зөвшөөрч буйгаа хэлээд “Яамд хуваагдсанаас болж дэд ажлын хэсэг татан буугдаад ажил хийхэд хэцүү байна. А.Тлейхан, Ж.Батсуурь гишүүний саналын томъёоллоор орж ирээд л явсан” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор гишүүдээс “Хангийн чиглэлийн талаар мэдээлэл муутай байна. Ямар учраас Ханги орж ирж байгаа талаар тодруулмаар байна” гэсэн бөгөөд ажлын хэсгийн өгсөн хариултаар “Ханги шинээр орж ирсэн нь Бугатын төмөрлөгийн үйлдвэр өөрийн хөрөнгөөр энэ чиглэлд хөрөнгө гаргахад бэлэн гэх санал ирсэнтэй холбоотой. Үүнийг яам, газартай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан” гэв. Араас нь Г.Батхүү “Шинэ яамны бүтэц бүрэлдэхүүн бэлэн болоогүй байхад ажлын хэсэг дээр гэнэт хоёр чиглэл нарийн царигтай байна хэмээн нэмэгдээд орж ирж. Хувийн уурхайн хүсэлтээр ингээд чиглэл нэмээд шууд цааш нь явуулж болохгүй байх. Ямар үндэслэл, тооцоо байгаа юм. Ингэж нэмснээр цааш нь төмөр замын хөгжлийн бодлогод ямар хэрэгтэй юм” гэж байв.

Ийн хэлэлцээд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм. Уг хуралдаанд дурдагдсан дээрх чиглэл, цариг дэмжлэг хүлээсэн бөгөөд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал шилжсэн юм.

Б.МАНДАХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж