Италийн Милан хотноо өчигдөр /Х.17/ нүүр тулан уулзсан ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко нар байгалийн хийн асуудалд зөвшилцөлд хүрчээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд хахир хүйтэн өвөл цаг ирж буйтай холбоотой Украин руу байгалийн хий нийлүүлэлтээ сэргээх болон Европ руу байгалийн хийн экспортоо тасалдуулахгүй байх тал дээр урьдчилан хэлэлцэж, тохиролцсон байна. Нүүр тулсан уулзалтын үеэр Владимир Путин ОХУ, Украины хооронд үүссэн асуудал буруу ойлголцол, зөвшилцөлд хүрээгүйгээс үүдсэн гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр Украинтай байгалийн хийн асуудлаар сайтар хэлэлцэж тохиролцсон боловч байгалийн хийн өрөө төлөхөд нь Киевд туслахыг Европын холбооноос шаардсан байна.
Украин ОХУ-аас экспортлосон байгалийн хийн төлбөрийн 4.5 тэрбум ам.долларын өрийг төлж чадаагүйгээс өнгөрсөн зургадугаар сард “Газпром” нийлүүлэлтээ зогсоосон юм. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын өмнө “Газпром” компанийн захирал Алексей Миллер, Украины “Нафтогаз” компанийн захиралтай уулзаж, Киев Москвагийн нөхцлийг хүлээн зөвшөөрвөл байгалийн хийн нийлүүлэлтээ сэргээхэд бэлэн буйна хэмээн мэдэгдсэн аж.
Ази-Европын орнуудын чуулганы дундуур хийсэн уулзалтаар Путин, Порошенко нар байгалийн хийн асуудалд урьдчилан тохиролцож чадсан боловч Украины зүүн хэсэгт энхийг тогтоох асуудалд ОХУ илүү ихийг хийх ёстой хэмээн Европын холбооноос шаарджээ. Украины зүүн хэсгийн Донбасст өнгөрсөн дөрөвдүгээр сард салан тусгаарлах бослого үймээн гарснаас хойш 3600 гаруй хүн амь үрэгдээд буй юм. Украины зүүн хэсэг дэх зөрчлийг ОХУ-ын талаас өдөөн турхирсан гэж Киевийн Засгийн газар, АНУ, Европын холбоо буруутгаж байгаа. Харин ОХУ-ын зүгээс үүнийг эрс няцааж, Украины зүүн хэсгийн хямралд гар дүрээгүй гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА