И.Отгонбаяр: Б.Ганболд энэ байранд хэн орж болох, болохгүйг мэдэх эрхгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

И.Отгонбаяр: Б.Ганболд энэ байранд хэн орж болох, болохгүйг мэдэх эрхгүй

Монголын хөлбөмбөгийн холбооны IV  их хурал ирэх сарын 10-11-нд болох тов гарсан. Энэ үеэр холбооны ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд уг албан тушаалд нэр дэвшин өрсөлдөж буй Б.Ганболд бусдаас авилга авсан гэдэг үндэслэлээр ФИФА-гаас түүнийг таван жилийн хугацаанд дотоодын болон олон улсын ямарваа нэг үйл ажиллагаанд оролцохыг нь хориглосон. Үүнтэй холбогдуулан МХБХ-ын гишүүд, дэмжигчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн захирал И.Отгонбаяраас тодруулга авсанаа уншигч танаа хүргэж байна.

-Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой дуулиант мэдээллийн талаар таниас хэдэн асуултад хариулт авах гэсэн юм. Уржигдар Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны сайтад танай холбооны ерөнхийлөгч Б.Ганболдыг бусдаас авилга авсан гээд биччихсэн байна. Энэ үнэн үү?

-Би энэ талаарх мэдээллийг оройн 17.00 цагийн орчимд мэдсэн. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. “CNN”, “Bloomberg”, “BBC” гээд дэлхийн алдартай мэдээллийн хэрэгслээр бидний тухай сөрөг мэдээллийг цацсан байна. Харамсалтай нь энэ мэдээлэл баттай юм. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч таван жилээр эрхээ хасуулж байна гэдэг бол гутамшигтай хэрэг. Гэхдээ Монголын хөлбөмбөгчдийн тоглох эрхийг цуцлаагүй. Зөвхөн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч гээд заачихсан байгаа. Өнөөдрийн уулзалт цуглааны гол зорилго нь бид энэ дуулианы хажуугаар Монголынхоо хөлбөмбөгийг яаж цэвэр авч гарах вэ гэдэг л асуудал байна. Энэ зөвхөн Б.Ганболдоор тогтохгүй Монголыг дэлхийн тавцанд шившигтэй нь хутгаж орхисон. ФИФА-гийн санхүүжилтээр Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын хүүхэд залууст зориулан барьж өгсөн футзалын ордон, хөлбөмбөгийн талбайг тойрсон их мөнгөний асуудал Б.Ганболд гэгч нөхрийн үнэн нүүр царайг олонд таниуллаа.

-Монголын хүүхэд залууст зориулан босгон гээд байгаа энэ талбай одоо цоожтой л байна. Гэтэл манай хүүхэд багачууд сурын стандартын бус талбайд бэлтгэл хийж байна. Үргэлж ийм байдаг уу?

-Манай хөлбөмбөгийн холбоо яг ийм байдлаар олон жилийг үдэж байгаа. Зарим баг тамирчид энд бэлтгэлээ хийхдээ мөнгө төлдөг. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй юм. Биднийг оруулдаггүй юм аа гэхэд ядаж энэ муусайн хүүхдүүдээ бодмоор юм. Бид энд хэвлэлийн бага хурал зарладагийн гол учир нь холбооны ерөнхийлөгч маань хэл аманд орж, холбоогоо төлөөлөх эрхгүй болж, одоо бид яах вэ гэдэг асуултыг л тавих гэж энд ирцгээсэн юм шүү дээ. Гэтэл биднийг, сэтгүүлч та бүхнийг дотогшоо оруулахгүй ийм байдалтай угтаж байгааг цааш нь үнэн зөвөөр нь уламжлаарай. Үнэхээр бухимдаж байна.

-Танай холбооны ерөнхийлөгч өрөөндөө байгаа юм биш үү. Тэгээд л та бүхнийг ч дотогш оруулахгүй байгаа юм болов уу?

-Миний олж дуулсанаар ФИФА-гаас Б.Ганболдын үүрэг гүйцэтгэх, холбооны ажилд оролцох эрхийг таван жилээр хассан байна. Энэ албан бичиг өнөөдрөөс хүчин төгөлдөр гэсэн байна. Тэгэхээр Б.Ганболд гэдэг хүн одоо энэ байранд хэн орж болох, болохгүйг цагдах эрхгүй юм. Гэсэн ч биднийг оруулахгүй байна.

-Тэр мэдээлэл тархсан нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль ойртсонтой холбож ярих хүн байна. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

-Сонгуультай жил бүү хэл дайн болж байхад хүртэл дэлхийн хаана ч хөлбөмбөг тоглож байдаг шүү дээ. Тэр гарсан дуулиант мэдээлэл сонгуулийн мөчлөгтэй давхцсан нь харин ч сайн юм боллоо. Бид одоо яаравчлан Удирдах зөвлөлөө хуралдуулж ФИФА-д дуу хоолойгоо хүргэхгүй бол балрах гээд байна. Нэг жишээ дурдахад гурван жилийн өмнө Б.Ганболдоос болж Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос манай шигшээ багийг тэмцээнд орохыг хориглосон байдаг.

-Одоо тэгээд та бүхний шаардаад байгаа асуудлын гол зангилаа нь чухам юу юм бол?    

-Маш түргэн ээлжит бус хурлаа хуралдуулах хэрэгтэй. Эндээс бид цааш хөдлөх зөв гарцаа олж авах юм. Олон улсад навс унаад байгаа Монголын хөлбөмбөгийн нэр төрийг босгох эсэх нь энэ хурлаар л шийдэгдэх юм даа.

-Ээлжит бус хурлаа явуулахад саад болох зүйл байхгүй биз дээ?

-Өнөөдөр өглөө /өчигдөр/ холбооныхоо бүх гишүүдэд хэл дуулгасан байгаа. Тэгээд бид дүрмийн дагуу нийт гишүүдийн 3/1 хувиа бүрдүүлж чадвал ээлжит бус хурлыг зохион явуулах эрх зүйн чадамжтай болно. Тиймээс бид холбооныхоо үүдэнд ээлжлэн жижүүрлэн гарын үсэг цуглуулж байна.

Д.ЖАВХЛАН

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж