АН-МАХН-ын гэрээнд юу туссан бэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

АН-МАХН-ын гэрээнд юу туссан бэ?

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээг байгуулсан юм. Энэ талаараа дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хоёр намын хамтран ажиллах гэрээ нь нийт 14 орчим заалттай юм байна. МАХН-ын зүгээс хамтын ажиллагаагаа цаашид баталгаажуулах, итгэлцлийг бий болгох гэрээг байгуулъя гэсэн саналыг өнгөрсөн дөрөвдүгээр сард ирүүлсэн аж. Энэ дагуу Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаад өнгөрсөн тавдугаар сарын 28-нд хамтран ажиллах гэрээг байгуулж болох шийдвэрийг гаргажээ.

Гэрээнд хэд, хэдэн асуудал багтсанаас дурдвал, Ардчилсан нам, МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах замаар түншлэн оролцоно. Түншлэл нь ямар байхыг тухайн үед Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж шийдэх аж.

Хоёрт, Ардчилсан нам МАХН 2016 оны УИХ-ын сонгуульд нэг эвсэл болж сонгуульд хамтрах эсэхээ тухайн үеийн улстөрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийднэ.

Можаритор тойрогт хоёр нам эвсэл болж ороогүй нөхцөлд нэр дэвшигчийг яах вэ гэдэг дээр нэг, нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлж, хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтална. Тэр зарчим юу байхыг УИХ-ын сонгуулийн өмнө Үндэсний зөвлөлдөх хороо эцэслэнэ.

Дөрөвт, 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам, МАХН олонхийн суудал аваагүй бол Засгийн газрыг хамтран байгуулах бодлого баримтална.

Тавдугаарт, намууд санал нийлээгүй ч Ардчилсан нам, МАХН хоёрын байр суурь нэгдсэн асуудал нь Улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд “Улстөрийн нам нь бизнес эрхлэгчдээс хандив авдагийг хориглоё. Ингэж байж бизнесийнхнээс хараат байх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн улстөрийн намууд өмч хөрөнгөтэй байхыг дээрх хуулийн хүрээнд хориглоё” гэсэн заалтуудыг тус бүр хамтран ажиллах гэрээнд тусгасан гэлээ.

Түүнчлэн ирэх бямба гаригт Ардчилсан нам ИЗНН-тай хамтран ажиллах гэрээг байгуулахаар болсон юм байна. Энэ талаар тус намын дарга С.Оюунтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг ярилцжээ. Мөн МҮАН-ын дарга М.Энхсайхантай өнгөрсөн хавар хамтран ажиллах талаар санал солилцсон тухай тэрээр тодотголоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж