Узбекстаны нийслэл Ташкент хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн өчигдөр/10,16/ эхэллээ. Рио де Жанейрогийн олимпийн эрхийн оноо олгох тус тэмцээнд 42 орны эрэгтэй 142, эмэгтэй 140 нийт 282 тамирчин өрсөлдөж байна. "Ташкент Гранпри-2014" тэмцээнд манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй дөрвөн бөх оролцож байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр/10.16/ манай жүдочдоос нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Амартүвшин алт, 66 кг-д ОУХМ Д.Алтансүх, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ А.Цолмон нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Г.Отгонцэцэг нар хүрэл медаль медаль хүртэв.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан болно. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа нар барилдах юм.
Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 13.00-с эхлэх бол шигшээ барилдаан 20.00 цагаас эхэлнэ.
Ч.БОЛОР