Жүдочид эхний өдөр гурван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Жүдочид эхний өдөр гурван медаль хүртлээ

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ АНУ-ын Майамид өчигдөр эхэллээ. Энэ сарын 26-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 72 орны 308 эрэгтэй, 213 эмэгтэй, нийт 521 бөх зодоглож байна. Монголын залуучуудын шигшээ баг дасгалжуулагч Д.Батсайхан, Ш.Цэвэлмаа нарын удирдлаган дор дэлхийн аваргад оролцож буй. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар мөнгө, 55 кг-д Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 44 кг-д Г.Наранцэцэг V байрт шалгарлаа.

60 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж, Бразилын Карвалью, Пуэрто Рикогийн С.Гонзалес, Азербайжаны М.Садиговыг ялж, хэсгийн аварга боллоо. Хагас шигшээд БНСУ-ын Чой Ин Хьюк ялж, финалд Испаний бөх Ф.Гарригос иппоноор ялагдсан байна. Энэ жинд 44 бөх барилджээ.

Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан манай хоёр бөх хоёулаа медалийн тавцанд зогслоо. Б.Амартүвшин эхний тойрогт хийлж, Колумб, Аргентиний бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Францын Фикридэд торгуулиар ялагдав. Улмаар дагах барилдаанд ОХУ-ын Заирбеков, Армений В.Ховсепян нарыг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Г.Баттулга эхний тойрогт хийлж, Египетийн Али, Казахстаны Сейудалиг нарыг ялж, Армений бөх Ховсепянд вазаригаар хожигджээ. Тэрээр дагах барилдаанд Болгарын Алипиевийг цэвэр, Узбекстаны Нуриллаевийг юүкогоор ялж, медалийн тавцанд зогслоо. Энэ жинд Японы В.Юмекита түрүүлж, Францын К.Фикри үзүүрлэж, Б.Амартүвшин, Г.Баттулга нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Япон улс 3 алт, Испани 1 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Монгол Улс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, гуравдугаар байрт бичигдэж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, 73 кг, эмэгтэйчүүдийн 52 кг, 57 кг-ын жингийн барилдаанууд болно.

Ч.БОЛОР

Эх сурвалж: www.ippon.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж