Даваа гаригт: Дэлхий дахинаа

Хуучирсан мэдээ: 2014.10.21-нд нийтлэгдсэн

Даваа гаригт: Дэлхий дахинаа

Хоёр Солонгосын хил дээр буудалцаан гарав

 

 

 

Өмнөд Солонгосын талаас Пхеньянийг эсэргүүцсэн тараах материалууд бүхий хийлсэн цилиндрүүд хөөргөсөн байна. Хийлсэн цилиндрүүд Умардын хилд хүрэх үед тус улсын цэргүүд гал нээж, хоёр тал 10 минут орчим буудалцжээ. Буудалцааны улмаас гэмтэл бэртэл, гарз хохирол гарсан тухай мэдээлэл байхгүй байна. Өмнөд Солонгос дахь Пхеньянийг эсэргүүцэгчид ялангуяа Умардаас Өмнөд рүү зугатаж очсон солонгос иргэд Ким Чен Уны засаглалыг эсэргүүцсэн тараах материал, зарим үед хоол хүнсыг Умардын хилийн ойролцоох цэрэггүй бүсээс хийлсэн цилиндртэй хөөргөдөг юм байна. Өнгөрсөн бямба гаригт Өмнөдийн эсэргүүцэгчид 50 мянга орчим тараах материал хөөргөсөн аж. Хоёр Солонгосын цэргийн өндөр тушаалтнууд өнгөрсөн долоо хоногт хилийн нэгэн тосгонд нууц байдалд хэлэлцээ зохион байгуулсан ч ямар зөвшилцөлд хүрсэн, дараагийн уулзалт хэзээ болох талаар мэдээлэл гараагүй юм. Хоёр Солонгосын цэргийн өндөр тушаалтнууд уулзсан нь сүүлийн гурван жилд эхний тохиолдол болжээ. Харин Өмнөд Солонгосоос хөөргөсөн цилиндрүүдээс болсон буудалцаан хоёр орны хурцадмал харилцааг дордуулчихаагүй ч Умард Солонгос тараах материалтай хийлсэн цилиндрүүдийг дахин хөөргөсөөр байвал тохирох хариуг өгөхөө анхааруулсан байна. 1950-1953 оны хоёр Солонгосын дайн гал зогсоох хэлэлцээрээс зогссон хэдий ч тус хойг дахь хоёр улсын дайсагналцал одоо ч үргэлжилсэн хэвээр байгаа юм.

 

Испани сувилагч эболагаас амьд мултрав

 

 

Эбола вирусын халдвар авсан испани сувилагч эдгэрчээ Мадридын эмнэлэгт хоёр долоо хоногийн турш эмчлүүлсэн сувилагчийн шинжилгээний хариу цусанд нь вирусын ул мөр байхгүй гэж гарчээ. Тереза Ромерео нэртэй сувилагч үхлийн аюулт эбола вирусын халдвараар нас барсан хоёр номлогчийг асарч байхдаа халдвар авсан байжээ. Испани сувилагч эбола вирусын халдвар тархсан голомтын  гадна халдвар авсан анхны өвчтөн гэгдэж буй. Түүнийг халдвар авснаас хойш АНУ-ын Даллас эмнэлэгт Либериэс очсон өвчтөнийг эмчилж байсан хоёр сувилагч халдвар авсан юм. Тереза Ромерео өвчтэй номлогчийн нүүрэнд гараа хүргэснээс болж халдвар авсан байжээ. Тэрбээр Мадридын эмнэлгээс гарахын өмнө дахин нэг шинжилгээ өгөх ёстой бөгөөд тусгаарлагдсан хэвээр байгаа юм. Харамсалтай нь Тереза Испанийн эрүүл мэндийн ажилтнууд түүний нохойг халдвар тээгч эрсдэлтэйд  тооцон шүүхийн шийдвэрээр устгасныг мэдээгүй байгаа гэнэ. Эбола вирусын халдвар аван эмчлүүлж байгаа нөхөр нь радиогоор тусламж хүсч, нохойгоо аврах хөдөлгөөн өрнүүлсэн ч тус болж чадаагүй билээ.

 

Шинзо Абэ хоёр сайдаа алдав

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн засгийн газрын өнгөрсөн сард шинээр томилогдсон хоёр сайд өчигдөр нэг өдөр огцорлоо.

 

 

 

Шинзо Абэгийн засгийн газрын таван сайд эмэгтэйн нэг, Худалдаа, Үйлдвэрлэлийн сайд Юко Обучи намын дэмжигчдийн хандивын мөнгийг зохисгүй ашигласан хэрэгт буруутгагдаж огцорч буйгаа зарласан бол Японы Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн хууль зөрчсөн гэх үндэслэлээр сайдын тушаалаа өгчээ. Ийнхүү нэг өдөр хоёр сайд нь огцорсон явдал эдийн засгийн бодлогынхоо тулгуурыг улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо гэж тунхагласан Шинзо Абэд давхар цохилт болж байна. Японы NHK болон мэдээллийн бусад хэрэгслийн мэдээлснээр Обучигийн кампанит ажлыг зохион байгуулагчид түүнийг дэмжигчдийг хөнгөлөлттэй үнээр театр үзүүлсэн болон өөрийн тэргүүлж байсан намын хандивын сангийн хөрөнгөөр хүрэн ахынхаа компаниас хоёр сая иенийн бараа авсан хэрэгт буруутгагджээ.

 

Харин Японы Хууль зүйн  сайд сонгуулийн үеэр өөрийнхөө зурагтай  дэвүүр тараасан нь санал худалдан авах оролдлогод тооцогджээ.

 

2012 онд Шинзо Абэгийн бүрдүүлсэн засгийн газар сүүлийн жилүүдэд Японы улс төрд үзэгдээгүй тогтвортой байж чадсан нь хөрөнгийн зах зээл дэх Абэгийн эдийн засгийн бодлогын нөлөө болон засгийн газрын гишүүдтэй холбоотой элдэв хэл ам, шуугианаас хол байсантай нь холбоотой. Японд сүүлийн үед нэмэгдсээр буй ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд Шинзо Абэ эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахаар, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог 2020 он гэхэд 30 хувьд хүргэх амбицтай амлалт өгч, кабинетаа эмэгтэйчүүдээр сэлгэсэн билээ. Хоёр сайдын огцрох өргөдлийг хүлээн авсны дараа Шинзо Абэ ард түмнээсээ уучлал гуйгаад тэдний орны сайд нарыг яаралтай томилохоо мэдэгдсэн юм.

 

Огцорсон сайд Юко Обучигийн оронд Японы Дотоод хэргийн сайд Санэ Такачи, Хууль зүйн сайд Мидори Мацушимагийн оронд Барьцаалагдсан иргэдийн асуудал эрхэлсэн сайд Эрико Яматани нар түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.

 

Хятадын Коммунист намын бүгд хурал эхлэв

 

Хятадын Коммунист намын бүгд хурал өчигдөр Бээжин хотноо эхэллээ. Бүгд хурлаар энэ удаа хуулийг дээдлэх болон авилгатай хатуу тэмцэхэд гол анхаарал хандуулах юм байна. Тус Бүгд хуралд 90 сая гишүүнтэй Хятадын Коммунист намын төв хорооны 205 гишүүн оролцож байна.

 

 

 

Хятадын Коммунист намын бүгд хурал ихэвчлэн улс орон дахь томоохон өөрчлөлт, шинэчлэлийн өмнө болдог улс төрийн чухал үйл явдлуудын нэг юм байна. Гэсэн хэдий ч Бүгд хуралд оролцогчдын үүрэг нь ихэнхдээ Хятадын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга Ши Жинпинийн боловсруулсан бодлогыг үг дуугүй дагаж дуусдаг.

 

Бүгд хурлаар энэ удаа Хятадын Коммунист намын төв хорооны лидерүүд “Хуулийг бүх түвшинд дээдлэн хэрэгжүүлэх үндсэн асуудлуудыг” өргөн мэдүүлэх ажээ.

 

2013 оны Хятадын Коммунист намын бүгд хурлаар Хятадын эдийн засгийг ирэх арван жилд хөгжүүлэх асар өргөн хүрээтэй реформыг танилцуулсан байдаг.

 

Дээрх Бүгд хурлын дараа Хятадын Коммунист намын лидерүүд чөлөөт зах зээлийн хүрээг тэлэхээ амлахын зэрэгцээ төрийн эзэмшил тус улсын эдийн засгийн тулгуур хэвээр байхыг тунхагласан юм.

 

Орчуулсан Н.ЭНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж