Путин, Порошенко нар нүүр тулж уулзана

Хуучирсан мэдээ: 2014.10.17-нд нийтлэгдсэн

Путин, Порошенко нар нүүр тулж уулзана

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко нар Минск хотноо өнгөрсөн наймдугаар сарын 26-нд

 

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко нар өнөөдөр /Х.17/ Милан хотноо нүүр тулж уулзах гэнэ. Тэд энэ уулзалтаар Донбасст энхийг тогтоох болон байгалийн хий нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэх юм. Ази-Европын орнуудын чуулганы зүгээс Украин, ОХУ-ын төрийн тэргүүнүүдэд асуудлаа шийдвэрлэхэд нь зориулан тусгайлан уулзалт төлөвлөсөн аж. Энэ уулзалтаар хоёр тал байгалийн хийн асуудлыг нааштай шийдвэрлэж чадна хэмээн Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко найдаж буй юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /Х.16/ “Хэрэв Украин хэрэгцээгээ хангах зорилгоор Европ руу татсан хийн хоолойнуудаас байгалийн хий хумсалвал ЕХ руу нийлүүлэлтээ багасгана” хэмээн анхааруулжээ. ОХУ-аас Европ руу  байгалийн хий нийлүүлдэг хоолойнуудын бараг тал хувь нь Украины нутаг дэвсгэрээр дайрдаг аж. Герман улс нь ОХУ-аас байгалийн хий экспортлодог Европын хамгийн том худалдан авагч юм. Герман улс жилд ОХУ-аас экспортлосон байгалийн хийн төлбөрт 15 тэрбум орчим ам.доллларыг зарцуулдаг байна.

 

Үүний зэрэгцээ Украины зүүн хэсгийн Донбасст өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн Киевийн Засгийн газар болон Оросыг дэмжигч босогчдын хооронд зөрчил мөргөлдөөний улмаас 3600 гаруй хүн амь үрэгдээд буй юм. Хэдийгээр талууд өнгөрсөн есдүгээр сарын эхээр Донбасст гал зогсоох гэрээ байгуулсан ч бүрэн гүйцэт үйлчилж чадахгүй байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж