Н.Алтанхуягийн хийсэн гэрээ зөв үү?

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийн хийсэн гэрээ зөв үү?

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг МАХН-тай хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн, байгуулсан асуудал улс төрийн амьдралд ЗӨВ, БУРУУ хэмээн маргаан дагуулсаар байна. Тэгвэл энэ талаар "Ньюс" агентлаг улстөрчдийн "ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ"-ийг хүргэж байна. Энэ асуудлаар АН-ын ҮЗХ-ны гишүүн, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал мэдэгдэл гаргасан бол УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн гишүүн Ц.Цолмон гэрээг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Р.Амаржаргал: Энэ гэрээг үг дуугүй хүчингүй болгох хэрэгтэй

Ийм гэрээ байгуулсанд үнэхээр цочирдож байна. Намын тодорхой институт гэж байна л даа.  Намын бүлэг, намын ҮЗХ гэх мэт. Гэтэл энэ асуудлыг огт хэлэлцэлгүй шийдсэн. Энэ нь намыг монополчилж, өмчилж байгаагийн нэг илрэл гэж харж байгаа. Хэрэв би андуураагүй бол намын  дүрэмд  өөр намтай гэрээ байгуулах асуудлыг Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийднэ гэж заасан. Ямар ч байсан энэ гэрээг үг дуугүй хүчингүй болгох хэрэгтэй. Үндэсний зөвлөлдөх хороо сүүлийн 3-4 жил  хуралдаагүй байгаа шүү дээ”  гэсэн юм. Гишүүн Р.Амаржаргалын гаргасан мэдэгдэлдээ  “2016 оны сонгуульд АН олонх болоогүй тохиолдолд МАХН-тай хамтарна” гэж тохирч байгаа нь намын дарга ээлжит сонгуульд олонх болохгүй нь гэсэн өөдрөг бус төсөөллөөр байж болох хамгийн муу хувилбараар намаа удирдаж, шийдвэр гаргаж байна гэж дүгнэлээ.  Монгол Улсын Үндсэн хуульд “ард иргэд өөрсдийн төлөөлөл УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэж хуульчилсан байдаг. Харин энэ гэрээ ёсоор АН нь шат шатны улс төрийн сонгуульд МАХН-аас хараат байдлаар нэр дэвшигчээ шийдэж байгаа нь улс төрийн бодлогын өрсөлдөөн, өөрийн намын үзэл баримтлал, үнэт зүйлсийг уландаа гишгэлж, ард иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зориудаар удирдан залах гэсэн урьд өмнө үзэгдэж байгаагүй улс төрийн үзэгдэл болж байна. Эцэст нь дүгнэхэд Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчид АН-ыг өөрсдийн хувийн өмч, оршин тогтнох оромж болгож хувиргаснаар цаашдаа АН орших уу, эс орших уу хэмээх улс төрийн томоохон аюулын ирмэгт хүрч ирээд байна.  

            Ц.Цолмон: Намууд цаашдаа гэрээгээр ажиллах соёлд суралцах хэрэгтэй

МАХН эвсэл байгуулсан МҮАН-аас нууцаар салж АН-тай гэрээ  байгуулсан зүйл байхгүй. МҮАН, МАХН хоёр АН-тай байгуулсан гэрээнээс илүү урт хугацаанд хамтран  ажиллах гэрээтэй. Тэр гэрээг  үгүйсгэж,  хүчингүй болгосон зүйл байхгүй. АН-тай гэрээ байгуулснаас болоод  МҮАН-ын гишүүд маргалдсан, зөрчилдсөн  асуудал болоогүй. Намын дарга намаа төлөөлж шийдвэр гаргадаг. Түүнийгээ намын бусад  нөхөддөө ойлгуулдаг. АН-ын дарга Н.Алтанхуяг Удирдах зөвлөлөөрөө асуудлаа хэлэлцсэн гэж ойлгож байгаа. Энэ бол АН-ын дотоод асуудал учраас бид оролцож, өмнөөс нь тайлбар хийх нь зохимжгүй. Ер нь улс төрийн намууд гэрээтэй ажиллаж сурах шаардлагатай. Өмнө нь  тэр намын дарга нар уулзаж гэнэ, тийм асуудал ярьж гэнэ гэдэг байдлаар л ярьдаг байсан шүү дээ. Харин  ингэж албан ёсоор гэрээ байгуулсан нь олон улсын жишгээр бол нэг шат ахиж байна.  АН МАН хоёр тодорхой асуудлаар  гэрээ байгуулж болно шүү дээ.  Гол нь төрийн боловсон хүчний асуудал  чухал. Нэг нам гарахаар л дээр пооргүй бужигнадаг  байж болохгүй. Зарим хүмүүсийн мэдээлэл дутуу байж магадгүй. Алсын хараатай, хоёр намын эрх ашигт нийцсэн гэрээ  байгуулсныг шүүмжлэх биш өөрсдөө бас энэ жишиг рүү ормоор байна. Засгийн газар тогтвортой ажиллахад  ч энэ гэрээ сайнаар нөлөөлнө. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсны дараа ч биш олон сар жил яригдаж байгаад байгуулсан гэрээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж