Орос, Хятад хоёр их гүрний дунд “хавчуулагдсан” Монгол улс урт удаан хугацаанд эдийн засгийн зогсонги байдалд, улс төрийн хэлмэгдэлтэд өртөж ирсэн ч одооноос сэрч, улс төрийн ардчиллын төлөө идэвхтэй тэмүүлж эхэллээ. Азийн бар орнууд гэдэгтэй адил Монгол Улсын “чоно эдийн засаг” сэрч байна. Монголын стратегийн гол зорилт нь байгалийн асар их нөөцийг ашиглан нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал юм.
Монгол Улс едөө 2,5 сая хүн амтай ч Францаас гурав дахин том газар нутагтай. Монголын өргөн уудам нутаг зэс, нүүрс, төмөр, алт, уран, цайр гээд олон төрлийн байгалийн баялгийн асар их нөөцтэй. Түүнчлэн нефть болон ховор металууд ч байгаа нь тогтоогджээ.
Монголд 20 гаруй жил ажиллаж, амьдарсан барууны нэгэн эдийн засагч Монголын эдийн засгийн талаар судалжээ. Тэрбээр “Монгол Улс ирэх 20 жилийн хугацаанд эдийн засгийн огцом үсрэлт хийж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд дээгүүр бичигдэх болно” хэмээж байна.
Монгол Улс бүхэлдээ уул уурхайгаар амьсгалж байна. Олон улсын уул уурхайн компаниуд Монгол улстай томоохон хэмжээний бизнесийн түншлэлийн гэрээнүүдийг ар араас нь байгуулж байна. Ирэх таван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээг тэрбум ам.доллар болгохыг зорьж байгаа.
Уул уурхайн тэсрэлт дагуулсан 2010 он Монголын ДНБ-ийг даруй долоон хувиар өсгөжээ. Ойрын таван жилийн хугацаанд “чонон эдийн засаг” хэрэв холбирохгүй бол өнгөрсөн оноос ч илүү өсөлт бий болгох боломжтой хэмээн Засгийн газрын гишүүд урьдчилан тооцоолжээ.
Харин зарим эдийн засагчид Монгол Улсад баялгийн хараал нүүрлэж магадгүй тухай анхааруулж байна. Ардчилсан нийгэм шаваа тавиад ердөө 20 жилийн нүүрийг үзэж буй Монгол Улс хээл хахууль, удирдлагын сул систем, харалган бодлого явуулсан хэвээр байж магадгүй гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж CNN-д ярилцлага өгөхдөө “Уул уурхай шунал басхүү айдас дагуулж байна” гэжээ.
Харин барууны нэгэн эдийн засагч “Монгол Улс боловсрол, эдийн засаг, дэд бүтэц, бусад урт хугацааны шийдвэрлэх хүчин зүйлүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Эдгээр салбарууд Монголын нөхцөлд хөгжихөд бэрхшээлтэй” гэсэн байна.
Гэхдээ хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал ахуй хүнд хэвээр байна. Тэдний дийлэнх нь Засгийн газраас сард олгодог 20 хүрэхгүй ам.доллараар голоо зогоож байна. CNN-ийн сэтгүүлч Монголын нэгэн малчнаас ахуй амьдралынх нь байр байдлын талаар ярилцлага авчээ. Гэтэл “Амьдрал маш хүнд байна. Бид юу ч хийж чадахгүй байна. Бид хотод очвол юу ч худалдан авч чадахгүй” гэсэн аж.
Монголд “алсын хараа” дутагдаж байна. Өнөөдрийг хүртэл Монголд цутган орж ирж байгаа хөрөнгө оруулалтын урсгал дунд болоод урт хугацааны хэтийн төлөв гэхээсээ илүү зөвхөн өнөөдөртөө зориулагдаж байна. Хамгийн шүүмжлүүштэй, чухал жишээ дурьдвал “Архинд живж буй Монголын нийгэм. Архидалтыг гавлаж, хянахгүйгээр хүмүүст сул мөнгө тарааж байгаа явдал нь алсдаа нийгэмд маш их хор хөнөөлтэй” гэжээ.
“Монгол Улс бол хоёр том зааны голд давхиж буй давжаа морь” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч эх орноо тодорхойлжээ.
Хөрш Хятадын нөлөө сүүлийн үед далайд гарцгүй Монголд улам ихээр нөлөөлөх боллоо. Монгол Улсын Хятадаас хараат байдал улам тэлсээр, худалдааны гол түнш, эрдэс баялаг түүхий эдийн гол зах зээл нь Хятад улс болжээ. Хятад улстай харилцаагаа муутгахгүй байх нь Монгол Улс гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Гэхдээ Монгол Улс нь ОХУ, Япон, АНУ, Канад, Турк гэх мэт бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа эрчимтэй бэхжүүлж байгаа гэж барууны эдийн засагч хэлжээ.
Монголын төрийн удирдлагууд өмнө нь баялгийн хараалд нэрвэгдсэн бусад улс орнуудын туршлагыг судалж, алдааг дахин давтахгүйн тулд ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар олборлолт, үүнтэй холбоотой авлига хээл хахуулийн асуудалд сонор сэрэмжтэй байж, уул уурхайн тухай хууль тогтоомжийг чангаруулж байна.
Монгол Улс Ерөнхийлөгчийн хэлснээр “Бид өөрсдөө төрийн мөнгийг халаасалбал улс орон маань удаан оршин тогтнохгүй гэдгийг сайтар ойлгож мэдэж байгаа” гэжээ.