Ж.Гэндэндарам: Орчуулга хийх гэтэл хинди хэлний толь бичиг байгаагүй

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Ж.Гэндэндарам: Орчуулга хийх гэтэл хинди хэлний толь бичиг байгаагүй

Энэтхэгийн хинди хэлнээс 29 ном зохиол, англи хэлнээс 11 ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлж, Монголын зохиолчдын 31 бүтээлийг англи хэл уруу орчуулж хоёр ном  болгон хэвлүүлсэн буянтан бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Жамсрангийн  Гэндэндарам юм. Түүний орчуулгын бүтээл нь нийтдээ 418 хэвлэлийн хуудас болсны дотор 70 гаруй мянган мөр шүлгийг орчуулсан байна. Ж.Гэндэндарам гуай Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн,  өдгөө 85 настай. Тэрбээр 1962 оноос эдүгээ хүртэл орчуулах, туурвин бүтээх ажлыг тасралтгүй хийсээр ирсэн төдийгүй дуун хөрвүүлэх нөр их ажлын жаргал зовлонг мэддэгийн хувьд орчуулгын бүтээл туурвигчдыг шагнаж урамшуулах саналыг гаргаад байгаа юм. Тэрбээр “Билигт гүүш” нэртэй шагналыг санаачилсан бөгөөд уг шагналын анхны эзэн ирэх оны гуравдугаар сарын 21-нд Дэлхийн яруу найргийн өдрөөр тодрох юм. Одоогоор шилдэг бүтээлд олгох мөнгөн шагнал 2500 ам.доллар буюу дөрвөн сая 600 мянган төгрөг юм байна.

Гадаадын уран зохиолын шилдэг бүтээлийг монгол хэлнээ, Монголын уран зохиолын шилдэг бүтээлийг гадаад хэлнээ орчуулан нийтлэх эрдмийн бүтээлч үйлсэд 50 гаруй жил зүтгэсэн гүүш Ж.Гэндэндарам гуайтай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.

ХИНДИ ХЭЛЭЭР ЯРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?

-Та Энэтхэгт суралцаж байх тэр үедээ Ю.Цэдэнбал даргын орчуулагчаар ажилласан гэдэг.  Тэр үеийн түүх сонирхол татаад байна л даа?

-1960-иад оны эхэн байсан. Би Энэтхэгт сураад жил гаруй болж байлаа. Тухайн үед Ю.Цэдэнбал дарга тус улсад айлчлахаар очсон юм. Тэр үед улс төрийн хэлэлцээ, яриа англи хэл дээр явдаг байсан. Ю.Цэдэнбал даргыг айлчлах тэр үеэр Шинэ Дели хотын төв талбайд байрлах Монголын хаадын хэрмийн гадна талбай дээр нийт ард түмэнд хандан цуглаан хийхээр болсон юм. Тэрхүү цуглаан дээр хоёр улсын тэргүүн нар заавал үг хэлдэг уламжлалтай байж. Тэгсэн урьд өдөр нь Ю.Цэдэнбал дарга элчин сайдын яамныханд “Бид дандаа англи хэлээр яриад байхын. Хинди хэлээр нь ярьж болдоггүй юм уу” гэжээ.  Тэд ч энд хинди хэл сурч байгаа хоёр оюутан байгаа. Тэднээр орчуулга хийлгэе гэж хэлсэн юм билээ. Тэгээд биднийг дуудаж, тэр орой нь ярих текстийг бэлдэж, маргааш нь индэр дээр гарч байсан юм.

-Хинди хэл сурах гэж очоод дөнгөж жил гаран болж байдаг. Гэтэл төрийн тэргүүний тэрхүү айлчлалаар олон мянган хүний өмнө үг хэлнэ гэдэг бол миний бодлоор их л хүнд санагдана?

-Илтгэл тавихын өмнөх өдөр мөн ч их сандарч билээ. Ж.Бадраа, Нямсүрэн бид нар  хамт суралцаж байсан ч Бадраа нэг жил болоод буцаад Монгол руугаа явчихсан юм. н.Нямсүрэн бид хоёр тэнд үргэлжлүүлж сурахаар айлдаа үлдээд байсан. Гэтэл биднийг элчингээс дуудаж байна гэхээр ихэд сандарч очиж билээ. Тэр үед элчин сайдаар Дүгэрсүрэн гуай ажиллаж байсан юм. “Энэ бол намын даалгавар. Маргааш төв талбайд Ю.Цэдэнбал дарга, Энэтхэгийн ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүнийг та хоёр хинди хэлээр орчуулж, хэлэх юм” гэлээ. Тэгж л бид хоёрын орчуулга хийх ажил маань эхэлсэн юм даа. Тэгээд маргааш нь би Ю.Цэдэнбал даргын хамт индэр дээр гарахдаа олон мянган хүнийг хараад балмагдаж билээ. Дарга яриад байдаг би түүнийг нь шууд л хинди хэлээр орчуулж эхэллээ. Хүмүүс инээх үед нь инээгээд алга таших үед нь алга ташаад байхаар нь ямар ч байсан би буруу хэлээгүй юм байна гэж дотроо жаахан ч болов тайтгарч байсан. Энэтхэгт очоод жил гаруйн хугацаа болж байсан ч хинди хэлийг тийм муу сураагүй юм байна гэдгээ ойлгож билээ. Тэндээс их урам зориг, эрч хүчийг авсан гэх үү дээ.

-Та хоёр Ю.Цэдэнбал даргатай хоолонд орсон гэсэн. Түүнтэй ярилцах боломж дахин гарчээ?

-Үг хэлж дуусаад индрээс буухад Ю.Цэдэнбал дарга хаанахын хүү билээ, юу хийдэг вэ гэж асуухад нь Завханы аймгийн Нөмрөг сумынх, энд сурдаг юмаа гэж хэлтэл гайхах янзтай байсан шүү. Чи өнөөдөр мундаг байлаа. Чиний орчуулга сайн боллоо. Чамд их баярласан шүү гэж дарга хэлээд явахаасаа өмнө уулзана гээд салж байсан. Тэгээд бид хоёрыг дахин элчингээс дуудаж, даргыг явахаас өмнө хоолонд орох юм гэж хэллээ. Тэгж, тэнд очоод жил гаруйхан болж байсан бид хоёр мандаж, бас эмээх ч үе болсон юм. Хамтдаа хоол идсэний дараа Ю.Цэдэнбал дарга түрүүлээд явчихсанд бид хоёр баярлаж билээ.  Ашгүй дээ гээд бид хоёр нэг санаа амрах шиг болтол буцаад ороод ирлээ. Тэгсэн гарч явахдаа нөгөө хоёр оюутантай уулзах хэрэг байна гэж хэлээд буцаж орж ирсэн юм билээ. Тэгээд биднийг хэрхэн амьдарч байна, ямар зорилготой энд ирэв, биднээс юу хүсэж байна гэж их олон зүйл асуулаа. Бид ч энэ улсад сургаж байгаад талархаж байна. Бид сургуульд биш айлд сууж, хинди хэл сурч байгаагаа мөн нууцаар англи хэлийг үзэж байгаагаа дуулгалаа. Дарга ч сонсож сарын дараа хариу өгнө гээд буцаж билээ.

-Удалгүй та хоёрын сарын цалин нэмэгдэж, бас орчуулгын амтанд орсон гэл үү?

-Ю.Цэдэнбал даргатай уулзаж байхад элчин сайд яамныхан байсан юм. Дарга “Та нар дуулж байгаа биз. Сарын 200 төгрөгийн степенд, айлын хоол идэж, ном үзэж байна. Сая харлаа идэж байгаа гамбирыг” гэж хэлсэн болохоор бид ч дараа нь элчингээс дуудахад бас их додигор очиж билээ. Тэд бидний 200 төгрөгийг 500 болгож, англи хэлний багшийн цалинг давхар өгөх болсноо дуулгасан. Ингэж л бид хоёр англи хэлийг хичээнгүйлэн сурсан юм. Ер нь бол гадаад хэлийг бие дааж сурсан даа. Тэрний ач буян энэ олон жилд гарлаа. Монголын ард түмний мэдлэгт тус болсондоо их хэрэг гарлаа.

 

АНХНЫ ОРЧУУЛГЫН БҮТЭЭЛ ШИНЭ ЖИЛИЙН БЭЛГЭНД ОЧСОН

-Таны хамгийн анхны хинди хэлнээс орчуулсан “Гэрлээ” ном яг юуг өгүүлж байв?

-Миний хамгийн анхны хинди хэлнээс орчуулсан ном бол “Гэрлээ” гэдэг ном юм. Энэ номыг 1962 онд Энэтхэгт сургуулиа төгсөж ирсэний дараа орчуулсан юм. “Аба” буюу “Гэрлээ” гэсэн номонд гэр бүлийн амьдралыг харуулсан, хүний сэтгэлийг хөндсөн их сайхан ном байсан. Зохиолын үйл явдалд хоёр найз байж байгаад нэг нь авгайг нь аваад суучихдаг. Тэгсэн тэр эмэгтэй багш мэргэжилтэй, нөхөр нь эмч,  харин салгаад сууж байгаа найз нь хууль мэргэжилтэй. Тэгээд тэр хуулч, багш, эмч гурвын дунд их өрнөл болж байгаагаар зохиолд гардаг юм. Тэгсэн тэр ном маань тэр жилдээ буюу 1963 оны өвөл гэхэд зарагдаад дууссан. Учир нь тэр үед хүмүүс “Гэрлээ” номыг шинэ жилийн баярын бэлэг болгож, бусдад бэлэглэж байсан юм билээ. Ингэж миний анхны ном маань уншигчдын хүртээл болохдоо тэр дороо зарагдаж, бүр бэлгэнд очиж байсан юм.

-Та хинди хэлнээс Энэтхэг дахины их туульс болох “Таван сургамж” /Панчатантра/, “Шакундала” жүжиг, “Шрирамачандраан тууж” /Раамяан/, “Номын мөр” /Дармапада/, “Махабхарата” болон “Бхагаватгита” зэрэг сонгодог 27 уран зохиолын номыг орчуулжээ. Эдгээр номуудыг орчуулж байхад ямар бэрхшээл гарч байв?

-Анхны номыг орчуулсны дараа жинхэнэ орчуулгын амтанд орсон юм. Үүний дараа “Таван сургамж” номыг орчуулсан. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд бид хоёрыг академид сургана гэж явуултал тэр нь айл байсан юм билээ. Ямар нэгэн хичээлийн программ байхгүй, багш байхгүй бараг л өөрсдөө бие дааж хинди хэлийг сурсан даа. Эрдэм шинжилгээний ажилтны гаргасан номыг үзэж, тухайн багшаас завтай үед нь юм асуудаг байсан. Тэгээд тэнд сурч байх хугацаандаа “Таван сургамж” номыг олж авсан юм. Сургуулиа төгсөж ирээд орчуулга хийе гэтэл хинди хэлний толь бичиг байдаггүй. Тэгээд хинди-англи-орос толийг орчуулж байсан. Заримдаа өдөржин суухад 2-3 хуудас орчуулсан байх жишээтэй. Тэгээд явсаар сар, сараас сайжирсаар байгаад нэг л мэдэхэд номны ард гарчихсан байдаг. “Таван сургамж” номон дээр ч бас их л хөгтэй юм болж байсан. Тухайн үед энэхүү номыг төвд хэлнээс орчуулсан номтой андуурч байсан гээд ер нь их содон зүйл болж байлаа.     

-Орчуулгыг та өөрийнхөө тайлбарлавал юү гэх вэ. “Билигт гүүш” хэмээх энэхүү шагналыг бий болгосон санаагаа хэлээч?

-Орчуулгын хамгийн сайхан зүйл бол хоёр орныг ойртуулж, хоёр орны ард түмнийг танилцуулж өгдөгт байгаа юм. Энэ л орчуулгын амт юм даа. Тэгэхээр өөрийн орон, ард түмнээ мэдэхээс илүүтэй орчуулгаар дамжуулж өөр улсын соёл, түүхтэй танилцаж байгаа нь сайхан шүү дээ. Ингэж л би орчуулгын амтанд орж, Энэтхэгийн ард түмний тэр их соёл, түүхийг Монголын ард түмэндээ харуулах юмсан гэсэн хүсэл минь биелж, шамдсан юм. Тэгээд түүндээ дурлаж, бас өөрөө зүтгэсэний хүчинд ард түмэндээ олон номыг орчуулж, тухайн улсын түүх, соёл, аж амьдралын тэр учгыг нээж өглөө. Тэгээд үүндээ ханасангүй. Орчуулгын гайхалтай эрдмийг цаашид мөнхөд явуулахад бас урам хэрэгтэй гэдэг үүднээс “Билигт гүүш” шагналыг бий болгосон юм. Тухайн үед миний зохиолыг уншиж байсан уншигчид маань одоо ч надад баяр хүргэж байдаг юм. Тэр их урам намайг өдий зэрэгт хүргэлээ.

-Таны орчуулсан Брэм Чандын “Ядуугийн зовлон” зохиол олон хүнд эрч хүчийг өгсөн болов уу. Бас энэ талаар таньд ярьмаар зүйл байгаа байх?

-“Ядуугийн зовлон” зохиол бол жинхэнэ Энэтхэг амьдралыг харуулсан бодит үйл явдлыг өгүүлдэг. Нэг удаа би Баян-Өлгий аймагт ажлаар явж байлаа. Тэндээс Ховд руу явахаар болсон юм. Тэгсэн Баян-Өлгий аймгийн хэлтсийн дарга надаас гуйлаа. Би таны машинд нэг хүн суулгаад явуулах гэсэн юм гэж. Ховдын Хөшөөтийн шоронд явах нэг хоригдол байгаа юм гэлээ. Би тухайн үед замдаа алдчихвал яах вэ гэж сандартал дэргэд нь харгалзагч явах юм, та айлтгүй гэж билээ. Тэгээд тэр хүнийг аваад явлаа.

-Тэгээд?

– Арын суудал дээр нөгөө хоригдол, цагдаагийн хувцастай харгалзагчийн хамт суулаа. Бид тэгээд Баян-Өлгий аймгаас гарлаа. 100 гаруй километр газар яваад Цамбагарав уул харагдаад ирсэн чинь нөгөө хоригдол та энд нэг зогсохгүй юу гэж байна. Тэгээд зогсоод тэр хүн хайрханд юм өргөөд суулаа. Би цааш явахдаа түүнээс асуулаа. За хүү минь ямар хэргээр, юу болчихоод ингэж явна вэ гэтэл “Би нягтлан хүн байгаа юмаа. Жаахан мөнгөний асуудалд ороод. Анх 8-9 жилийн ял авсан сонссон, тэгээд арваад сар шоронд суугаад гэрээдээ хариад ирлээ” гэв. Арваад сар шоронд сууна гэдэг хэцүү л байхдаа, та зовж шаналав уу гэж би асуулаа. Тэгсэн нөгөө хоригдол “Би арван сар шоронд суухдаа өөрийгөө зовж байна гэж бодсонгүй. Би “Ядуугийн зовлон” номыг уншлаа. Зовлон гэдэг бол ямар аймшигтай юм байдгийг тэр номноос уншлаа. Миний шоронд байсан минь жаргал байж” гээд тэрээр хэлэхдээ, би тэр орчуулагчид талархаж байна. Тэр хүнтэй хот орж уулзана гэдэг үлгэр байхдаа гэж билээ. Тэгээд би чимээгүй хэсэг байж байгаад та ер нь тэр хүнтэйгээ уулзах болов уу гэтэл хотод байгаа тэр мундаг хүн хөдөөгийн нэг муу нягтланг тоохгүй биз дээ гэж байсан. Тэгээд би чимээгүй явж байгаад тэр хүн чинь би байна гэтэл тэр хүн бүр гайхаж ийм юм байдагаа гэж шагширч билээ. Та надад жаргал өгсөн, би таньд үнэхээр баярласан. Та энэ дээр гарын үсгээ зураад өгөөч. Би шоронд очоод ахиад уншина, бас тэнд байгаа нөхдүүдэд уншуулна гэж байсан. Ер нь ийм зүйл их тохиолддог байсан.  

-Одоо та эргээд харахад дээрх жишээнээс гадна олон сонирхолтой зүйл тааралдаж байсан байх?

-Анхны ном маань бэлгэнд очиж, амархан дуусаж байлаа. Мөн зарим орчуулсан ном 100 мянган хувьд хүрч байсан. Нэг дурсамж нэмж хэлэхэд. Би Эвлэлийн төв хороонд ажилд ороод удаагүй байсан юм. Тэгсэн нэг удаа гадуур шалгалтаар явах ажил гарлаа. Хичээлээс гадуур соёл, хүмүүжлийн ажил яаж явагддагийг та үзээд ир гэж явуулж билээ. Тэгээд би Санхүүгийн техникум дээр очсон юм. Тэгсэн “Бид спорт, урлагийн арга хэмжээг тогтмол явуулж байна. Мөн заримдаа ном унших арга хэмжээ зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн үеийн орчуулгын тэр дундаа Энэтхэгийн зохиолуудыг оюутнуудад танилцуулж байна” гээд номыг минь гаргаад ирдэг байсан. Тэгээд тэр бүгдийг би сонсоод их урамшаад гардаг. Тухайн үед шалгалтаар очиход тэд намайг Гэндэндарам гэдэг хүн ирж байна гэж мэдэхгүй. Намын эвлэлийн төв хорооны шалгалт явж байна л гэдэг байсан юм. Ер нь тэр бүхэн надад их урам өгдөг байсан даа.

 

ЭМИЙГ ОРЛОХ ХӨДӨЛГӨӨН ГЭЖ БИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ОРЛОХ ЭМ БАЙХГҮЙ

-Өдий 80 гаруй зоглож байгаа таныг харахад ухааны цар тань улам л баяжаад байгаа мэт санагдлаа. Мөн их хөнгөн хөдөлгөөнтэй юм. Уран бүтээлээсээ олж авсан хүч тань нөлөөлсөн юм болов уу?

-Нэг ийм үг байдаг. Хөдөлгөөн, хоолны дэглэм л эрүүл мэндэд чухал юм. Би ажлын гараагаа арван жилийн багшийн ажлаар эхэлж байсан. Зуны цагт шавь нартайгаа зусланд гарч, өвлийн цагт цана, чаргаар гулгах гээд хөдөлгөөнтэй явж байсан. Тэгээд 30 гараад дипломат албанд орсон юм. Тэгээд 50 нас хүрээд бие маань гэнэт муудаж билээ. Тийм л үед хүн их юм боддог юм билээ. Гэхдээ би их амархан эдгэж, тэр цагаас хойш 30 гаруй жил болчихлоо.

-Яаж эдгэв?

-Би тухайн үед ийм үг уншиж байсан юм. Эмийг орлох хөдөлгөөн бий, хөдөлгөөнийг орлох эм байхгүй гэж. Энэ үгийг уншчихаад надад хөдөлгөөн дутагдаж байгаагаа олж мэдсэн. Тэгээд би хөдөлгөөн надад хэрэгтэй болж гэдгийг ухаарч алхаж эхэлсэн дээ. Бас үүнд нэг зүйлийг хэлэхэд бие маань гэнэт өвдсөн шалтгаан маань юу байсан гэхээр ийм учиртай юм. Тэр үед Гадаад харилцааны яаманд ажиллаж байлаа. Дотроо гуанзтай. Бид тухайн үед үдийн хоолоо идчихээд амралтын үлдсэн цагт амжуулж, шатар тоглодог байсан юм. Манай өрөөнд бусад маань орж ирнэ. Тэгсэн бүгд тамхи татдаг байж. Тэгсэн яасан гэхээр өвлийн цагт салхивчийг хаачихдаг болохоор агаар орох боломжгүй байдаг юм. Одоогийнх шиг агааржуулагч байсан биш дээ. Тэгээд тэр олон хүний тамхины утаа чинь өрөөнд үлддэг байж. Цайны цаг дуусаад хүн бүр өрөө рүүгээ явахад би ганцаараа үлддэг. Тэгээд орой болтол ажлаа хийж дуусгаад гардаг байлаа. Түүнийг ухаараад “Би өнөөдрөөс эхлэн алхалт хийнэ, бас өрөөндөө дахин цайны цагаар шатар тоглохгүй” гэж ам өгсөн юм. Маргааш нь нөхдүүдийг манай өрөөнд орж ирэхэд нь би дахиж шатар тоглохгүй гэж хэлээд тэднийг гаргаж байсан. Тэгээд тэр нэгэн өвлийн өдрөөс эхлэн ГХЯ-ны урдаас Төмөр зам хүртэл алхах болсон юм. Долоо хоног алхаад ирэхэд бие маань зүгээр болж, хөдөлгөөн гэдгийн гайхамшигийг бүрэн мэдэрсэн юм. Тэгээд удалгүй шавь нартайгаа хийж байсан дасгалаа эргэн хийж эхэлсэн дээ.  

-Таныг одоо Богд уулын оргил Цэцээ гүнд гардаг гэсэн?

– Гэр маань 11 дүгээр хороололд байсан. Би гэрээсээ гарч автобусанд суугаад ХААИС дээр буугаад уул руу цааш гардаг байлаа. Сүүлийн жилүүдэд зусланд өвөл, зуны байшинтай болж, хотоос зайдуу эрүүл агаарт байна даа. Сүүлийн гурван жил Г.Мэнд-Ооёо бид нар Цэцээ гүн рүү гардаг болсон. Хааяа ч болов залуучууд минь салхинд гарч, ууланд авирч байгаарай. Хүнд их сайхан энерги, эрч хүчийг өгдөг юм.

Ярилцсан Ч.БОЛОРЧУЛУУН

Монголын соёл, яруу найргийн академиас анх удаа гадаад хэлнээс орчуулсан бүтээлд хамгийн өндөр уран зохиолын шагнал болох "БИЛЭГТ ГҮҮШ" шагналыг олгох болсон талаар аравдугаар сарын 17-нд нийтэд мэдээлсэн билээ. Энэхүү шагналын анхны эзэн 2015 оны 3.21-ний Дэлхийн яруу найргийн өдрөөр тодрох юм.

 

 

Жамсрангийн ГЭНДЭНДАРАМ:

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Жамсрангийн  Гэндэндарам нь 1929 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн өдгөө 85 настай. 1962 оноос эдүгээ хүртэл орчуулах, туурвин бүтээх ажлыг тасралтгүй хийж Энэтхэгийн Хинди хэлнээс 29 ном зохиол, Англи хэлнээс 11 ном зохиолыг Монгол хэл уруу орчуулж, Монголын зохиолчдын 31 бүтээлийг Англи хэл уруу орчуулж 2 ном  болгон хэвлүүлжээ. Орчуулгын бүтээл нь нийтдээ 418 хэвлэлийн хуудас болсны дотор 70 гаруй мянган мөр шүлгийг  орчуулжээ.

Хинди хэлнээс Энэтхэг дахины их туульс болох “Таван сургамж” /Панчатантра/, “Шакундала” жүжиг, “Шрирамачандраан тууж” /Раамяан/, “Номын мөр” /Дармапада/, “Махабхарата” болон “Бхагаватгита” зэрэг сонгодог 27 уран зохиолын дээжүүдийг, мөн англи хэлнээс “Монголын эзэн Чингис хаан болон түүний үр сад”, Ж.Ж.Сандерсын “Монголын байлдан дагууллын түүх” зэрэг номуудыг орчуулж уншигчдын талархал хүлээжээ.

“Билигт гүүш” шагналыг цаашид хоёр жилд тутамд хэвлэгдэж нийтийн хүртээл болсон орчуулгын уран зохиолын номоос сонгож, нэр дэвшүүлэн, мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шилдэг бүтээлийг шалгаруулан нийтэд зарлаж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж байх юм.

“Билигт гүүш” орчуулгын бүтээлийн шагнал нь одоогийн жишгээр манай улсад уран зохиолын бүтээлийг хөхүүлэн дэмждэг шагналын дээд түвшингөөс дээгүүр байгаа бөгөөд шагнал нь Монголын Соёл Яруу Найргийн Академийн дэргэдэх орон тооны бус зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу олгох билгэдлийн цом, диплом 2,500 ам доллартай тэнцэх мөнгөн шагнал байх юм.

Энэхүү мөнгөн шагналын нэрт орчуулагч Ж.Гэндэндарам өөрөө санхүүжүүлж байгаа юм. Өнөөдрийн ханшаар шилдэг бүтээлд олгох мөнгөн шагнал болох 2500 ам доллар нь 4 сая 600 мянган төгрөг болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж