Ховд аймгийн зочлох үйлчилгээний салбарынхан мэргэшив

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Ховд аймгийн зочлох үйлчилгээний салбарынхан мэргэшив

Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтан үйлчилгээний ажиллагсад, менежерүүд, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, зөөгч барменүүдэд “Зочид буудлын үйлчилгээний ажиллагсдын ажлын байран дахь мэргэшүүлэх сургалт” зохион байгууллаа.

Аймгийн аялал жуулчлалын үйлчилгээний ажиллагсдыг мэргэшүүлэх, үйлчилгээний үндсэн технологи эзэмшүүлэх зорилготой энэ сургалтыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Мерси корп төсөл хамтран 2011 оны 5-р сарын 15-17-ны өдрүүдэд Цамбагарав зочид буудалд хийсэн юм.

Сургалтаар зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний онцлог төрлүүд, зочин хүлээн авах, өрөө үйлчилгээ, хоол унд, бусад үйлчилгээ, зочин байрлаж байх үеийн цэвэрлэгээ, зочин ирэхийн өмнөх үе, зочин байрлаад гарсан үеийн цэвэрлэгээ үйлчилгээний технологи, угаалгын үйлчилгээний технологи, үйлчилгээнд тавигдах стандарт шаардлага, үйлчилгээний технологи, төрөл онцлог, аргууд, цэс гардуулах, ширээ засах үндсэн дараалал, зочинд хоол олгох аргууд, өглөө цайны ширээ засалт, үйлчилгээний ажилтны харилцааны соёл, гоо зүй, зочны захиалга авах, бүртгэл хөтлөх, мэдээлэл дамжуулах, бүртгэлээс хасах, менежерийн соёл, үндсэн үүргүүд, утсаар харилцах албан харилцаа, зочид буудлуудад илэрч буй зөрчил, шалтгаан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг хичээлийг онол, дадлага хослуулан зохион байгуулав. Мөн инээмсэглэж сургах дадлага хийсэн нь сонирхолтой байлаа.

Сургалтын үеэр Аймгийн зочид буудлуудын холбоо байгуулах талаар санал гарч, улмаар бодит ажил хэрэг болголоо. Холбооны даргаар “Буянт” зочид буудлын захирал Д.Янжинсүрэн, гишүүдээр “Цамбагарав” зочид буудлын захирал Д.Басбиш, “Гранд” зочид буудлын захирал Б.Гомбосүрэн, “Боорж” зочид буудлын захирал Ж.Амарсайхан, “Мянган угалзат” ОНӨУҮГ-ын захирал х.Жавзансүрэн нар сонгогдон ажиллах боллоо гэж Ховд аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Мөнхдолгор мэдээллээ.

Эх сурвалж: www.mne.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж