Ховд аймгийн Жаргалант суманд Шууд Ардчилал Хүрээлэн, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, АНУ-ын Азийн Сан хамтран Хөтлөх урлагийн сургалт зохион байгуулж, 25 хөтлөгч бэлдэв. Хөтлөх урлаг анх гучаад жилийн өмнө Швейцар улсад бий болж, улмаар дэлхийн улсууд хэрэглэж ирсэн юм. Харин манайд хоёр жилийн өмнөөс хөтлөгчдийг бэлдэж эхлээд байна. Ховдын сургалт нь манай орны хөдөө орон нутагт зохион байгуулагдсан анхны сургалт бөгөөд Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж нарын чин сэтгэлийн дэмжлэгээр амжилттай болж өндөрлөн, сургалтанд оролцогчид иргэний оролцоог хөгжүүлэхэд чухал хэрэгтэй олон зүйлийг сурч, хөтлөгчийн гэрчилгээгээ гардан авав.
Ховд аймгийн Жаргалант сумын анхны хөтлөгчид
Сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, Засаг дарга Д.Баасандорж, ШХА-ийн ахлах зөвлөх, доктор Н.Сэлэнгэ, ОНЗ С.Бат-Эрдэнэ, хөтлөгч мастер багш доктор А.Саруул, доктор Р.Даваа нарын хамт
ШАХ-ийн Гүйцэтгэх захирал, доктор А.Саруул
Нийт дөрвөн өдөр үргэлжилсэн уг сургалтын гол зорилго нь Иргэдийн нийтийн хурал, Иргэний танхим, олон нийтийн хурал, хэлэлцүүлгийг тусгай аргаар хөтлөхийн ач холбогдлыг ойлгуулах, хөтлөх чадавхи эзэмшүүлэх явдал байлаа. Эн тэргүүнд нутаг орны иргэд нь хотын дүрэмтэй болохыг хүсэн хүлээж байгаа юм.
Сургалтын нарийвчилсан зорилтуудад
- өөртөө итгэлтэй болох
- хөтлөгчийн үүрэг, чадвар, зан төлөв ямар байх ёстойг мэдэж авах, эзэмших
- хэлэлцүүлгийн ба бичилтийн дүрмийг мэдэж авах
- янз бүрийн хөтлөх арга, хэрэгслийг бодит жишээн дээр тулгуурлан эзэмших
- хотын дүрэм гаргах хэлэлцүүлэгт бэлдэх
- илтгэх, мэдээлэл солилцох, санаа бодлыг цэгцлэх, дүрсжүүлэх, үр дүнг эмхэтгэн нэгтгэх, үнэлгээний арга барил эзэмших, зөвшилцөж сурах зэрэг хөтлөх урлагийн бүхий л зүйлийг эзэмших багтана.
Аливаа сургалт, түүнчлэн хурал, хэлэлцүүлэг хөтлөх нь хөтөлбөрөөс эхэлнэ. Хөтөлбөрөө сайн гаргах нь хурал, хэлэлцүүлэг, сургалт амжилттай, сайн болохын үндэс юм. Хөтөлбөр танилцуулж, зөвшилцсөний дараа дүрэм батлах хэрэгтэй. Учир нь оролцогчид өөрсдийн гар өргөн баталсан дүрмийг зөрчдөггүй. Дүрэмд жишээ нь гар утсаа унтраах, эсвэл дуугий нь хаах, сургалтын нууцлал, зэрэгцэж ярихгүй, сэдвээс гадуур асуудлаар хоорондоо ярихгүй байх зэрэг сургалтанд саад болох бүхий л зүйлийг тусгана.
Хөтөлбөр, дүрэм болон цаашид сургалтанд хэрэгтэй бүх зүйлийг дүрсжүүлэн, сайн харагдах газар байрлуулснаар оролцогчид байнга сургалт, хэлэлцүүлгийн ямар үе шатанд, ямар асуудал дээр ажиллаж байгаагаа мэдэж байх боломжтой.
Оролцогчид сургалтын үеэр өдөр бүр “Сурснаа эргэн санаж, тоймлох баг”, “Зохион байгуулах баг”-ийг өөрсдийн хүссэнээр байгуулж ажиллана. “Зохион байгуулах баг” сургалтын үеийн дүрмийг баримтлуулж, хөтлөгчдөд тусалдаг бол нөгөө баг нь дараа өдрийн өглөө өөрсдийн сонгосон аргаар өмнөх өдөр үзсэн зүйлийг эргэн сануулна.
“Сурснаа эргэн санаж, тоймлох баг” АХА явуулан, өмнөх өдөр үзсэн зүйлийг батжуулав
Дүрсжүүлэлт, бичилт зэрэг хөтлөгчид хэрэгтэй чухал зүйлстэй танилцах, эзэмших дасгалын дараа хөтлөгч МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ЗАН АВИРЫН хувьд ямар байх ёстойг оролцогчид өөрсдөө тодорхойлно. Хөтлөгч багш нар зөвхөн ямар арга, яаж хэрэглэхийг зааж, чиглүүлж өгнө. Энэ нь ямар нэгэн лекц уншихаас илүү үр дүнтэй, оролцогчдыг бие даан ажиллуулах арга юм.
Сургалтын үйл явц энд багтахгүй учир гол зүйлээс дурдъя. Оролцогчдыг багаар ажиллуулах нь хөтлөх урлагийн үр дүнтэй аргуудын нэг юм. Багуудад хэрхэн хуваах, сэдвээс хамааран нэг багт хэдэн хүн байвал оновчтой зэргийг Швейцарийн Эрнст Боллигер багшийн (ШАХ-ийн Гүйцэтгэх захирал, доктор А.Саруулын орчуулсан) “Хөтлөх урлаг” номыг ашиглан танилцуулж, бие даан ажиллахад нь хөтлөгчид чиглүүлж байв. Даалгаврыг бодит асуудлуудаар бэлдсэн нь оролцогчдын идэвхи, сонирхлыг өдөөж байлаа. Оролцогчид үнэхээр нутаг орноо сайн сайхан болгоё, чадах зүйлээ хамтран хийж, сумынхаа хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн чин эрмэлзэлтэй болох нь тодорхой байв. Тэд даалгавар бүр дээр үүргийн хуваарилалтыг баримтлан, хэлэлцүүлэг хийж, дүрсжүүлэн, шийдвэрлэсэн асуудлаа багийн илтгэгч тус бүр нийтэд танилцуулж байв.
Багийн хэлэлцүүлэг
Багийн илтгэл
Оролцогч бүр нийтийн өмнө мэдээлэл хийж байгаа видео бичлэгийг үзүүлэх нь өөрсдийгөө дүгнэх чухал арга бөгөөд бичлэгээс ажигласан дутагдлаа залруулан, дахин мэдээлэл хүргэх дасгал хийв. Мөн баг тус бүрийн хэлэлцүүлгийн видео бичлэг хийж, нийтэд үзүүлэх нь хөтлөх урлагийн үр дүнтэй аргын нэг юм.
Нэг минутын видео бичлэг хийж, нийтэд үзүүлэх нь цагийг үнэлэх, өөрийн алдааг олж харах энгийн, үр дүнтэй арга юм
Багийн ажлын видео бичлэг хийж байна
Ийнхүү янз бүрийн аргаар гүйцэтгэсэн дасгалуудын дараа оролцогчдын өөртөө итгэх байдал нэмэгдэж, улмаар гурав дахь өдрийн үдээс хойш хотын дүрмийн хэлэлцүүлэгт бэлдэх талаар ярилцах боломжтой болсон юм. Сургалтын хөтөлбөр байнга ханан дээр хадаастай байсан болохоор оролцогчид ямар асуудал дээр ажиллаж байгаагаа тодорхой, сайн мэдэж байлаа. Түүнчлэн ямар шийдвэр гаргаж, юуг илүү тодорхой болгохоор үлдээсэн зэргийг хүссэн цагтаа дүрсжүүлсэн чартуудаас харах боломжтой байв.
Дөрвөн өдөр үргэлжилсэн хөтлөх урлагийн сургалт алсын хараа юу байх вэ, сурсан зүйлээ юунд, хэрхэн хэрэглэх вэ, хотын дүрэмтэй болохын тулд хамтдаа юу хийх вэ зэрэг Жаргалант сумын чухал асуудлуудын талаар харилцан ярилцаж, хөтлөгч багш нар зөвлөгөө өгснөөр өндөрлөсөн юм. Манайд хэрэглээд хоёр жил болж буй хөтлөх урлагийн сургалтын талаар товчлон өгүүлэхэд ийм байна.
“Дээрээ суудлаа олж чадахгүй байгаа нөхдөд” бухимдаж, гар хумхин сууснаас МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар хийгдэж буй олон ажлын утга агуулгыг сайтар ойлгон, оршин суугаа нутаг орныхоо жинхэнэ эзэн нь болох үйлсэд зүтгэх нь ирээдүйн сайн сайхныг ойртуулах чухал хүчин зүйл гэдэгт эргэлзэх зүйл үгүй юм.
Хөтлөгчийн гэрчилгээгээ гардан авсан оролцогчдоос бие даан хөтлөх урлагийн сургалт явуулах сонирхолтой эсэхийг тодруулж, дараагийн шатны сургалтад хамруулах ажлыг Азийн сангийн Орон нутгийн зохицуулагч С.Бат-Эрдэнэ хариуцан үлдэв. Бат-Эрдэнэд талархал илэрхийлэн, иргэдийн оролцоог хөгжүүлэх эрхэм үйлсэд нь амжилт хүсэн нийтлэлээ өндөрлөе.
Хэрэв та Хөтлөх урлагийн талаар сонирхож байгаа бол ШАХ-ийн хийгдэж байгаа http://www.shuud-ardchilal.mn вэбсайтаар зочлоорой.
Р.ДАВАА
ШАХ-ийн ажилтан