-Ингэхэд Доминик Штраусс Кан олон улсад хэр нөлөөтэй хүн юм бэ?
-Олон улсын валютын сангийн тэргүүн гэдэг бол нөлөө бүхий албан тушаал. Тэгээд ч тус сангийн нэр хүндийг өндөрт өргөж, хүчирхэгжүүлэхэд Штраусс Кан чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Тэрбээр Олон улсын валютын санг 2007 оноос тэргүүлэх болсон. Тухайн үед дэлхий дахинд санхүү, эдийн засгийн хямрал хараахан нүүрлээгүй байлаа. Гэвч төд удалгүй АНУ-ын банкууд дампуурлын ирмэгт тулж, улс орнууд сандарч эхлэхэд Штраусс Каны багийнхан зоримог алхмууд хийсэн юм. Магадгүй, хямралыг эцэс болгоход тэд гол үүрэг гүйцэтгэсэн ч байж мэднэ. Ноён Штраусс Кан АНУ, Их Британи тэргүүтэй “Их 20”-ийн орнуудыг нэгтгэж чадсанаараа ихээхэн гавьяа байгуулсан хүн. Олон улсын валютын сангийн шугамаар нэг их наяд ам.доллар эргэлдэж байна. Гэтэл энэ эрхмийг тус сангийн тэргүүнээр сонгохоос өмнө ердөө 250 мянган ам.доллараар л хэмжигдэж байсан.
-Сүүлийн үед Грек, Ирланд, Португаль зэрэг Евро бүсийн орнуудыг хямралаас гаргахын тулд Штраусс Кан нааштай шийдвэр гаргасан гэдгийг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх, тийм үү?
-Энэ асуултад “Тийм” гэж хариулахад түвэгтэй. Учир нь санхүүгийн тусламж үзүүлэх ажил нь техникийн шинжтэй байсан юм. Ер нь мэргэжлийн хүмүүс л энэ бүхнийг зохицуулсан шүү дээ. Тэд удирдлагын түвшинд оновчтой тайлан гаргаж чадсанаар хямралд өртсөн орнуудад зээл өгсөн. Гэвч Грекийн Засгийн газарт олгосон зээлийнхээ үр дүнг эргэж харахгүй байгааг юу гэж тайлбарлах билээ. Гэсэн хэрнээ одоо дахин зээл олгох эсэхийг шийдэх болчихоод байдаг. Ийм эгзэгтэй үед тодорхой шийдвэрүүдийг удирдлагын түвшинд гаргана. Ерөнхийдөө Олон улсын валютын сангийн тэргүүнээс бүх зүйл шалтгаална гэсэн үг. Гэхдээ Штраусс Кан тэргүүнээр нь ажиллаж байгаа цагт Олон улсын валютын сан Европ руу нуруугаа харуулахгүй гэдэг нь ойлгомжтой байсан.
-Штраусс Кан дэлхийн дахинд төдийгүй Францад ч нөлөөтэй улстөрч гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Тийм ээ. Штраусс Кан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл Францын улс төрд тэсрэх бөмбөг дэлбэрэхтэй адил нөлөөлсөн. Тэрбээр тус улсын улс төрд чухал хүн гэдэг нь яах аргагүй үнэн. Штраусс Кан тэргүүтэй Социалист намынхан дуулиан дэгдэхээс ердөө хоёрхон хоногийн өмнө анхан шатны сонгуульд ялалт байгуулчихсан байсан. Францчуудын дунд явуулсан санал асуулгаар Францын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд Штраусс Кан ялах магадлал өндөр байв. Тэгээд ч Н.Саркозигийн гол өрсөлдөгч юм. Францын улс төрийн өнгө төрхийг сүүлийн 20-оод жилд Штраусс Канаар тодорхойлж байсан шүү. Н.Саркози Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг Олон улсын валютын сангаас холдуулж, Францын улс төрөөс зайлуулах арга сүвэгчлэх болсон.
-Олон улсын валютын сангийн тэргүүнээс огцорсноор нэр хүнд нь унах болов уу?
-Тодорхой хэмжээнд нөлөөлж л таарна. Францын Социалист намынхан сүүлийн жилүүдэд оролцсон сонгууль бүртээ ялагдаж байгаа. Тэдэнд Штраусс Канаас өөр лидер байхгүй. Хэрэв энэ эрхэм Олон улсын валютын сангийн тэргүүн хэвээр байсан бол дэлхийн лидер улстөрчидтэй эн зэрэгцэж, сонгогчдын итгэлийг хүлээх нь дамжиггүй байлаа. Гэхдээ одоо бүх зүйл эргэлзээтэй болчихлоо шүү дээ.
-“Штраусс Кан хүчингийн хэрэгт холбогдсон нь Францын улс төрд доргилт боллоо” гэж та хэллээ. Тэгвэл олон улсын хөрөнгийн зах зээлд тэсрэлт болсон уу?
-Хөрөнгийн зах зээл нэлээд хэлбэлзэлтэй байна. Учир нь Грект санхүүгийн тусламж дахин үзүүлэх эсэхийг шийдэх хүн нь Штраусс Кан байсан. Гэтэл тэрбээр хэрэгт холбогдчихлоо. Европт зөвхөн Грек гэлтгүй олон орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа. Энэ бүхэн Олон улсын валютын сангийн шийдвэрээс хамаарах болоод байна. Өнөөдрийн байдлаар, европчууд хэн ямар шийдвэр гаргахыг хүлээж сууна.
-Германы Канцлер Ангела Меркел саяхан энэ талаар маш сонирхолтой мэдэгдэл хийсэн ч ажиглагчид “Улс төрийн тоглолт” гэж дүгнэсэн. Харин та юу гэж бодож байна вэ?
-Олон улсын валютын сангийнхан тэргүүнээ өөрсдөө сонгож томилдог. Харин дэд тэргүүнийг нь АНУ сонгодог. Тэргүүний албаас гадна эрх мэдэл бүхий гурван албан тушаалтан бас бий. Штраусс Каны оронд тус сангийн дэд тэргүүн Жон Липскиг тушаал дэвшүүлэх саналыг америкчууд гаргалаа. Тэгэхээр жинхэнэ тоглоом тэнд л үргэлжилж байна гэсэн үг. Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт сая болоход “Олон улсын валютын сангийн тэргүүнээр өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий аль нэгэн орны төлөөллийг сонгох ёстой” гэх саналыг зарим хүн дэвшүүлсэн. Харин америкчууд шуурхай хөдлөх ёстойг сануулж байгаа бололтой.
-Штраусс Кан ирэх онд Францын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцлоо гэхэд ялж чадах болов уу?
-Үгүй байх. Тэрбээр тоглоомноос гарчихлаа шүү дээ. Социалист намын хувьд Штраусс Канаас өөр ялах магадлалтай хүнийг тодруулах маш хэцүү. Францын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болдог. Эхний шатанд хүмүүс зүрх сэтгэлээ дагаж санал өгдөг бол хоёрдугаар шатанд оюун ухаанаараа дүгнэлт хийж эхэлдэг.
Улстөрийн тойм сонин