-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ өнгөрсөн оны зургадугаар сард баталсан. Тэр даруйд ажил эхэлсэн шүү дээ. Зөвлөх компаниа ч шалгаруулсан. Зөвлөхүүд маань ажлаа хийж байна. Манайхан зөвхөн газар ухахыг л ажил гэж ойлгоод байх шиг байна. Үнэндээ өнгөрсөн оны наймдугаар сараас бичиг цаасны ажил эхэлсэн. Боловсруулалтаа хийсний үндсэн дээр төмөр замын суурь бүтцийг байгуулах учиртай. Эхний ээлжинд ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар барихаар тусгасан. Эхний үе шатанд гүйцэтгэх Сайншанд-Даланзадгад, Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил хагас сарын өмнө эхэлсэн. Бүтээн байгуулалт ид өрнөж байна. Удахгүй Хөөт-Чойбалсангийн чиглэлд 150 км төмөр зам барих ажил эхэлнэ.
-Санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдэж байна вэ?
-Зөвлөхүүдийн ажил ирэх наймдугаар сард дуусах төлөвтэй байгаа. Ер нь хөрөнгө мөнгө хамгийн тулгамдсан асуудал болж байна. Гэхдээ бид хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтыг хүлээлгүй өөрсдийн нөөц бололцоог дайчилж, цаг алдалгүй ажлаа урагшлуулахыг зорьж байгаа. Саяхан Хөгжлийн банкийг албан ёсоор байгуулж, үйл ажиллагаа нь эхэлсэн. Тус банкнаас 800 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана. Энэ мөнгөний тодорхой хувийг төмөр замын бүтээн байгуулалтад зориулна. Харин хөрөнгө оруулагчид тодорсон тохиолдолд ажил жигдрэх байх. Үүнээс гадна боловсон хүчин бэлтгэх тал дээр нэлээд анхаарал хандуулж байна. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам”-ын дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд олон мэргэжилтэн сургаж байгаа.
Тэрбээр ийм хариулт өгөв. Төмөр замын бодлогын дэд зөвлөл анхны хурлаараа шинэ төмөр зам тавихад шаардлагатай хөрөнгө мөнгөний тодорхой хувийг дотоод эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлэх талаар ярилцахаар шийджээ. Засгийн газар эхний ээлжинд хөрөнгө гаргах зарим эх үүсвэрийг тодорхойлоод байгаа. Үүний нэг нь Хөгжлийн банкнаас гаргах бонд гэдэг нь тодорхой болсон. Мөн хоёр дахь нь “Монголын төмөр зам” компанийн 49 хувийг хувьчилж, хөрөнгө босгох гарц юм. Үүнээс гадна Тавантолгойн тендерт оролцож буй компаниуд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд өөрсдөө хөрөнгө гаргах гэсэн хувилбар ч бий. Гэхдээ эдгээр хувилбар нь одоохондоо хэт ерөнхий байна. Тиймээс энэ бүхнийг илүү тодорхой болгож, нарийвчлах шаардлагатай аж. Тухайлбал, нэг км төмөр зам барихад шаардлагатай хөрөнгийн хэмжээг албан ёсоор тодорхойлоогүй байна. Гэхдээ “Өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр тооцож үзвэл нэг км төмөр замыг ойролцоогоор 2-2.5 сая ам.доллараар барих бололцоотой. Ирэх долдугаар сард зам тавих нарийвчилсан үнэлгээг гаргачихсан байна” хэмээн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга хэлж байсан.
Хэдийгээр шинэ төмөр зам барих ажлын гол хөрөнгө оруулагчид одоохондоо тодроогүй боловч эхний ээлжинд гүйцэтгэх ажлыг дотоодын компаниуд бололцооны хэрээр хийж байна. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Дорнын төмөр зам”, “Транс Кон” зэрэг компани үндсэн хоёр чиглэлд ажиллаж байгаа бол дөрөв дэх компани удахгүй Баруун-Уртаас ажлаа эхлэх юм. Шат, шатны ажлыг тухай бүрт нь хариуцлагатай гүйцэтгэвэл шинэ төмөр зам барих ажилд тийм ч их хүндрэл гарахгүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд болон холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Бусад орны туршлагаас харвал, Казахстан, Туркменстан зэрэг улс сүүлийн хоёр жилийн хугацаанд 900 км төмөр зам барьж байгуулсан жишээ бий. Манай улсын хувьд цаг уурын онцлогоос хамаарч тодорхой хүндрэл гарч, цаг хугацаа алдаж болзошгүй ч ажлын хуваарилалт, үе шатыг зөв зохион байгуулбал дээрх хугацаанд эхний ээлжийн 1100 км замаа барьчих боломжтой юм байна. Дараа, дараагийн зам барих төслийн ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэх компанийг шалгаруулах ажил энэ оны сүүлчээр эхлэх аж.
УИХ-ын гишүүн Р.Рашаас шинэ төмөр замын талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Шинэ төмөр замын ажлын явцыг та хэрхэн үнэлэх вэ?
-Бүх ажил ном журмынхаа дагуу эхэлсэн. Гэхдээ жинхэнэ том ажил хэрхэн өрнөх нь бэл бэнчингээс их хамаарна. Санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.
-Энэ ажилд гадны олон компани оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Таныхаар аль улсын технологи манайд илүү тохирох бол?
-Би Өмнөд Солонгосын төмөр замын технологитой биечлэн танилцаж байсан. Энэ салбартаа шинжлэх ухаан, техникийн том дэвшил хийсэн улс. Дэлхийд эхний тавд орж байгаа. Тэд манай улсын төмөр замын бүтээн байгуулалтад оролцох хүсэлтээ илэрхийлсэн. Мөн Германы тал ч их сонирхож байгаа. Энэ улсын технологи Европт өндөр үнэлэгддэг. ОХУ-ын технологи мөн л шилдэгт тооцогдоно. Гэхдээ эцсийн дүндээ шалгаруулалт бол шалгаруулалт. Судалж байгаад сайн технологи дундаас шилдгийг нь л сонгох учиртай.