Тариаланчда хөнгөлөлттэй үнээр түлш олгоно

Хуучирсан мэдээ: 2011.05.20-нд нийтлэгдсэн

Тариаланчда хөнгөлөлттэй үнээр түлш олгоно

Тариаланчдад хөнгөлөлттэй үнээр олгох дизель түлшний хүрэлцээ хэр байгаа болон тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулгатай ярилцлаа. 

-Тариалалтын ажил ид “буцлах” үеэр дизель түлшний хомсдол нүүрлэж, үнийг нь нэмлээ. Та­риа­лан эрхлэлтийг дэмжих сан­гаар дамжуулж тариаланчдад хөнгө­лөлттэй үнээр олгох дизель түлшний хүрэлцээ хэр байна вэ?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан­гаар дамжуулж, тариаланчдад хөн­гөлөлттэй үнээр олгох дизель түлшний энэ жилийн гэрээг хийхээр шатахуун импортлогч компаниудад өнгөрөсөн хоёрдугаар сараас эхэлж, санал тавьсан. Энэ хавар нийлүүлэх түлшний гэрээг орон ну­тагт хамгийн олон шатахуун түгээх станцтай гэдэг утгаар нь “Петровис” ком­панитай өнгөрсөн сард хийсэн. Энэ жил тариалалтын ажилд 2.7 мянган тонн дизель түлш зарцуулах тооцоо гарч энэ хэмжээний дизель түлшийг авах гэрээ байгуулсан. Гэрээг өнгөр­сөн сард хийсэн учир дизель түлшний үнэ өссөн ч гэрээнд заасан үнээр дээрх хэмжээний шатахууныг тариаланчдад хүргэх болно. Тариаланчид дизель түлшээ аваад эхэлчихсэн байгаа.

-Үүссэн нөхцөл байд­лаас болж “Петровис” компани ний­лүүлж буй дизель түлшнийхээ үнийг нэмэх санал ирүүлээгүй юү. Хэ­рэв ийм санал ирүүлбэл асууд­лыг хэрхэн зохицуулах вэ? 

-Тухайн үед гэрээ байгуулахад бүх эрсдлийг тооцож гэрээ хийсэн учир үнэ нэмэх асуудал гарах­гүй. Харин нэг га, таван га зэрэг бага хэмжээний талбайд тариалалт хийдэг жижиг аж ахуй нэгж, хувиараа та­риа­лалт эрхлэгчид тариалалтын явцад шаардагдах дизель түлшний захиалгаа бидэнд  ирүүлээгүй. Тэр хү­мүүс бага хэмжээний дизель түлш хэрэглэдэг учир манайд санал ирүү­лэхээс цааргалдаг байж болох юм. Гэтэл өнөөдөр дизель түлшний үнэ нэмэгдчихлээ. Үүнээс болж дээрх та­риаланчид хөнгөлөлттэй үнээр дизель түлш авах боломжгүй байдал үүсээд байгаа юм. Гэхдээ энэ асуудлыг Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхантай тохиролцож, шийдвэрлэсэн. Ингээд им­пор-т­олж байгаа нийт дизель түлш­ний 50 хувийг “Петровис” ком­панид өгч, үүгээрээ дамжуулаад дизель түлш авах санал ирүүлээгүй, хөн­гөлөлттэй үнээр авч чадахгүй бай­гаа тариаланчдад олгохоор тус ком­панитай ч, холбогдох яамтай нь ч тохирсон.

-Тэгвэл дээрх хүмүүс дизель түл­шээ зах зээ­лийн үнээс хямдаар яаж авах юм бэ?

-Тухайн тариалан эрхлэгчид тариа­лан эрхлэдэг нь үнэн гэсэн тодор­хойлолтыг харьяа газ­­рынхаа даргаас цохуулж аваад хэрэгцээтэй дизель түлшээ “Пет­ровис”-ын шатахуун түгээх стан­цаас хөнгөлөлттэй үнээр авах болол­цоотой.

-Цаг агаарын нөхцөл байд­лаас шалтгаалаад газар тариалангийн ажил нэлээд цалгардах шиг бол­лоо. Тариалалтын ажил улсын хэм­жээнд өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна вэ?

-Өнөөдрийн байдлаар, газар тариа­лангийн ажил улсын хэмжээнд 26 хувьтай байна. Уг нь төлөвлөгөө ёсоор энэ сарын 25 гэхэд тариалалтын ажлыг дуусгах ёстой байсан ч цаг агаарын байдлаас болж нэлээд хойшилсон. Гэхдээ ургац хураалтад ямар нэгэн хүндрэл үүсч болзошгүй нөхцөл байдлыг харгалзаад  ирэх сарын 1 гэхэд тариалалтын ажлыг дуусгах чиглэл өгөөд ажиллаж байна.

-Төлөвлөсөн хугацаандаа та­риалалт хийж амжих уу. Тариалалт хийсэн байдлаараа хамгийн сайн болон муу үзүү­лэлттэй ямар аймгууд байна вэ?

-Одоогийн байдлаар Булган аймагт тариалалтын ажил нэлээд сайн байгаа. Харин Төв, Сэлэнгэ аймагт цаг агаарын хүндрэлээс болж тариалалт хой­шилсон учир харьцангуй тааруу байна. Гэхдээ төлөвлөсөн хугацаандаа амжиж тариалалтыг хийх бололцоотой. Учир нь компани, аж ахуй нэгжүүд 24 цагаар ажиллаж байгаа мэдээ ирж байна.

-Үр хүрэлцээтэй байгаа юу?

-Энэ жил бид гаднаас үр аваагүй. Дотооддоо хан­галт­тай бэлтгэсэн бай­сан. Үрийн ши­­нэчлэлийг сүү­­лийн хоёр, гур­ван жилд сайн хий­сэн учир үр хангалттай байсан юм. Энэ жилийн тариалалтын ажилд үр дутах бус ха­рин ч илүү гарч үлдэх урьдчилсан тооцоо гарч байна.

-Жил бүр л ургац хадгалах агуулах савны асуудал хүндрэл үүсгэдэг. Энэ жил ийм асуудал гаргахгүйн тулд ямар ажил хийж байна вэ?

-Сүүлийн үед үр, тарианы агуулахын асуудлыг шийдэхээр эрчимтэй ажиллаж байгаа. Тухайлбал энэ жилийн ургацыг Угтаалын сан­гийн аж ахуйн агуулахад хадгалахаар бол­сон. Агуулахад засвар, үйл­чил­гээ хийх сан­хүүжилтийг шийдсэн. Энэ агуулах нь их хэм­жээгээр үр тариа хадгалах хүчин чадалтай юм. Үүнээс гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуу­лан ургац хадгалах  100, 150, 300 тон­нын багтаамжтай савуудыг хөнгөлөлттэй үнээр тариаланчдад худалдаж байгаа.

Р.САРАНГОО

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж