Манай аймаг 2006 онд “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг боловсруулсан байдаг.Тус хөтөлбөрийг 2013 онд дахин шинэчлэн боловсруулжээ. Энэ хүрээндээ аймгийн хэмжээнд wi-fi орчныг нэмэгдүүлж, мэдээллийн нээлттэй байдлыг бий болгох зорилготой ажилласан байна. Мэдээллийг шуурхай авах, мэдээллээс хоцрохгүй байхад интернэт орчин голлох үүргийг гүйцэтгэж байна.
Өнөөгийн байдлаар манай аймаг 15мянга орчим интернэт хэрэглэгчтэй болжээ. 2006 онд боловсруулсан “Цахим Эрдэнэт” хөтөлбөрт интернэтийн шугам тавигдах, гарц урсгалыг тодорхойлох, төрийн байгууллагуудыг интернэтэд холбож онлайн сүлжээг бий болгох зэрэг ажлуудыг тусган хэрэгжүүлсэн байдаг бол Цахим эрдэнэт 2 хөтөлбөр нь иргэд олон нийт хүссэн газраасаа интернэтэд холбогдох боломж нөхцлийг бүрдүүлэх зорилготой ажээ.
Тухайлбал 2013 онд Наран, Орхон , Эрдэнэт цогцолбор, Баян-Өндөр цогцолбор, 14, 8-р сургууль, Жаргалант сумын сургууль зэрэг нийтдээ 20 сургууль дээр интернэтийн орчинг бий болгосон бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байрны урд талбайд өндөр хурдны Wi-FI орчныг бүрдүүлсэн юм. Харин орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэ жилдээ багтан Амарын талбай, Найрамдлын өндөрлөгт wi-fi орчныг бүрдүүлэх зорилгыг тавьжээ.
Тодруулбал Амарын талбайд wi-fi орчныг бий болгоход 7 сая төгрөг батлагджээ. Түүнчлэн Баян-Өндөр сумаас цахим сум болох зорилтыг тавин ажиллаж байгаа юм.Энэ хүрээндээ Оюут баг, баян булаг, барилгачингийн талбай, Баян-өндөр сумын Тамгын газар гээд 4 байршилд Wi-FI орчныг бүрдүүлэх юм.
Үндсэндээ Цахим Эрдэнэт хөтөлбөрийн зорилго орон нутгийн захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд нээлттэй хүргэх, мэдээллийг ил тод болгох, харилцан мэдээлэл солилцох, цомхон бүтэцтэй, шуурхай үйлчилгээтэй хотыг бий болгох зорилготой гэж байна.Цаашдаа хөтөлбөрийн хүрээнд олон нийт хамгийн ихээр төвлөрдөг амралт зугаалгын газрууд, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад цахим орчныг бий болгоно гэдгийг хэллээ.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn