Өвөрмонголын Өөртөө засах орны нийслэл Хөх хотноо “Үндэстний уран зохиолын музей” хэмээх нэгэн сайхан ном соёлын ордон сүндэрлэн боссон ажээ. Өвөрмонголын нэрт зохиолч Т.Сайнбаярын санаачлагыг төр засаг нь дэмжиж, таван давхар үзэсгэлэнт орд өргөөг сүндэрлүүлэн босгож өгсөн бөгөөд, түүний удирдлагаар Дундад улсын цөөнх үндэстний утга зохиолын түүх, нэрт зохиолчдын намтар, үйл ажиллагаа, гар бичмэл, бичгийн хэрэгсэл, ном бүтээлүүд энд чуулжээ.
Эдүгээ дэлхийн бүх улс орон болгонд үндэсний утга зохиолын музей байх бөгөөд нэрт зохиолчдын гэр музей, тэдний дурсгалын хөшөө цогцолборыг байгуулж, улс үндэстнийхээ оюун соёлыг дээдлэн хүндэтгэж сурталчилан таниулж байдаг нь соёлт ертөнцийн жам болжээ. Харин манай тусгаар тогтносон Монгол Улсад Үндэсний утга зохиолын музей хийгээд бичиг соёлдоо зориулсан музей бий билүү хэмээн цочир цочирдон гайхахын хамт олон жилийн өмнө санаа сэдэл гаргаж, зураг төсөл боловсруулан дээш өргөөд хад мөргөж архивт орсон нэгэн хавтас буйгаа санан Монгол улсын төр засагт хандан санал төслөө өргөн танилцуулбал яадаг бол хэмээх мохсон сэтгэлийн гал асаж ядан байнам.
Эх сурвалж: www.facebook.com