Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Е хэсгийг тэргүүлж байгаа Германы “Байерн Мюнхэн” клуб Италд очиж “Рома”-гийн талбайд зочилж тоглолоо. Хүснэгтийг тэргүүлэгч хоёр багийн тоглолт санаанд оромгүйгээр өрнөж, зочид өрсөлдөгчөө талбай дээр нь 1:7-оор бутниргэлээ.
Талбайн эздээс 66 дахь минутад Жервиньо нэр төрөө аварсан ганц гоол оруулсан. Тэгвэл “Байерн Мюнхэн”-ээс 8, 30 дахь минутад Роббен хоёрыг, Гётце 23, Левандовски 25, Мюллер 36, Рибери 78, Шакири 80 дахь минутад нэгийг оруулжээ.
Тэгвэл нөгөө талд Оросын “ЦСКА” клуб талбай дээрээ Английн аварга “Манчестер Сити”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 29 дэх минутад Агуэро нэгийг хийсэн бол 38 дахь минутад Милнер тэргүүллээ баталгаажуулсан. Харамсалтай нь “Сити”-гийн хамгаалалт муу байж эргүүлээд хоёр гоол алдсан. 64 дэх минутад Думбия нэгийг хийсэн бол Натхо 86 дахь минутад торгуулийн цохилтоос тоог тэнцүүлжээ.
Ингэснээр Е хэсгийг “Байерн” есөн оноотой тэргүүлж, “Рома” дөрвөн оноотой удаалж, “Сити” ердөө хоёр оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.
Ч.БОЛОР