УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа.
– Суудлын төлөөх тэмцэл Монголын улс төрийг их эвгүй байдал руу оруулчих шиг боллоо. Засгийн газрын гишүүдээ томилж чадахгүй байгаа нь нам, эвсэл, фракциудын ашиг сонирхлоос болоод байна уу. Өөр шалтгаан байна уу? Та өнгөрсөн долоо хоногт тавьсан лекцэндээ засаглалын асуудлаар нэлээд нухацтай ярьсан байсан?
– Товчхон хэлэхэд тогтолцооны сул тал, удирдлагын хомсдол, УИХ дахь хүчний харьцааны хэт эмзэг тогтворгүй байдал нийлээд Монгол Улс засаглалын хямралд орж байна. Өнөөгийн эдийн засгийн хямрал улс төр, засаглалын хямралаас эхтэй. Эдийн засгаа хямралаас гаргая гэвэл улс төрөө, засаглалаа эхлээд янзлахаас өөр зам байхгүй байх аа.
– Тогтолцооны сул тал гэдгээсээ эхэлж тайлбарлахгүй юу? Засаглалын энэ тогтворгүй байдлыг та Үндсэн хуультай холбоод байна уу?
– Тийм ээ. Үндсэн хуулийн тогтолцоотой холбохоос өөр аргагүй. Өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо нөөцөө шавхаад цааш явахад хэцүү гацаанд орж байна гэж харж байна. Хамгийн гол асуудал бол Монголд төвлөрсөн гүйцэтгэх эрх мэдэл гэж хаана ч алга. Ерөнхий сайд гүйцэтгэх засаглалын тэргүүн. Гэтэл парламентын засаглалтай орны Ерөнхий сайдад байдаг танхимын сайд нараа өөрөө томилж чөлөөлдөг хамгийн чухал эрх мэдэл манайд Ерөнхий сайдад биш, УИХ-д байдаг. Энэ бол Ерөнхий сайдыг ч биш, гүйцэтгэх засаглалын бүхэлд нь хариуцлагагүй болгож байгаа гол шалтгаан. Нөгөө талд нь УИХ-ын гишүүдэд сайд нарыг томилгоогоор улс төр хийх, үндсэн ажлаа хийхгүй засгийг шантаажлах, Ерөнхий сайдыг барьцаалж хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг Үндсэн хууль өөрөө олгож байгаа хэрэг. Монголд сүүлийн 24 жилд өнөөдөр 14 дэх Ерөнхий сайд засаг барьж барьж байна. Хүнээр нь тоолбол энэ хугацаанд 12 хүн засаг барьсан байдаг. Нэг Ерөнхий сайдын дундаж хугацаа хоёр жил хүрэхгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд УИХ сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нийт 7 удаа авч хэлэлцсэн байна. Ийм байхад тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийн бодлого ярих боломж бий юу?
– Ер нь парламентын засаглалтай оронд гүйцэтгэх засаг нь тогтвортой байдаггүй юм уу?
– Тийм биш, тогтолцоондоо байна. Сонгодог парламентын засаглалтай Англид 1990 оноос 2010 он хүртэлх 20 жилийн хугацаанд гуравхан Ерөнхий сайд томилогдон засаг барьсан байдаг. Одоо ажиллаж байгаа Дэвид Камерун ерэн оноос хойш томилогдсэн дөрөв дэх Ерөнхий сайд. Германд канцлер Ангела Меркел 1982 оноос хойшхи 32 жилийн хугацаанд гурав дахь Ерөнхий сайдаар ажиллаж байх жишээтэй. Гэтэл Франц 1958 оноос өмнө парламентын засаглалтай, парламент нь сайд нараа томилж чөлөөлдөг байхад 12 жилийн хугацаанд 21 засаг солигдсон байдаг. Францууд Үндсэн хуулиа өөрчилж байж тогтвортой байдлыг бий болгосон байдаг юм. Тиймээс УИХ-аас сайд нарыг томилдог, чөлөөлдөг эрхийг нь авмаар байна. Өнөөдөр УИХ хууль тогтоох биш сайдын томилгоо, албан тушаалын хуйвалдаан хийдэг газар болоод хувирчихлаа. Өнгөрсөн хаврын чуулган суудлын хэрүүл хийсээр бүтээсэн ажил багатай дууссан. Намрын чуулган ч ингэж л эхэллээ. Ерөнхий сайдаа томилоод, бүх хариуцлагаа түүнээс шаардаж, Засгийн газрынхаа үйл ажиллагаанд байнгын хяналтаа тавиад явдаг сонгодог парламентын засаглалтай орнуудын жишиг рүү орох цаг болжээ.
-Өмнө нь төрийн дээр нам сандаачиж байна гэдэг байсан бол одоо төрийн дээр нам, намын дээр фракци гараад ирчихлээ, тийм үү?
-Наад асуудал чинь Үндсэн хуулиас эхлэлтэй нь амьдрал дээр улам тод харагдаж байна . Нэгэнт томилгооны эрх нь өөрсдөд нь байгаа болохоор эрх барьж байгаа намын гишүүд хэд хэдээрээ нийлээд Ерөнхий сайдад хүссэн хүнээ тулгахад л тэр нь сайд болж болоод байгаа биз дээ. Ийм нөхцөлд фракцийг тараана уу, фракц гэж нэрлэхээ болино уу ямар ч ялгаа байхгүй.
– Ардчилсан нам олон фракцтай учраас л ийм байдал үүсээд байгаа юм биш үү? МАН олонх байхад гайгүй юм шиг байдаг.
– Тогтолцооны сул тал АН шиг фракцийн ялгаа ихтэй нам дээр улам илүү тодорч байна гэвэл илүү зөв болох байх. МАН ч ялгаагүй дотроо хүчний төвлөрөл нь задарч байгаа харагдаж байна. Тиймээс тогтолцоо энэ хэвээрээ байгаа цагт дараагийн удаа МАН олонх болсон ч байдал дээрдэхгүй байх.
– Тэгэхээр өнөөдөр Засгийн ажил явахгүй байгаа шалтгааныг та ерөөсөө Үндсэн хуулиас болоод байна гэж дүгнэж байгаа хэрэг үү?
– Амьдрал олон өнгөтэй. Ямар ч асуудлыг ганцхан шалтгаантай холбож тайлбарлавал туйлшрал болно. Үндсэн хуульд байгаа засаглалын эрх мэдлийн хуваарилалт бол засахгүй бол болохоо байчихаад байгаагаа харуулж байгаа том асуудал. Үүний цаана зөвхөн засаглал тойроод ярьвал олон зүйл байгаа. Гэхдээ бид хөгжье гэвэл юуны түрүүнд баригдах биегүй гэдэг шиг тэнд гээд заачих тодорхой харьяалалгүй шахуу болчихоод байгаа гүйцэтгэх эрх мэдлээ л нэг дор эмхэлж авахгүй бол эцэс төгсгөлгүй эрх мэдлийн тэмцэл, тамын тогооны үлгэрээсээ салахгүй нь. Ардчилсан байна уу, үгүй юу хамаагүй Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хятад гээд өрнөдийн орнуудыг гүйцэж хурдтай хөгжиж байгаа орнуудад хүчтэй, тогтвортой гүйцэтгэх засаглал, мэргэшсэн чадварлаг төрийн алба нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хөгжил буурай оронд төрийн дэмжлэггүйгээр зах зээлээ тэлэх, үйлдвэрлэлийн хурдтай хөгжлийг бий болгох боломж бага.
– Асуудлын голыг Засаглалын тогтолцоо руу түлхээд хувь хүмүүсийг, улс төрчдийг хаацайлаад үлдээж болохгүй байх?
– Би ярианыхаа эхэнд л хэлсэн. Тогтолцооны сул тал, удирдлагын хомсдол гэж. Бодитой асуудлуудыг ул сууриар нь шийдээд, байгаа боломж дээр эдийн засгаа өсгөж чадахгүй байгаа нь мэдээж хувь хүний, улс төрчдийн лидерүүдийн чадавхтай шууд холбоотой. Бидний яриад байгаа сайн институц гэдгийг мэдээж хүн л бий болгоно. Түүх ч ингэж л бичигддэг биз дээ. Тиймээс улс төрчдийг, өөрсдийгөө хаацайлах боломжгүй.
– Сайдын томилгоо ч гэлтгүй төрийн албаны томилгоог улс төрчид шийддэг болтлоо энэ асуудал даамжирч байгаатай та санал нийлэх үү. Томилуулсан сайдаараа дамжуулаад өөрсдийн хүнээ албан тушаалтай болгож байна. Аль нь ч эрх барьсан ийм асуудал гарч байна. МАН ялбал нэг хэсэг нь ажилтай, АН гарвал нөгөө хэсэг нь ажилтай болдог болчихож?
– Төрийн албаны асуудал тусдаа том асуудал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна дараагийн хөндөх ёстой асуудал бол өөрийн чинь хэлээд байгаа төрийн алба. Би гадаад орнуудын жишээг харьцуулж судалснаа дээр ярьсан. Манай ойрын түнш Японд ерөнхий сайд их олон солигддог. Гэтэл Японы төрийн бодлого маш цэгцтэй, холыг харсан, тогтвортой байдаг. Нууц нь тогтвортой, улс төрөөс ангид, мэргэшсэн албанд байгаа. Бодлогыг нь төрийн алба судалж боловсруулдаг, улс төрчид бодлогын сонголтыг л хийдэг. Манайд ерэн оноос хойш төрийн алба тасралтгүй суларсаар өдий хүрлээ. Сүүлийн 24 жилд төрийн албаны задрал явагдсан. Энэ задрал явсаар ёроолдоо хүрлээ гэхэд хатуудахгүй байх. Сонгуулиас сонгуулийн хооронд улам хэврэгшиж, улам чадваргүй болж, улс төрчдөөс улам хамааралтай болсон. Таны хэлснээр аль ч намын үед ялгаагүй. Дээр нь авилга. Монгол Улс цаашид үүнээс дор төрийн албатай болж болно гэж үү? Тэгвэл төр ч, улс орон ч мөхөлрүүгээ явах биш үү?
-Уг нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах гээд намын гишүүн байхыг хориглосон хуультай болсон. Гэхдээ бас л үр дүнгээ өгсөнгүй дээ, тийм үү?
– Улс төрөөс ангид байлгахаар тусгасан хууль байгаа юу гэвэл бий. Үүнийг улс төрийн намууд уландаа гишгэж ирсэн. Одоо эргээд харахад энэ нь дээр хэлсэн гүйцэтгэх засаглал хаана байгаа, хариуцлага хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаатай холбоотой. Бүх хариуцлага, ялыг өөр дээрээ үүрдэг тогтолцоотой оронд Ерөнхий сайд танил тал, хамаатан саднаа ажилд авахыг биш, өөрт нь хамгийн сайн ажиллаж чадах хүнийг олж авахыг л бодно. Ийм тогтолцоог бий болгох, ажиллуулахыг хүснэ шүү дээ. Дээр нь манай өнөөгийн төрийн албаны хуульд хүнийг ур чадвараар шалгаж элсүүлдэг, түүгээр нь шалгаруулж урамшуулдаг, хамгаалдаг тогтолцоо сайн хуульчлагдаагүй. Төрийн албаны хуулиа сайжруулах шаардлагатай байгаа.
– Төрийг албыг шинэчлэх асуудал АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт орсон байх аа? Өмнө нь ч ярьж л байсан. Олон жил ярьж байна даа. Хэзээ хийх бол?
– Тийм ээ. Өнөөдөр яриа биш, бодит ажил, бүтээлч хандлага чухал байна. Бүгдээрээ мундаг шүүмжлэгчид байлаа гээд юу ч урагшлахгүй. Ядаж л шүүмжлэхдээ судалгаатай, гаргалгаатай, болж өгвөл шийдэлтэй шүүмжилдэг бол ахиц гарна. Төрийн албаны хуулийн тухайд Засгийн газар дээр хэтэрхий удсан. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо санаачлагыг аваад ажиллаж байна. Хэр хурдан урагшлах нь Байнгын хорооны удирдлага, гишүүдийн идэвх, оролцооноос хамаарах байх.
-Танаас төсвийн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Төсвийг хэлэлцэхийг хойшлуулчихлаа. УИХ-ын дарга аргаа барахдаа бүлгийн дарга нарыг төсвийг хэлэлцүүлгийг хойшлуулахгүй хэлэлцэнэ гэж гарын үсэг зуруулах талаар ярьж байна. Үлдсэн хугацаанд төсвөө батлаж чадах уу?
– УИХ-ын дарга аргаа барсандаа хэлсэн үг. Их хурал төсвөө баталж чадахгүй бол тарна шүү дээ. Төсөв хэлэлцэх хуулийн хугацаа дуустал сар хүрэхгүй хугацаа байна. УИХ, Засаг хоёр төсөв дээрээ харилцан ойлголцол их багатай байгаа. Сангийн яам, Засгийн газар чамлалттай ажилласан. Төсөв хэлэлцэх үед уг нь төрөөс хэдэн төгрөг зарах төдийхнийг биш, ирэх оныхоо улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг, богино дунд хугацааны хүлээлтээ, төр зах зээлийг яаж дэмжихээ, үйлдвэрлэл хувийн хэвшлээ яаж өсгөх бодлогоо ярьдаг болмоор. Энэ асуудлыг жил жилд төсөв хэлэлцэх бүрд л хөндөж ярьдаг. Гэтэл төсөв жил ирэх тусам дордож орж ирж байна гэж бодож байна. Үлдсэн богино хугацаанд их чанартай хэлэлцүүлэг өрнөөд төсвийг их сайжруулчих нь юу л бол. Дахин хэлэхэд гэрээ засаад төрөө зас гэдэг, улс төрчид том ярих биш, эхлээд засаглалаа, төрийн албаа цэгцлэхгүй бол үнэхээр болохгүй нь.
– Эцэст нь асуухад өнгөрсөн Бямба гаригт Ардчилсан нам МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулчихлаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
– Үнэнийг хэлэхэд хэвлэлийн мэдээнээс илүү гарах зүйлгүй гайхаад сууж байна. Ганц би ч биш, ер нь манай намынхан, УИХ-ын бусад гишүүд ч адилхан гайхсан байдалтай байна. Манай нам Шударга ёс эвсэлтэй хамтарсан засаг байгуулсан. Гэтэл Н.Алтанхуяг дарга гишүүдтэйгээ огт зөвлөлдөлгүй, мэдээлэл өгөлгүй Эвсэлд байгаа нэг намыг нь орхиод нөгөөтэй нь гэрээ байгуулж байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын гишүүдийн итгэл үнэмшил, зорьж тэмцэж ирсэн зүйлсээс их л өөр үйл явдал өрнөчихлөө. Удахгүй намын бүлэг дээр нам дээрээ энэ асуудлыг ярьж таарах биз ээ. Ерөнхий сайд УИХ дахь хүчний харьцаа эмзэг байгаа учраас Засгаа авч үлдэхийн тулд ийм байдалд хүрлээ л гэх болов уу гэж тааж байна. Хэрэв тийм бол энэ УИХ төсвөө баталж, Үндсэн хууль, сонгуулийн хуулийн өөрчлөлтөө хурдхан хийчихээд тарах нь дээр болжээ гэж бодож байна.
Л.НАРАНТӨГС
Холбоотой мэдээ