Манай улсад уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхижих болсоноос үүдэн байгаль орчин сүйдэж, дагшин байдлаа алдах нь ихэссэн. Уул уурхайн компаниуд хариуцлагагүй, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийхгүй байгаагаас үүдэн мал бэлчээрлэх газар газаргүй, иргэд амьдрах газаргүй болсон гэх асуудал Төв аймгийн Заамар суманд гараад байгаа аж. Тодруулбал, “Зэрэгцээ” гэх алтны уурхай Төв аймгийн Заамар суманд 2005-2011 оны хооронд алт олборлолтын үйл ажиллагаа явуулжээ. Гэвч нөхөн сэргээлт хийгээгүйгээс үүдэн уурхайн сүйдлэсэн газарт мал ихээр унаж үхэн, нутгийн иргэд малаа бэлчээрлүүлэх газаргүй болсон байна. Иймээс тус сумын иргэд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон хуулийн байгууллагад хандан “Монголросцветмет” компанийн охин компани болох “Зэрэгцээ” гэх компанийг яаралтай нөхөн сэргээлт хийлгэхийг шаардаж байгаа аж.
Төв аймгийн Заамар сумын Хайлааст III багийн иргэд “Алт дагасан ашиг сонирхолоос үүдэн Төв аймгийн Заамар сумын нутаг эвдэрч сүйдсэн хэвээр байхад тус компанийнхан нөхөн сэргээлт хийсэн гэж мэлздэг. Үүгээр зогсохгүй Төв аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Байгаль орчны алба энэ эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээлт хийснээр хүлээж авсан гэсэн. Үнэндээ “Алт” хөтөлбөр хэрэгжих болсноос хойш Төв аймгийн 10 мянган га талбай хөндөгдөж эвдэрсэн. Гэтэл эвдэрч сүйдсэн газрын ердөө 30 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн байна. Аймгийн удирдлагууд “Зэрэгцээ” гэх компанийг нөхөн сэргээлт хийлгэх асуудалд огтхон ч анхаарал хандуулахгүй, анхаардаггүй иймээс дараагийн шатны байгууллагад хандаж байна” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ