“Хэнд эрх мэдэл буй түүнд хилэнц буй”-г сүүлийн 20 жил амь амьдрал, ажил үйлсээрээ нотлон харуулж Монголын нийгмийг өнөөдрийн ёс суртахуун, эдийн засаг, улстөрийн гүн хямралд оруулахад гол үүргийг гүйцэтгэлцсэн нөхөд цэнхэр дэлгэцээр гэрийн хойморт заларч ёс суртахуун, шударга ёсны талаар чалчдаг болов.
Юун талаар бичиж байгааг уншигчид сайн мэдэж байгаа. “100 чухал сэдэв-Ёс зүй” нэвтрүүлгээр ихэнх нь УИХ-ын ёс зүйн хороогоор орж, Монголын төрд байх эсэхээ шүүлгэж явсан хамгийн үл бүтэх, ёс суртахууны наад захын үнэлэмж, шударга иргэний үнэр ч байхгүй нөхөд тэртэй тэргүй өдрөөс өдөрт булингартаж буй Монголын нийгэмд ёс зүй заах гэж оролдох нь хэнийг басамжилж, доромжилж буй юм бол.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаа, зохиомжийг бусдаас хуулбарласан гэх хөтлөгч П.Анужин нэвтрүүлгээ эхлэхдээ “Хэрцгий бүдүүлэг бусдын үйлийг үзэгчид, Хэзээ ч хэлснээ биелүүлдэггүй худал яригч чалчигчид, Үргэлж өөрийн арьсыг хамгаалж буруугаа үл хүлээгчид, Цаг хугацааг өөрсдийн хүслээр залгигчид” хэмээн өөрийнх нь нэвтрүүлэгт оролцож, ёс зүйн талаар бурагчдыг товчхон дүгнэчихэж байгаа юм.
Энэ нэвтрүүлгийн нэг гол дүрийн жүжигчнээр өөрийгөө философич хэмээн бат итгэсэн улстөр судлаач гэх С.Молор”Эрдэнийг сонгож авсан бололтой юм. Жинхэнэ холион бантан хутгагч, зарим үед юу ярьж байгаагаа ойлгодог болов уу гэж бодогддог нөгөөх нь “Би бол ёс зүй этикийн мэргэжилтэн хүн. Уг нь Монголын төр намайг хажуудаа авч этикийн мэргэжилтнээр ажиллуулах ёстой юм. Хууль өөрөө этиктэй байж гэмээнэ Үндсэн хуулийн цэц нь Монголын этикийн цэц байх ёстой юм” гэж ирээд л авч өгнө лээ. Гадаадад тэнэж тэнэж ирээд Н.Энхбаярын бөөрөнд нэг хэсэг наалдаж Монголын улстөрд шургалах гээд бараагүй энэ нөхрийг монголчууд одоо хэнээс ч дутуугүй мэддэг болсон. Гэхдээ түүний “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” шиг яриа сүйдтэй хөнөөл тарьж, өөрөө ч саяын нэвтрүүлэгт хамтран жүжиглэсэн их гарын хулгайч нар шиг Монголын ард түмэнд тэгтлээ нүгэл үйлдээгүй нь түүнийг бусдаас нь жаахан ч гэсэн ялгаж байна лээ.
Өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар Монгол Улсын мах, гурил, архины зах зээлд эзэн сууж, бидний хамгийн сайн мэдэх “Мах импекс”, “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”-ийг авсан УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ нэвтрүүлгийг санхүүжүүлж, өөрөө гол дүрд нь тоглодог гэдгийг захын бацаан хэлээд өгнө. Х.Баттулга 1999 онд “Мах импекс” компанийн хувьцааг худалдаж авахдаа Төрийн өмчийн хороотой хуйвалдаж, цагаандаа гарсан дээрэм хийснийг гэрчлэх шарлаж амжаагүй хэвлэлийн баримт одоо ч дүүрэн бий. Тухайн үед Төрийн өмчийн хороог толгойлж байсан УИХ-ын дарга З.Энхболд нэвтрүүлгийн төгсгөлд “Улстөрчид буруутай үйлдэлдээ уучлалт гуйх ёстой” гэж хэлээд зогсож харагдсан.
Харин сонгогчдын сэтгэхүйгээр тоглох ухаанд шамдан суралцаж яваа Х.Баттулга “Ёс зүйгээ тодорхойлоод ярих хүн ховордчихлоо. Би өөрөө ч ёс зүйтэй хүн биш л дээ” гэж хэлсэн нь Шинэ төмөр замын далан барих нэрээр зүүн зүгт 40 сая ам. доллараар овоолсон шороо босгож, одоо тэр нь хэнд ч, юунд ч хэрэггүй хог болсны төлөө хэлж байгаа “ёс зүй” байж болох талтай.
Тэгвэл бас л улстөрийн томоохон хор найруулагч, Төрийн ордонд бусдыг цохиж унагадаг МАН-ын “Улаан хамгаалагч” У.Хүрэлсүх “Зарим хариуцлагатай ёс зүй ямар нэг албадлагаар илэрч болно” гэсэн нь “Үгэнд орохгүй бол Г.Баярсайхан мэтийг цохиж унагах хэрэгтэй” гэсэн үг болж сонсогдож байгаа юм.
Харин “Хятадын Монгол” шуугиант хэргийн эзэн, С.Баярцогт “Ёс зүйн хувьд моральный компас нь зааж чадахаа болиод эвдрээд байна. Оюутолгойн гэрээний хувьд 30-40 жилийн дараа намайг ямар гэрээ хийлцсэнийг хүмүүс ойлгох болно” гэх ухааны юм яриад сууж байсан. С.Баярцогтын ёс суртахуун, шударга чигчийн талаар энд олон зүйл нурших нь цаг, цаасны гарз учир бичих ямар ч сонирхолгүй болчихож байна.
Улаанбаатар хотын захирагч, улсын баатар Э.Бат-Үүл “Өнөөдөр нийгмийг улстөрчид л бохирдуулж байна Ёс зүйн хамаг хог хаягдлыг улстөрчид гаргаж байна.Чи өөрийнхөө хийсэн гэм нүглийг ойлгож түүнийгээ засч залруулахаар шамдан ажиллаж байгаа бол нийгмийн зүгээс уучлал хүлээж өршөөгддөг хэлбэрийг бий болгох ёстой. Харин тэгэхгүй гүрийх юм бол бүх зүйл чинь хүндэрнэ” гээд сууж байгаа нь С.Зоригийн аллагын үеэр тэднийд малгайгаа мартсан нүглээ сүүлийн хоёр жил Улаанбаатар хотын захирагчаар хичээл зүтгэлтэй ажиллаж цайруулж байгаагаа шулуухан хэлчихсэн үг гэж ойлгогдож байна лээ.
Гэхдээ тэр нэвтрүүлэгт дандаа улстөрийн хор хутгагчид оролцоогүй. Тэдний нэг өмгөөлөгч С.Нарангэрэл “Хүн хууль дээдлэх ёсгүй. Харин бид шударга ёсыг л дээдлэх учиртай. Хэрвээ маш өндөр ёс суртахуунтай бол хууль хэрэггүй. Хууль зөрчихгүй юм чинь хуулиар яах юм” гэж хэлсэн нь өөрсдөдөө зориулан хууль зохион баталж суудаг эрхэм гишүүдэд зориулагдсан нь тодорхой. Оролцогчдод нь хэтэрхий худлаа яриад байгаад санаа нь зовсон хөтлөгч П.Анужин “Зигмунд Фрейд хүн өөрт байдаггүй юм аа ярьдаг гэж томьёолсон.
Улстөрчдөд ёс суртахуун, этик, мораль гээч зүйл ердөө байдаггүй. Харин байхгүй юм аа яриад эхлэхээр үзэгчид сувгаа солих л байх даа. Энэ үнэнийг хоёулаа яаж давах вэ” гэвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга “Зигмунд гуай л тэгж хэлсэн бол үнэн л дээ. Ер нь ч давахгүй л дээ” гэж байгаа нь энэ нэвтрүүлэг, түүнд оролцогчдод өгөх үзэгчдийн үнэлгээ болсон гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Гадаад байдлаараа бус, дотоод ёс зүйгээрээ үзэгчдийн сонирхол, анхаарлыг эрхгүй татдаг улстөрийн тоймч Ш.Гантулга “Нийгмийн ёс зүйг цэвэрлэж, шударга ёсыг тогтоох ганцхан арга зам байдаг. Энэ бол тухайн ард түмний эрэлхэг зоригоос л хамаардаг. Тэгэхээр монголчууд эрслэн босоод тэр өөдгүй хүмүүсийг шийтгэх хэрэгтэй” гэсэн нь ёстой л загатнасан газар маажих шиг болж байгаа юм. Жинхэнэ ёс зүй, шударга ёс, хүн чанарын талаар ярилцах гэж байгаа бол хөтлөгч П.Анужин хойшид ийм л эгэл жирийн, чин үнэнч хүмүүсийг ангуучилж, Х.Баттулга гишүүн ч тийм нэвтрүүлгийг санхүүжүүлж байвал Монголын нийгэмд үзүүлэх жинхэнэ буян, одоо цагт ус агаар мэт хэрэгтэй “ёс зүй” чинь тэр л болно.
Чингисийн талбайн баруун талд миний мэдэхийн л сүүлийн таван жил гутал тосолж суугаа залуу “Хулгай хар мөртэй” гэж хэлээд гутлын тосонд халтартсан гараа үрээд сууж байхыг харсан үзэгчид алгаа хорстол ташсан нь тодорхой.
Хойшид Монголын нийгмийг хамгийн ихээр бохирлож, эдийн засгийн хямралаа улстөрийн гүн гүнзгий хямралаар сольж, засгаа ч байгуулж чадахгүй сууцгааж байгаа хулгайч, луйварчин, дээрэмчин улстөрчидтэй ёс зүй, шударга ёсны талаар ярилцахгүй байвал тэр чинь л жинхэнэ ёс зүй, шударга ёс болно шүү эрхэм нэвтрүүлэгчид ээ.
Өглөөний сонин
Д.Түвшин