БНСУ-ын Инчён хотноо болж буй Азийн пара наадмын буудлагын төрлөөс З.Ганбаатар хүрэл медаль хүртжээ. “Инчён-2014” Азийн пара наадмын эхний өдөр буюу өчигдөр/10,19/ эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар хүрэл медаль хүртэж, “Рио-2016” паралимпийн эрхийг Монголын тамирчдаас хамгийн түрүүнд авлаа. Тэрээр 531 оноогоор 6-р байраар шалгарч, финалд 162,9 оноо авснаар хүрэл медаль хүртсэн юм. Энэ дасгалд Иран, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медалийг хүртжээ.
З.Ганбаатар дасгалжуулагч ОУХМ Б.Ганцоожийн хамт.
“Инчён-2014” паралимпийн Азийн зуны спортын II наадам БНСУ-ын Инчён хотод аравдугаар сарын 18-24-ний хооронд болно. Тус наадамд Монгол Улсаас спортын 9 төрлөөр 61 тамирчин, 15 дасгалжуулагч, багийн штабын ажилтан 4, эмч 2, хэвлэлийн мэдээллийн 4 ажилтан болон ширээний теннисни олон улсын 2 шүүгч нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын баг тамирчдаас буудлагынхан медалийн салхийг хагалж, улмаар “Рио-2016” паралимийн эрхийг аваад байна.
Ч.БОЛОР