Ц.Алдармаад оноосон ял

Хуучирсан мэдээ: 2014.10.20-нд нийтлэгдсэн

Ц.Алдармаад оноосон ял

Монголын хошин урлагийн оддын нэг, “Шинэ үе продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулиан болж байлаа. Аялан тоглолтоор орон нутагт явж байх үедээ хувийн асуудлаас болж хоорондоо маргалцан бие бие рүүгээ буцламгай халуун ус цацаж “шалзалсан” тэдэнд шүүхээс Ц.Алдармаад 7 жил 10 хоног, Д.Оюунтуулд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан билээ. Үүнээс болж сошиал ертөнцийн хэрэглэгчид лав хоёр хуваагдаад байна. Ц.Алдармаад оноосон ял хүндэдсэн эсэх тухайд. Энэ маргаан явсаар хоёр хүний хувийн асуудлаас хальж, шүүх тогтолцоо, шударга ёсны асуудлыг ч бас хөндөөд амжив.

Уг нь тэд уран бүтээлийн нэг хамтлагт ажилладаг найз нөхдүүд, хэн хэн нь өөрийн гэсэн фэнүүдтэй залуухан, сайхан, авъяаслаг жүжигчид. Тиймээс энэ хоёр хүний хэн хэнд нь өөрийн гэсэн “фэнүүд”, хамаатан садан, ах дүү, найз нөхөд бий. Тэдний нэг хэсэг нь “аяга уснаас болж 7 жилийн ял авах ч гэж дээ” хэмээн Ц.Алдармааг хамгаалж байхад нөгөө хэсэг нь биеийнх нь хагас гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан Д.Оюунтуулыг өмөөрч байна. Аль алинд нь л харамсалтай зүйл. Жүжигчний карьер энэ тэрийн тухай бол бүр ярихаа больё л доо. Олны танил, нэр алдартай, залуу сайхан бүсгүйчүүдийн нэг нь амьдралынхаа долоон жилийг шоронгийн хананы цаана өнгөрүүлэх болж, нөгөө нь эрүүл мэндээрээ бүтэн хохироод үлдэж байгаад харамсах хүн олон. Яван явсаар энэ хэрэг Ц.Алдармаад хамтлагийнхаа нэг жүжигчин, найздаа долоон жилийн ял өгүүлсэн Д.Оюунтуулын буруу болон олон нийтээр хэлэлцэгдэж, шүүх ганц Ц.Алдармааг ч биш, Д.Оюунтуулыг ч бас сэтгэлзүйгээр нь давхар ялласан хэрэг болж мэдэх нь…

Тиймээс Ц.Алдармаад шүүхээс оноосон ял хүндэдсэн эсэх тухай эхний асуулт руугаа эргээд орьё. Энэ тохиолдолд хуулийн үйлчлэл юу байсан бэ гэдэг тухай…

Анх цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаад гэмт хэргийг зүйлчлэхдээ Ц.Алдармаад ЭХ-ийн 96-ийн 1 буюу санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ял төлөвлөн прокурорт шилжүүлсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар 5-7 жилийн хорих ялтай. Харин прокурор уг хэргийг хянаж үзээд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 96-ийн 2.8 буюу “бусдыг тохуурхан даажигнах, зовоон тарчлаах хэлбэрээр хүний биед хүнд гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг бүрэн алдагдуулсан” хэмээн зүйлчилжээ. /Хэрэг гарсан нөхцөл байдал гэвэл Ц.Алдармаа Д.Оюунтуул нар архи уусан үедээ хоорондоо маргалдаж, Д.Оюунтуул нь ууж байсан аягатай халуун цайгаа нүүр лүү нь цацсан. Маргааш өглөө нь Ц.Алдармаа нь Д.Оюунтуулыгаа толгойгоо угааж байхад санаатайгаар данханд ус буцалгаж аваачаад нуруун дээр нь хийсэн. Үүнээс болж Д.Оюунтуулын нуруу болон цээжин хэсэг бүхэлдээ гүн түлэгдэж, эмнэлгийн орон дээр сууж, хэвтэж чадахгүй тарчилж, арав гаруй хоногийн турш босоогоороо байсан зэрэг нь хүнийг тарчлаан зовоох хэлбэр мөн гэж үзжээ/ Энэ тохиолдолд 7-10 жилийн хорих ялтай.

Анзаарахад шүүхийн шийдвэр гарсны дараа олон нийтийн зүгээс “Адилхан эмэгтэй хүмүүс, аль аль нь буруутай байхад эмчилгээний зардлыг нь төлүүлээд ялаас чөлөөлж, хөнгөрүүлж болоогүй юм уу” гэдэг шүүмжлэл олон нийтийн зүгээс гараад байгаа. Тэгвэл одоо үйлчилж байгаа манай Эрүүгийн хуулиар бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэрэгт ялыг хөнгөвчлөх, тэнсэх болон чөлөөлөх тухай заалт байхгүй. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж, хохирогчийн зүгээс “гомдолгүй” гэж мэдүүлсэн байлаа ч энэ нь ялыг хөнгөрүүлэх үндэслэл болдоггүй. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдын  биед хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг бүрэн төлсөн бол ялаас чөлөөлөх, хүндэвтэр гэмтэл учруулсан боловч хохирлоо төлсөн тохиолдолд ялыг тэнсэх заалттай байдаг юм байна.

Тиймээс Д.Оюунтуул нь Ц.Алдармаагийн биед хөнгөн гэмтэл учруулсан ч хохирлоо нөхөн төлсөн /эмчилгээний зардал болох нэг сая долоон зуун мянган төгрөгийг бэлнээр төлсөн/ гэх үндэслэлээр торгох ялаар шийтгүүлсэн бол Ц.Алдармаа бусдын биед хүнд гэмтэл учруулсан, хөдөлмөрийн чадварыг бүрэн алдагдуулсан, тарчлаан зовоосон гэдэг зүйл ангиар долоон жил арав хоногийн ял сонсслоо. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн хувьд ямар нэг маргаан байхгүй, аль алинд нь одоо үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд өгч болох хамгийн бага ялыг оногдуулсан гэсэн үг. Энэ тохиолдолд Ц.Алдармаад оноосон ял хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн тухай ярих боломжгүй юм. Харин одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн үзэл санаа, ялын бодлого нь өөрөө гэмт хэргийн хор уршгийг арилгахад биш, зөвхөн яллах талдаа ач холбогдол өгөөд байна аа л гэсэн үг. Шоронжсон хуулиа өөрчилье, ялын бодлогодоо шинэчлэл хийе гээд байгаа шалтгаан ч бас энэ.

Тэгвэл одоо УИХ-д өргөн баригдаад байгаа Гэмт хэргийн тухай шинэ хуулийн төсөлд энэ төрлийн гэмт хэрэгт ямар ял оногдуулахаар заасныг аваад үзье л дээ. Хуулийн төслийн 11-р бүлэг “Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах” гэсэн хэсгийн 11.1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган тооцооны нэгжээс дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Харин хуулийн 11.2-т “гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, эсхүл хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодийн болон сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, эсхүл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Ингэхдээ яллагдагч тал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсэн болон барагдуулсан тохиолдолд тухайн хуульд заасан ялын дээд хэмжээний 2/3-оос хэтрүүлэхгүй байхаар ялыг оногдуулна гэсэн байна. Эхний тохиолдолд хуульд заасан дээд хэмжээ болох найман жилийн 2/3-оос хэтрүүлэхгүй, хүрдрүүлэх нөхцөлтэй гэж үзвэл хуульд заасан дээд хэмжээ болох 12 жилийн 2/3 буюу найман жилээс ихгүй байхаар ял оногдуулна гэсэн үг.

Мөн хуулинд “Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэдгийг тусгайлан авч үзэж, хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдсэн бол ялыг хөнгөрүүлэх, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гурав хүртэлх насны нялх хүүхэдтэй бол хорих ялыг эрх чөлөө хязгаарлах /электрон гав/ ялаар сольж болно гэсэн байгаа. Гэхдээ ялын хугацаа таван жилээс ихгүй байх тохиолдолд.

Энэ бол нийтэд ил болсон нэг л хэрэг дээр авч байгаа жишээ. Монгол Улсын шүүхийн практикт гарч байгаа маш олон шийдвэр, яллах тогтоолыг нэг нэгээр нь шүүгээд үзвэл энэ мэт жишээ маш олон. Дахиад ч олон гарах байх. Энэ нь гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж хайрцаглаад хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгасан эсэх, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзалгүйгээр нийтээр нь нэг ижил ял өгдөг одоогийн энэ Эрүүгийн хууль, ялын бодлоготой л холбоотой. Дан ганц шүүхийн шийдвэрт буруу өгөөд байх нь ч учир дутагдалтай. Хэрвээ Гэмт хэргийн тухай хуулийг УИХ нэг, хоёр жилийн өмнө баталчихсан бол, эсвэл 2002 онд Эрүүгийн хуулиа шинэчлэхдээ одоо яриад байгаа энэ зарчмаа суулгачихсан байсан бол Ц.Алдармаагийн хувьд ядахдаа Д.Оюунтуулынхаа эмчилгээний зардлыг гаргаж өгөөд ялаа хөнгөрүүлэх боломжтой байлаа. Гэтэл одоогийн хуульд “Хохирлыг нь төлсөн ч бай, төлөөгүй ч бай чамд ял өгөхдөө л өгнө” гэдэг зарчим үйлчилж байгаа учраас гэмт хэргийн хор уршиг, хохирлыг арилгах, нөхөн төлөх сонирхол хэнд ч байдаггүй. Хохирогч нь хохирогчоороо үлдэж, яллагдагч нь ялаа үүрээд явдаг. Үүнийгээ тэгээд “шүүх шударга байлаа” гэж хэлэхэд ч бас учир дутагдалтай л юм даа.       

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж