Хонгконгт дахин мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.18-нд нийтлэгдсэн

Хонгконгт дахин мөргөлдөөн гарчээ

 

Хонгконгийн цагдаа нар өнгөрөгч хэд хоногт санхүүгийн гол дүүргүүдийг чөлөөлөхөөр жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, эсэргүүцэл дахин нэмэгджээ. Жагсагчид өмнө нь суулт зарлан эсэргүүцлээ илэрхийлж байсан газруудыг буцаан эзлэхийн тулд өчигдөр /Х.17/ цагдаа нартай мөргөлдсөн байна. Цагдаа нарын бороохой, перцтэй цацлагаас хамгаалах хувцас хэрэглэлээр жигдэрсэн олон мянган хүн төмөр, модон хайс, хашлагануудыг авчирч Монгкок дүүрэгт дахин байрлуулжээ. Жагсагчид “Монгкокийг эзлэ!, Бүх нийтийн сонгуулийн эрхийг шаардаж байна” хэмээн хашгирч байв. Мөргөлдөөний үеэр 26 жагсагчийг баривчилж, 15 цагдаа гэмтэж бэртсэн талаар Хонгконгийн удирдлага мэдэгджээ. Мөргөлдөөн гарахаас ердөө цагийн өмнө Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин ирэх долоо хоногт оюутнуудтай уулзалт хэлэлцээ хийх санал тавьсан аж.

 

Үүнээс өмнө өнгөрсөн лхагва гаригт /Х.15/ Хонгконгийн цагдаа нар жагсаалыг тараахын тулд жагсагчдыг зодож, хүч хэрэглэн 40 гаруй хүнийг баривчилсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.

 

Хонгконгод олон хоног эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, цагдаа нар, жагсагчдын хоорондох мөргөлдөөн гарах нь нэмэгдэн, олон улсын анхаарлыг ихээр татсан нь Бээжингийн удирдлагуудын санааг зовоож буй. Хонгконгийн жагсагчид удирдлагаа бие даан сонгохын төлөө Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж байна. Гэтэл Хятадын талаас Хонгконгийн удирдлагыг сонгон ирэх 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн болзол тавьсан нь эсэргүүцэл дагуулжээ. Олон улсын зүгээс Хонгконгод үүссэн нөхцөл байдлыг 1989 оны Тян Ань Миний бослогоос хойш Бээжинд тулгарсан хамгийн том сорилт гэж дүгнэж буй юм.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж