“Дэлхийн өмнөд хэсэгт нийгмийн баримжаатай, тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хөдөлмөрийн хөтөлбөрийг хөгжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд эхэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Фридрих-Эбертийн сангийн санхүүжилтээр Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох “Индастриал Юүнион” зохион байгуулж байна.
Өнөөдрийн уулзалтад найман орны төлөөлөгчид, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын төслийн удирдагч Ч.Оюунгэрэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбар холбоодын удирдлагууд оролцож буй. Уг зөвлөлдөх хурлаар дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж буй Австралийн уул уурхайн магнат “Рио тинто” группыг онцолж байна. Тодруулбал, уул уурхайн том бүтээн байгуулалтыг хийж буй тус групп нийгмийн хариуцлагаа хэрхэн эрхэмлэдэг, ялангуяа Монголд “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн харилцаанд гарч буй бэрхшээлийг авч үзэж байгаа юм. Зөвлөлдөх уулзалтын үеэр гаргаж байсан нийтлэг санал нь “Рио Тинто” групп үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа ялгаваргүй, шударга хандах ёстойг онцолж байлаа. Ингэхдээ тухайн үйл ажиллагаа явуулж буй орныхоо хөгжлийн байдлыг ялгаварлалгүйгээр нийгмийн хариуцлагаа эрхэмлэн улсад нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах, ажиллагсадын цалинг тэнцвэртэй тогтоох зэрэг асуудлыг Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан хэлж байсан юм.
Харин Монголын хувьд, одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК-ид 2500 монгол ажилтан, 175 гадаадын үндсэн ажилтан ажиллаж байгааг тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Эрдэнэбаяр хэлсэн юм. Ажилтнууд 28 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтай бол үүнийг уян хатан болгох хэрэгтэйг учирладаг. Тэгвэл цаашдаа энэ асуудлыг боломжийн хэмжээнд шийдэхийг албаны хүн хэлсэн. Мөн “Оюутолгой” төсөл дэргэдээ ажиллагсадынхаа хүүхдүүдийг сургах цэцэрлэг, сургууль байгуулах хэрэгтэйг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийнхэн удаа дараа санал хүргүүлдэг ажээ.
Ийнхүү уулзалтаар олон улсад жишээ болох ёстой “Рио Тинто” групп, “Оюутолгой” төсөлд тулгардаг хөдөлмөрийн харилцааны асуудлаас онцолсон бөгөөд үүнээс жижиг компани, төсөл, бүтээн байгуултад орж ажиллаж буй өчнөөн олон ажилтны эрх ашиг үүнээс ч дор зөрчигдөж байгаа. Тиймээс компани нь том, жижиг гэдгээс хамаарахгүйгээр хувь хувьдаа ажиллах биш, Үйлдвэрчний эвлэлд нэгдэж, эрх, үүргээ улам бүр тодорхой болгох цаг ирсэн гэдгийг Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас уриаллаа.
Уг зөвлөлдөх уулзалтаас гарах саналыг нэгтгэн Олон улсын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь гишүүн орнууддаа тараах юм байна.
У.БОЛОР