УИХ-ын эрхэм гишүүд Засгийн газрын цагаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний хэрэгжилтийн тухай сэдвээр хийсэн мэдээллийг сонсч, асуултдаа хариулт авч дууслаа. Үүгээр 17.20 цагт өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Гишүүд мэдээллийн үеэр цалингийн нэмгдлийн талаар нэлээд сонирхож асууж байсан юм. Ерөнхий сайд зөвхөн төрийн албан хаагчдын цалинг нэмэх биш, хувийн хэвшлийнхнийг ч анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Дан ганц төрийн албан хаагчдын цалинг нэмснээр хувийн хэвшилд ачаалал нэмэгдэх, ажлын байраа цөөлөх зэрэг сөрөг хандлага гарч болохыг тэрбээр сануулж байв. Гэхдээ иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бодлого Засгийн газрын анхааралд цаашид байна гэдгийг хэлсэн юм. Харин дараа дараагийн сонгуулиар улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө тараах амлалтыг өгөхгүй гэдгийг намуудын зөвлөлгөөнөөр тохирсон, үүнийг хатуу мөрдөх ёстой гэж байв.
Д.ОЮУН