Өрийн босгыг нэмэгдүүлэх аюул

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Өрийн босгыг нэмэгдүүлэх аюул

Өвлийн хүйтэн эхлэх цагийн амьсгал дор Монголын улстөр харин халуунтай байна. Нам, эвслүүд хоорондоо байтугай дотооддоо тэмцэлдэж эхэлсэн энэ өдрүүдэд  уг нь УИХ-аар ирэх онд монголчууд хэрхэн амьдарч, аж төрөхийг ид хэлэлцэж байдаг сан.

Хуулиар ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой ч өнөө хэр хараахан хэлэлцэж эхлээгүй байна.

Гэхдээ мэдээж улстөр цэгцэрсний дараа хэлэлцэж, баталж таарна. Дотооддоо яаж хэрэлдэж, маргалдлаа ч төсвөө баталж чадахгүй шинэ оны хундаганы чимээг угтахгүй нь лавтайяа.

Тиймээс gereg.mn ирэх оны төсвийн төсөлд ямар асуудлууд тусав, мөнгө санхүүгийн бодлого хаашаа хэлбийх нь вэ гэдгийг сэдэвчлэн хүргэхээр шийдлээ.

Энэ удаад төсвийн төсөлд агуулга нь туссан, түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт, өөрлөлт оруулах замаар шийдэх гэж  буй өрийн босгыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байна.

Өрийн босгыг 70 хувьд хүргэх асуудлыг өнгөрсөн хаврын чуулганаар Засгийн газар Өрийн удирдлагын хуулийг хэлэлцүүлэхдээ нэг заалт болгож оруулж ирсэн. Гэвч ихээхэн маргаан дагуулсан уг хуулийг УИХ-аар хэлэлцээгүй билээ.

Тэгвэл энэ удаад өрийн хязгаар ДНБ-ий 40 хувиас давахгүй байх заалттай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг  өөрчлөх замаар босгыг нэмэгдүүлэхээр төсөл өргөн бариад байна.

Гэвч энэ төсөл хэлэлцэж эхлээгүй байхдаа л сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарлаа.

Монгол эмзэг эдийн засагтай, төсвийн алдагдал өндөр, дээр нь санхүүгийн  сахилга бат 00 учир өрийн хязгаарыг нэмж болохгүй гэж шүүмжлэгчид үзэж байна.

Үндэсний аудитын газраас хийсэн шалгалт, дүгнэлтээр манай улсын өрийн хэмжээ 2013 оны ДНБ-ий 102 хувьд хүрсэн хэмээн мэдэгдэж, нэг ёсны өр зээл чинь хэтэрлээ шүү гэсэн түгшүүр зарлаад удаж байгаа.

Энэ өрийн хэмжээний статистикт   2013 онд Засгийн газрын дотоодод гаргасан өрийн бичиг, төрийн өмчит үйлдвэрүүдийн тавьсан өр зэрэг нийтдээ 5.8 их наяд төгрөгийн өр нөлөөлжээ.

Үүнээс гадна “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар буюу 2.5 их наяд төгрөг тооцогдоно. Харин Үндэсний аудитын газрын гаргасан 102 хувьд “Самурай” бондын 291 сая ам.долларыг тооцоогүй юм байна. Учир нь тэр мөнгө арван гурван оны тооцооллоос хойш орж иржээ.

УИХ-д өргөн баригдсан төсөв болон Төсвийн тогтвортой байдлын хуулиар өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэх, дээр нь Засгийн газрын баталгааны 20 хувийг нэмэхээр үндсэндээ өрийн албан ёсны хязгаар ДНБ-ий 90 хувьд хүрэх юм.

Дээр нь төрийн өмчит үйлдвэрүүдийн өрийг улсын өрд тооцдогийг болиулахаар ярьж буй  аж. Улсын өр гэх ангилалд зөвхөн Засгийн газрын өрийг тооцдог болох гэнэ. Гэтэл төрийн өмчит үйлдвэрүүд гэдэг угтаа бол улсын өмч бөгөөд тэдгээр үйлдвэр нь өөрөө  Засгийн газрын харьяаных билээ.

Төрийн өмчит үйлдвэрүүдийн өрийг “улсын өр” гэх ангиллаас гаргана гэдэг өр зээлийнхээ тунг багаар тооцох боломж гарна гэсэн үг. Ингэснээр ялангуяа гадаад ертөнцөөс дахин дахин өр зээл авах үүд хаалга нээгдэх ажээ. Гэвч ингэж их өр тавих нь эргээд улсын эдийн засгаа татаж унагах аюултайг эдийн засагчид Грекийн хямралаар жишээлэн сануулж байна.

Өр зээлэндээ баригдаж, бүр идэгдэж, улмаар Евро бүсийн эдийн засгийг тэр чигт  нь багалзуурдсан Грекийн өрийн хямрал эрх баригчдынх нь иймэрхүү аргацаасан бодлогоос болсон гэдгийг дэлхий нийтээрээ ярьдаг. Тус улсын өрийн хэмжээ 2009, 2010 онд ДНБ-ийнхээ 143 хувьд хүрчээ.

Гэтэл эрх баригчид нь Европын холбоонд мэдээлэхдээ ердөө 45 орчим хувиар мэдээлж, дахин дахин өр зээл тавьсаар байж.

Т.ҮЛЭМЖ

үргэлжлэл: www.gereg.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж