Тусгай Олимпийн Үндэсний анхдугаар наадам болж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Тусгай Олимпийн Үндэсний анхдугаар наадам болж байна

"Монголын Тусгай Олимпийн Хороо" ТББ нь Монгол улсынхаа оюуны бэрхшээлтэй мянга мянган хүүхэд залуучуудад амьдрах урам дэм өгөх, эрүүл чийрэг аж төрөх, бусдын адил тэгш эрхтэй амьдрахад нь спортоор дамжуулж хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, нийгэмд эерэг хандлага бий болгож улс орон даяар хөгжүүлэн түгээх зорилготойгоор 2013 онд албан ёсоор байгуулагдан улмаар Олон Улсын Тусгай Олимпийн хорооны гишүүнээр элсэн амжилттай үйл ажиллага явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд Олон Улсын Олимпийн хорооноос зохион байгуулсан  2013 онд Солонгос Улсын Инчён хотноо Өвлийн Тусгай олимп, арваннэгдүгээр сард Австрали улсын Ню Кастал хотод зохиогдсон Ази Номхон далайн бүсийн тэмцээнд Монголын анхны тамирчид болох У.Нинжбадам, Б.Элбэрэлт нар усан сэлэлтийн төрлөөр амжилттай оролцсон.

Олон Улсын Тусгай Олимпийн хорооноос зохион байгуулах дараагийн арга хэмжээ болох Тусгай Олимпийн Зуны наадам АНУ-ын Лос-Анжелес хотноо 2015 оны долоодугаар сарын  25-наас наймдугаар сарын 2-ны хооронд  зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 177 орны 700 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч, 30000 гаруй сайн дурынхан оролцоно.   

Олон Улсын тусгай олимпийн “Лос Анжелес-2015” зуны наадамд Монгол Улсаас спортын дөрвөн төрөлд оролцох оюуны бэрхшээлтэй 16 тамирчдыг шалгаруулах зорилгоор Монголын Тусгай олимпийн хорооноос оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулсан Тусгай Олимпийн Үндэсний анхдугаар наадмыг  энэ сарын 17, 21, 22-ны өдрүүдэд жудо, ширээний теннис, хөнгөн атлетик (холын болон ойрын зайн гүйлт) гэсэн төрлөөр зохион байгуулна. 

Тэмцээнийг Монголын Тусгай Олимпийн хороо Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулж байна. 

Энэхүү Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадамд 200 гаруй тамирчид оролцоно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж