“УИХ тарна гэсэн заалт байхгүй”

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

“УИХ тарна гэсэн заалт байхгүй”

УИХ-аас 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталж байсан юм. Хуулийн хэрэгжих хугацааг 2013 оны нэгдүгээр сарын 1-н байхаар зааж өгснөөр Засгийн газар жил бүрийн аравдугаар сарын 1-нд багтаан ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлдэг, УИХ төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан баталдаг болсон билээ. Гэхдээ эргэлзээтэй нэгэн асуудал хөндөгдөх болсон нь, УИХ төсвийн төслийг хуульд заасан хугацаанд баталж чадахгүй бол парламент нь тарах заалт байсныг шинэ хуулийн хүрээнд байхгүй болгосон тухай юм. Энэ талаар бид УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс тодруулахад дараах хариулт өглөө.  

-Хуучин мөрдөж байсан Төсвийн тухай хуульд жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд багтаан УИХ ирэх оны төсвийн хуулийг баталж чадахгүй бол тарах тухай заалт байсныг Төсвийн шинэ хуулийг батлах хүрээнд байхгүй болгосон гэх юм. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Хуульд заасан хугацаанд төсвийн хуулийг баталж чадахгүй бол УИХ тарна гэсэн заалт байхгүй, байгаа ч үгүй. Төсвийн тухай хуульд төсвийг хэдий хугацаанд өргөн мэдүүлж, батлах тухай зааж өгдөг. Тэр нь хоёр агуулгатай ч огцруулахтай холбоотой биш. Яагаад гэвэл төсвийн хууль жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ёстой, албан хаагчид цалингаа авна, ахмадууд тэтгэврээ авна, байгууллага төлбөрөө хийх ёстой. Тийм учраас хуучин хуулийн хүрээнд УИХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд багтаан ирэх оны төсвийн төслийг баталдаг байсан. Гэхдээ энэ хугацаа нь орон нутаг төсвөө батлахад маш шахуу богино байсан учраас Төсвийн шинэ хуулийн хүрээнд орон нутгийн ИТХ-д төсвөө батлах хугацааг олгохын тулд УИХ-ын төсөв батлах хугацааг 15 хоногоор урагшлуулж жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаахаар хуульчилж өгсөн. Энэ л хугацааг хуульд зааж өгсөн. Түүнээс УИХ тарна гэсэн заалт байхгүй.

-Хуучин Төсвийн хуульд ч УИХ тарах тухай заалт байгаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, байгаагүй гэж ойлгох хэрэгтэй.

-Аймаг, нийслэлийн Засаг дарга ирэх оны төсвийн төслөө хэдий хугацаанд багтаж өргөн мэдүүлэх үүрэг хүлээсэн байдаг юм?

-Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлэх, түүний дараагаар аймаг, нийслэлийн ИТХ нь төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор багтаан батлах. Сум, дүүргийн Засаг дарга нь арванхоёрдугаар сарын 10-ны дотор төсвийн төслийг тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлж, тухайн ИТХ нь арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах үүрэг хүлээж байгаа.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тухай хуулийг энэ линкнээс сонирхоно уу. http://www.iltod.gov.mn/?p=2388

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж