Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 16.1 дэх заалтын дагуу
Хүүхдийн спортын наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар
шийдвэрлэж, Засгийн газрын 2010 оны 210 дугаар тогтоолоор энэ жил
Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 24 төрлөөр зохион явууллаа.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн Хүүхдийн спортын наадам энэ
оны тавдугаар сарын 19-нийг дуустал орон даяар үргэлжилсэн юм. Хүүхдийн
спортын IV их наадмыг үндсэн 10 төрөл, мөн сонгон оролцох 14 төрлөөр
дөрвөн үе шаттай явуулж, анхан шатны тэмцээнүүдэд давхардсан тоогоор хот
хөдөөгийн 92 мянган хүүхэд багачууд хүч сорин өрсөлдлөө. Ирээдүйн
олимп, дэлхийн медальтнуудыг “өлгийдөн”, спортын ширүүн тэмцэл, ялалт
ялагдлын баяр харууслыг мэдрүүлж буй энэхүү наадамд төр засгаас өндөр ач
холбогдол өгч буйн нэг илрэл бол үндсэн төрлөөр алт, мөнгө, хүрэл
медаль хүртсэн тамирчид 600, 400, 200 мянган төгрөгийг газар дээр нь
гардан авч буй явдал. Наадмын 24 төрлийн шигшээ тэмцээнд 6700 гаруй
тамирчин оролцжээ.
Наадмын сүүлчийн тэмцээнүүд болон хаалтын
ажиллагаа өчигдөр Орхон аймагт боллоо. Жүдо, самбо бөхийн тэмцээнд
Сонгинохайрхан дүүргийн баг давхар ялалт байгуулсан бол хөлбөмбөгийн
аварга багаар Орхоны хөвгүүд тодорлоо. Байгууллагын нэгдсэн дүнгээр 415
оноотой Сэлэнгэ аймгийн БТСГ-ын баг түрүүлж LCD зурагт, лэптоп,
компьютер, хувилагч, дижитал аппарат, камер зэрэг 10 сая төгрөгийн өртөг
бүхий цахилгаан бараагаар шагнуулсан юм. Тус аймгийн засаг дарга
Ж.Эрдэнэбат, БТСГ-ын дарга Г.Баттулга нар Хүүхдийн спортын IV их наадамд
оролцох баг тамирчдаа онцгой идэвхтэй дэмжиж ажилласны үр дүн ийнхүү
гарлаа.
409,5 оноо цуглуулсан Баянзүрх дүүрэг аман хүзүүдэж,
найман сая төгрөг, 406 оноотой Орхон аймаг гуравдугаар байр эзэлж,
зургаан сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнуулав. Түүнчлэн эхний
зургаад багтсан Сүхбаатар дүүрэг (399 оноо), Баянгол дүүрэг (386 оноо),
Хөвсгөл аймгийн (385 оноо) БТСГ-ын багт дөрөв, гурав, хоёр сая төгрөгийн
өртөг бүхий шагнал дагалдсан. Мөн анхан шатны нэгж байгууллагуудаа
дэмжих үүднээс аймаг, дүүрэг бүрээс шилдэг нэг сургуулийг шалгаруулан
компьютерээр урамшуулав.
Хүүхдийн спортын IV их наадмыг
амжилттай зохион байгуулсан Байт харваа, Волейбол, Гимнастик, Самбо бөх,
Ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нарыг
лэптопоор шагнасан байна.