Их гүрнүүдийн дэлхийд ноёрхлоо тогтоох өрсөлдөөний золиос болсон Солонгос үндэстэн нэгэн жаран өнгөрсөн ч нэгдэж чадахгүй байсаар. Энэ хооронд Солонгосын хойгийн хойд хэсэг дэх нууцлаг хаалттай улсыг удирдагч гурвантаа үе залгамжлан солигджээ. Коммунист үзлийг хэт шүтэгч Ким Ир Сений ЗХУ-ын дэмжлэгтэй үүсгэн байгуулсан Хойд Солонгосыг өдгөө түүний ач Ким Чен Ун удирдаж байна. Харин АНУ-ын хараан дор капиталист эдийн засаг, ардчилсан дэглэмээр замнасан Өмнөд Солонгосын төрийн тэргүүнээр түүхэндээ анх удаа эмэгтэй хүн ажиллаж байна. Магадгүй энэ бол хоёр Солонгос нэгдэхэд том дэвшил гарах таатай үе байж болох юм.
Хоёр Солонгосын өндөр дээд албаныхан нэгдэх талаар өнгөрсөн хугацаанд бишгүй ярьж, хэд хэдэн удаа уулзаж, хэлэлцсэн. Гэвч тэс өөр үзэл бодолд хүлэгдсэн тэд хэрхэн нэгдэх арга замаа олж чадахгүй байсаар. Түүнчлэн он жил өнгөрөх тусам хурдацтай хөгжиж буй Өмнөд Солонгосын иргэдийн амьдрал Хойдынхоос эрс ялгаатай болж байна. Хоёр Солонгосын эдийн засгийн хөгжил, орлогын эрс ялгаатай байгаа нь гол асуудал болжээ. Хоёр Солонгос нэгдэх болбол Өмнөдүүд Хойдын өлсгөлөн ардыг тэжээх болох юм. Умард Солонгосын хүн ам тутамд ногдох орлого Өмнөд Солонгосынхоос 15 дахин бага.
Хойд Солонгос нэгдэх асуудлыг үргэлж Өмнөдөөс санхүүгийн тусламж, дэмжлэг авах эсвэл хилийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор ашиглаж ирсэн. Харин сүүлийн үед хоёр Солонгосыг нэгтгэх яриа хэлцэлд Хойдууд илүү нухацтай хандах болжээ. НҮБ-ын 69 дэх удаагийн чуулганы үеэр өнгөрсөн есдүгээр сард БНАСАУ-ын төлөөлөгч Ли Сун-ён “Хоёр Солонгосын нэгдэл нь улс төрийн өөр өөр тогтолцооны сөргөлдөөний замаар бус харин нэг улсын дотор төрийн хоёр байгуулал зэрэгцэн орших буюу холбоот улс байх томьёоллоор нэгтгэх ёстой” гэж мэдэгдсэн юм. Энэ нь аль нэг дэглэм дангаар захирах биш харилцан эрх тэгш, уян хатан байдлыг эрэлхийлж буйн илрэл аж. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе өнгөрсөн есдүгээр сард “Бид Хойд Солонгостой энх тайвны хэлэлцээр хийхэд бэлэн байна” хэмээн мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ хоёр Солонгосын цэргийнхэн генералын түвшинд лхагва гаригт /Х.15/ хилийн зэвсэггүй бүсэд уулзалт хийлээ. Уулзалтанд Хойд Солонгосын Тагнуулын Ерөнхий газрын дарга, Генерал Ким Ён-чол, Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны Төлөвлөлт, зохицуулалтын дарга, Генерал Рю Же Сионг нар оролцсон аж. Хоёр орны цэргийн генералуудын уулзалт одоогоос долоон жилийн өмнө болж байжээ. Хоёр Солонгосын тэргүүнүүд 2000 онд анх удаагаа албан ёсны дээд хэмжээний уулзалт хийж байсан аж.
ЗХУ, АНУ-ын ашиг сонирхлоос үүдсэн Солонгос үндэстний хуваагдал хойгт гурван жил үргэлжилсэн дайнаас эхтэй. Олон сая хүний амийг зольсон дайнаас хойш одоо болтол хоёр Солонгос энх тайвны гэрээ байгуулалгүй явж ирсэн юм. Нэгэнт энх тайвны гэрээ байгуулаагүй тул хоёр Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй байгаа аж.