Эверестийг зорьсон уулчид өнөөдөр оргил өөд

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Эверестийг зорьсон уулчид өнөөдөр оргил өөд

Дэлхийн ноён оргил Эверестэд мөрөө үлдээхээр зориглосон уулын спортын ОУХМ Б.Гангаамаа өнөө шөнө үндсэн дайралтаа хийхээр бэлтгэлээ базааж буй бололтой. Хоёр жил гаруй хугацаанд бэлтгэлээ базаасны эцэст дөрөвдүгээр сарын 4-нд Улаанбаатараас хөдөлсөн тэрбээр "Adventure extreme" клубын олон улсын багт багтсан байгаа. Энэ үе бол уулчид, мэргэжлийн тамирчин, сонирхогчид, адал явдлын эрэл хайгуулч, эгэлгүй зоригтнууд Эверестийг зорьдог оргил үе гэж болно. Учир нь жилийн энэ л үед Эверестэд цаг агаар хамгийн тогтуун, дэлхийн ноён оргилыг эзлэхэд цаг агаарын хувьд хамгийн таатай үе байдаг аж. Тиймдээ ч өдгөө Эверестийн өндрийн кэмпэд 170 гаруй уулчин цуглаад байгаа юм байна.

Түвдийн талаас Эверестийн ноён оргил өөд авиралтаа эхлүүлсэн "Adventure extreme" багийн бүрэлдэхүүнд манай уулчнаас гадна Англи, Америк, Канад, Польш, Балбын уулчид багтжээ. Тэд өчигдөр оргил хүртэлх олсоо тавьж дуусгасан бөгөөд өчигдөр 8300 метрийн өндөрт хүрч байрлан, 20-ноос 21-нд шилжих шөнө буюу тун удахгүй үндсэн дайралтаа эхлүүлж, оргилд гарахаар төлөвлөн байна. Авиралтыг Канадын уулчин Рауно Хоглин ахалж байгаа байна.

Монголын талаас ойрын өдрүүдэд Б.Гангаамаатай холбоо барьж чадаагүй байна. Түүний аяллыг хариуцаж буй “Mongolian Expedition” компанитай бид холбоотой байж, Б.Гангаамаатай холбогдсон даруйд мэдээлэл хүргэх болно.

Амжилт хүсье, Гангаамаад. Дэлхийн зулай гэгдэх Эверестийн оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулаарай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж