НҮБ-ын Ази, Номхон далайн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ази, Номхон далайн чуулган эхэллээ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 67 дугаар чуулган тавдугаар сарын 19-нд Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо ажлаа эхэллээ. Жил бүрийн хавар хуралддаг энэ чуулганд Комиссын жинхэнэ гишүүн 53, хавсарга гишүүн есөн улсын Засгийн газрын төлөөлөгч оролцож, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тугамдсан асуудлыг авч хэлэлцэн цаашид бүс нутгийн хэмжээнд авах арга хэмжээ, засгийн газруудад бодлого тодорхойлоход зөвлөмж гаргадаг уламжлалтай. Энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх чуулган “Хямралын дараахь Ази, Номхон далайн бүс нутаг дахь нийгмийн хамгаалал, хөгжлийн урт хугацааны ирээдүй” сэдвээр явагдах юм.

Тавдугаар сарын 23-25-ны өдөр болох чуулганы Сайд нарын хуралдаанд Монгол Улсаас Шадар сайд М.Энхболд бус нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг төлөөлсөн хүндэт зочны хувиар болон төлөөлөгчдийн тэргүүнээр оролцох юм.
Чуулганы Ахлах албан тушаалтны хуралдааны хүрээнд Нэн буурай хөгжилтэй болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай нэгж тавдугаар сарын 19-ний өдөр хуралдаж, эдгээр оронд тулгарч буй гол асуудлуудыг хэлэлцэн, бүс нутгийн хэмжээнд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлно. Уг хуралдаанд тус бүс нутгийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар үндсэн үгийг хэлэх юм.

Комиссын ГНБД Н.Хэйзер манай Гадаад харилцааны сайдын урилгаар 2011 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр хатагтай Н.Хэйзер Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт  бараалхаж, холбогдох сайд нартай уулзалт хийсний үр дүнд хоёр талын цаашдын хамтын ажиллагаанд нэн тэргүүнд тавигдах асуудлуудыг тодорхойлсон юм. Түүнчлэн уг айлчлалын үеэр манай Засгийн газар Комисстой хамтран “Ази, Номхон далайн бүсийн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй хөгжлийн саад бэрхшээл” сэдэвт Өндөр түвшний бодлогын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь тус бүс нутгийн ДГХБО-ууд Алматын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг авч үзэж, цаашид авах арга хэмжээний талаар Улаанбаатарын тунхаглал баталсан ач холбогдолтой болсон билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж