Путин Украиныг Польштой хуваах санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Путин Украиныг Польштой хуваах санал тавьжээ

Польшийн парламентын спикер Радослав Сикорский

 

Владимир Путин 2008 онд ОХУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Польшийн экс Ерөнхий сайдад Украиныг хамтарч хувааж авах санал тавьж байсан гэнэ. Энэ талаар Польшийн парламентын спикер Радослав Сикорский /Х.19/ Америкийн “Politico” вэб сайтад ярьсан байна. Радослав Сикорский нь 2007 оноос өнгөрсөн есдүгээр сарыг хүртэл Польшийн Гадаад хэргийн сайдаар ажилласан юм. Радослав Сикорский 2008 онд Польшийн экс Ерөнхий сайд Дональд Тускийг дагалдан ОХУ-ын Москва хотноо айлчлах үеэр Украиныг хуваах яриа гарсан аж. “Украин бол зохиомол улс бас Львов бол Польшийн хот. Иймд бид үүнийг хувааж авцгаая” гэж Владимир Путин Дональд Тускт  хэлсэн гэнэ.  Харин Польш ОХУ-ын ашиг сонирхолд нэгдэхийг хүсээгүй тул экс Ерөнхий сайд Дональд Туск Путины саналд хариу хэлээгүй хэмээн Радослав Сикорский ярьжээ. Дэлхийн II-р дайнаас өмнө Львов хот болон Украины баруун хэсгийн зарим газар нутаг нь Польшийн эзэмшилд байсан аж. Түүнчлэн Крымын хойг ОХУ-д нэгдсэний дараа ОХУ-ын парламентын спикер Владимир Зириновский Польш, Румын, Унгарын Засгийн газарт захидал илгээж, Украиныг хуваах үйл хэрэгт хамтрах санал тавьсан гэнэ.

 

Радослав Сикорскийн энэ ярилцлага нийтлэгдсэний дараа тэрээр Твиттертээ түүний хэлсэн зарим үгийг өөрчилж зассан байна хэмээн мэдэгдсэн ч нийтлэлийг үгүйсгээгүй байна. Радослав Сикорскийн энэ ярилцлага ОХУ болон Польшийн харилцааг муутгаж болзошгүй юм. Одоогоор энэ талаар ОХУ-ын талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин Польшийн Ерөнхий сайд Эва Копач “Хэрэв Путин ийм санал тавьсан бол ичгүүртэй хэрэг. Польшийн нэг ч Ерөнхий сайд өөр улсыг хуваах ийм шившигтэй хэрэгт оролцохгүй” гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Польшид ОХУ-ын хоёр иргэн тагнуулын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байгаа аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reauters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж